Т.Бадамжунай, Т.Гантулга нарын луйврыг Засгийн газар өөгшүүллээ

Өвөлжилтийн бэлтгэл, малын өвс тэжээл, нөө­цийн мах бэлтгэл гээд  Хүнс хөдөө аж ахуй, хөн­гөн үйлдвэрийн яамны өмнө цаг үеийн асуудал тулгамдаж байна. Гэсэн ч намар хураасан тариагаа  өнөөг хүртэл хааш нь  бор­луулахаа шийдэж   чадаа­гүй Т.Бадамжунай сайд “Урд хормойгоо авч хой­до­хоо нөхөв” гэгчээр  урагш­гүйтэж сууна. Зас­гийн газар нь ч адил.  Эцэст нь “Улаан буу­дайн гаа­лын татварыг нэ­мэг­­дүүлж өгнө үү” гэж  Ерөн­хий сайдын хормой­ноос гувшаа хурга шиг зүүгд­сээр “Импор­тын ба­рааны гаалийн ал­бан тат­варын хувь хэмжээ батлах тухай УИХ-ын 27 дугаар тогтоо­лын хавсрал­тад өөрч­лөлт оруулах ту­хай”  тогтоолын төслийг оруул­сан.

Дотоо­дын газар та­риа­лан эрх­лэг­чид болон гурил үйлд­вэрлэгчдийг татварын бод­логоор дэм­жиж байгаа нь энэ юм байх. Импор­тын улаан буудайн татва­рыг нэмэг­дүү­лэхээр дээрх хуулийн төслийг боловс­руулсан гэнэ лээ. Үүний тулд хатуу болон зөөлөн улаан буу­дайн тат­варыг 15-20 хувь, Дэлхийн ху­дал­дааны бай­гуул­лагын гишүүн бус ор­ноос импор­толсон улаан буудайн тат­варыг 40 хувь болгохоор төсөлд тусгасан байгаа юм. Уг нь энэ салбарыг ингэж хүчээр бус зах зээ­лийнх нь жамаар хөгжүү­лэх учиртай. Энэ өнцгөөс асуудалд хандаж байгаа хүн УИХ-ын гишүүн Ж.Энх­­баяр, Н.Ганбямба нараас эхлээд УИХ-д цөөн­­гүй бий. Тухайлбал, З.Энхболд “Айлд нэг эрх хүүхэд байдаг шиг улсаас хамгийн их татаас авдаг нь энэ салбар. Атрын аяны мөнгө, бас их тусламж авдаг. Үр дүн нь ямар байдаг юм. Монгол Улсад ийм том хэм­жээ­ний тус­ламж авдаг өөр сал­бар ер нь байхгүй.

Өнөө жил их сайн ургац авсан гэж бай­на. Тэгвэл Монголын хэ­рэглэгчид яахаараа үнэ­тэй гурил идэх ёстой юм бэ, хэдэн зуун тэрбумаар дэмж­­сэ­ний дараа шүү дээ. Хэзээ бие даах вэ, ирэх жил та нөхөд бас гаалийн тат­вар ярих уу, эрхэлдэг бай­дал чинь дуусах бо­лоогүй юу” хэмээн чуул­га­ны тан­химд ил тод шүүм­жилс­нийг олон хүн сонс­сон. Гэтэл ичих булчир­хайгүй “Эрх хүүхэд”-үүд хошуу­гаа унжуулсаар ямар ч байсан гаалийн татварыг нэмэгдүүлэх, тэр дотроо улмаар улаан буу­дайн тат­ва­рыг 40 хувь бол­гохоор хуулийн төсөлд тусгуулж чад­лаа.

Ингэхэд З.Энх­болд гишүүний асууж бай­гаачлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд байх ёстой Атрын аяны мөнгө хаана байна гэдгийг Зас­гийн газар ч асуух ёстой. Ам ан­гайх­гүй байгааг бод­вол “Атрын III аян”-аас олсон мөнгөөр экс Ерөн­хий сайд С.Баярт Гоодойн аманд хаус барьж өгөөд, зөвхөн төв рүү холбосон замд л  гэхэд 100 тэрбумыг зар­цуулсан гэсэн мэдээ­лэл ор­той бололтой. Атрын аян, тариаланчдын ажлын үр шим ийм байдалтай хэрэгжиж бай­гаа. Лавш­руулаад харвал  бүр ч содон дүр зураг хараг­дана. Ту­хайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2009 онд зарла­сан тариа хураалтын комбайн нийлүүлэх тендер гэхэд л 36 комбайны нэг бүрийг нь 147 сая төгрө­гөөр үнэлж шахсан байдаг. Гэтэл тэр­хүү комбайныг өмнөд хөр­шийн хойд му­жаас ма­найд нэг бүрийг нь 89  сая төгрөгөөр оруу­лаад ирэх боломжтой гэж байгаа.

Ашиг олох тусмаа давар­сан салбарын яам­ны­хан 2010 оны улсын төсөвт нэмж 29 комбайн авах дөрвөн тэрбум төгрө­гийг суулгуулсан удаатай. Ийм өндөр үнэ­тэй комбайныг тариалан­чид авч чадахгүй, тэдний нэ­рийг барьж хэн ашиг ол­сон нь ч ойлгомж­той. Эрх бүхий сайд, дарга нар нэг хара­хад хөдөө аж ахуйг өөд татах гээд байх  шиг. Тэг­сэн атлаа өвдөг шороо­дуулж түрийв­чээ түнтийлгэх зорилго­той ч юм шиг. Илэрхий хараг­даад байгаа учраас Т.Ба­дам­­жу­най сайдыг Бадам­шунал, уутач, уургачийг нь хийж байгаа Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантул­гыг Гансейф гэж нэрлэвэл  илүү тохирох ч юм шиг. 1990-ээд онд шуу­гиулж байсан 90 саяын Гансүх шиг 100 саяын Т.Гантулга гэж тун удахгүй нэрээ дуурсгах юм биш байгаа.

Үр тариаг үнэгүйдүүл­сэн өөр нэг асуудал бол саваа бэлдээгүй байж саа­лиа хураасан явдал. “Са­наа бүү зов, сав хан­галт­тай бий. Зөвхөн урга­цаа сайн ав, хураагаад бай” гэж  Т.Бадамжунай сайд үтрэмийн талбай хэсч, өөрийгөө суртал­чилж явах­даа хэлсэн нь өнөөдөр хэвлэлийн хуу­дас­наа ду­райж байна. Энэ ажлын угтал болгож үрийн зо­риулалттай савны тен­дерийг Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга өнгөрсөн жилээс зохион байгуулсан. Нэг тэрбум 800 сая төгрөгийг төсөвт өртөгтэй “Үрийн зориу­лалт­тай босоо төмөр агуу­лах” худалдаж авах тендер гээчийг зарлаж зургаан компани оролцсо­ноос  хам­­гийн өндөр үнийн са­нал өгсөн найз “Гацуурт”-ын Л.Чинбатдаа эрх өг­чихсөн байдаг. Ту­хайлбал, “Би Би И” ХХК нэг 1.6 тэрбум, “Дорнод гурил” ХХК нэг тэрбум 790 сая, “Өлзий төв” ХХК 1.8 тэр­бум, “Төмөр транс” ХХК 1.9 тэрбум, “М-Ти-Эс” ХХК нэг тэрбум 815 сая, “Гацуурт” ХХК нэг тэрбум 866 сая төгрөгийн үнийн  санал тус,тус ирүүлсэн байсан. Үүнээс үзэхэд “Гацуурт” болон хамгийн бага үнийн са­налтай ком­панийн хоо­ронд 267 сая төгрөгийн үнийн зөрүү гарч байгаа биз. Наад зах нь 2-3 сумын бүтэн жи­лийн төсөвтэй дүйцэх хэм­жээний мөнгө гэдгийг эдийн засагчид хэлнэ. Тэр мөнгө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжин хаашаа урсч бай­гааг асуух цаг болжээ.

Л.ХЭРЛЭН zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих