С.Эрдэнэ: Би барьсан гэрээ хаяад зугтаахаар арчаагүй гэрийн эзэн биш
УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Чухал яриа” буландаа урьж ярилцлаа. Эл эрхмийг таньдаг хүмүүс их шударга хэмээн тодорхойлдог ч зарим нь ихээ дураараа этгээд гэж дүгнэх нь бий. Энэ удаа түүнтэй цаг үеий асуудлаар болон сүүлийн үед АН-д газар авсан намын хагарлаас үүдэн өрх тусгаарлах гэж буй шум үнэн эсэх талаар ярилцсан юм.
-Та нийслэлийн унаган хүүхэд. Өнөөдөр Улаанбаатарт Монгол Улсын нийт хүн амын 60 орчим хувь нь аж төрдөг ч бүгд л төрсөн нутгаа буюу хөдөөгөө гэх сэтгэлтэй. Заримдаа монголчуудынхаа ихэнх хувийг өөртөө агуулсан ч Улаанбаатар маань эзэнгүйдэж хүнийрхүү хөдөөгийнхнөөс болж гундаад байна уу гэж сэтгэл эмзэглэдэг. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Нийслэл хотоо нэг талаас харахад хувийн хэвшлийн хөрөнгөөр өргөжиж, өдөр өнжихгйү шахам өндөр өндөр байшин баригдаж байна. Тэр утгаараа хот маань огт хөгжихгүй биш хөгжиж л байна. Гэхдээ орчин үеийн хотын шинж төрхийг хадгалж чадаж байна уу гэвэл бас үгүй. Өнөөдөр төрөөс Улаанбаатар хотод ямар хөрөнгө оруулалт хийж байгаа юм бэ. Яахав, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч өнөөгийн хотын төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа төсвөөс өгч буй мөнгийг үр ашигтай зарцуулах, зөв бодлого явуулах тал дээр хангалтгүй байх шиг санагддаг. Ний нуугүй хэлэхэд нийслэл маань хог шороондоо дарагдаж, хүрээлэн байгаа орчин нь бохирдсон.
Хотын маань гол имиж болох Туул гол маань сүйдэхийн даваан дээр оччихсон, байгаль орчны тал дээр маш их эрсдэл дагуулсан тийм л хот болчихож. Нөгөөтэйгүүр төсвийн урсгал зарцуулалт, хөрөнгө оруулалт болон хуваарилиалт дэндүү шударга бус байдаг. Хүн амын 50 хүрэхгүй хувь нь аж төрдөг хөдөө орон нутаг руу төсвийн хөрөнгөний 70-80 орчим хувь нь явдаг. Тэгсэн атлаа хүн амын 60 орчим хувь нь амьдарч буй нийслэлд төсвийн 20-30 хувь нь л оногддогоос харахад төсвийн хуваарилалт, бодлого менежмент, төрөөс иргэддээ анхаарах хандлага буруу байгаа нь илэрхий байгаа юм. Хамгийн наад зах нь төрийн эрх барих дэдэ байгууллага болох УИХ-д Улаанбаатарыг төлөөлж 20-н гишүүн л суудаг. Үлдсэн 56 нь хөдөө орон нутгийг төлөөлдөг. Аль ч талаас нь харсан төрийн төлөөлөл нийслэл хотын хэмжээнд хэтэрхий цөөхөн байгаа юм. Тиймдээ ч нийслэл хотын талаар явуулах ажил олигтой үр дүнд хүрдэггүй. Энэ бүхэн эцсийн эцэст нийслэлийн ирээдүйг харсан төрийн гэхүйц бодлого байхгүйгийн л нотолгоо.
-Манай улсын эдийн засгийн чадвар илт нэмэгдэж байгаа ч ажлын байр, ядуурал нэмэгдсээр л байна. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Бид баялаг, уул уурхайг хэт шүтэж байна. Тэр ч утгаараа уул уурхай, ашигт малтмалын салбараас олсон орлого дээр тулгуурласан хөгжлийн бодлого ярьдаг болчихож. Уг нь бол уул уурхайгаас олсон орлогоо бусад салбараа хөгжүүлэхэд зарцуулахад бодлогоо чиглүүлэх ёстой. Тэгж чадах юм бол ажлын байр олноор бий болж, Монгол Улсын тогтвортой хөгжлийг бий болгож болно. Гэтэл өнөөдөр бүх зүйл эсрэгээрээ байна. Ингэж болохгүй. Хөдөө аж ахуйгаа сэргээе л дээ. Ашигт малтмал бол хэзээ нэгэн цагт дуусна, нөхөн сэргээгддэггүй баялаг. Харин нөгөөх нь хэзээ ч дуусдаггүй л байхгүй юу. Мөнхийн ажлын байр, орлого тэнд л байдаг юм.
Тийм ч учраас бусад салбараа хөгжүүлэх асуудалд төрийн бодлого чиглэхгүй байгаад эмзэглэдэг. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрчихээд байхад яагаад ажлын байр нэмэгдэхгүй байгаа юм бэ… Хамтарсан Засгийн газрын 2008-2010 мөрийн хөтөлбөрт жилд 60 мянгаас доошгүй ажлын байр болгоно гээд заачихсан байгаа. Өөрөөр хэлбэл өнгөрсөн гурван жилд Монголд 180 мянгаас доошгүй ажлын байр шинээр бий болсон байх ёстой. Харамсалтай нь алга. Юун 180 мянга, тэгж ярих юм бол найман мянган ажлын байр ч алга л байна шүү дээ. Оюутолгойд таван мянган Монгол хүн ажиллаж байна гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ 1000 хүрэхгүй л Монгол хүн ажилладаг юм. Тэгсэн атлаа дөрвөөс таван мянган хятад ажиллаж байгаа шүү дээ.
-Сүүлийн үед танай МоАХХ намын удирдлагуудтайгаа таарахаа больж, хамтарсан Засгийн газрыг буруушааж байгаа учраас шиэ нам байгуулж өрх тусгаарлах гэж байгаа тухай сонсогдох болсон. Үнэн үү?
-Нам байгуулах тухай ярих нь бүү хэл, бодоо ч үгүй. Хоёрт, өнөөгийн АН-ыг байгуулсан анхны таван намынх нь нэг намын дарга нь би өөрөө. Өнөөдрийн АН-ын нэр бол миний намын шилжүүлж өгөхдөө хамт шилжүүлсэн манай намын нэр. Тэр утгаараа би өөрийнхөө барьсан гэрийг бусдад үлдээгээд явмааргүй байна. Надад тэгэх бодол алга. Тэр луйварчид нь өөрсдөө зайлдаг юм уу гэхээс би өөрөө юу гэж намаа хүнд өгөх вэ дээ. Барьсан гэрээ хүнд үлдээчихээд өөрөө гарч зугтаадаг гэрийн эзэн байж болохгүй биз дээ. Тийм учраас надад тийм бодол байхгүйг давтаад хэлчихье. Дуртай хүмүүс байдаг юм бол өрх тусгаарлаад өөр гэр бариад явна л биз.
Би л 90—ээд онд улстөрийн хоёр дахь том хүчин бүж гарч ирсэн АН-ыг орхихгүй. Энэ намын нэрийг өгсөн үйлдлээрээ би өөрөөрөө бахархаж явдаг. Би өөрийнхөө бахархлаас салмааргүй байна. Юу ч болж байсан энэ намынхаа төлөө, намаа зөв зүйтэй явуулахын төлөө, дараа дараагийн сонгуульд ялуулахын төлөө зүтгэнэ. Мэдээж энэ нам дотор сайн муу, сайхан муухай янз бүрийн л хүмүүс байгаа. Аяндаа цаг хугацаа хэн нь хэн бэ гэдгийг ялгаж өгөх байлгүй дээ. Хамгийн үнэнч шүүх, үнэнийг тунгаагч бол эцсийн эцэст түүх шүү дээ.
-Түүнээс гадна Оюутолгойн асуудлаар нээлттэй ярилцая гэсэн урилгыг чинь Ерөнхий сайд хүлээж авсангүй. Ирэхгүй байх шалтгаанаа тайлбарласан уу?
-УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын холбогдох албаныхантай уулзаж хоёр толгойн гэрээтэй холбоотой УИХ-ын 57 дугаар тогтоолын тухай харилцан ярилцаж санал бодлоо солилцъё, нөгөөтэйгүүр хүргүүлсэн шаардлагын хариуг хангалтгүй гэж үзэж буй байр сууриа илэрхийлье. Цаашдаа ямар байр сууринаас, ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар ярилцах бодолтой байсан. Харамсалтай нь Ерөнхий сайд ирсэнгүй. Уг нь ойлголцоод явбал төрийн ажил илүү хурдацтай урагшлах ёстой. Нэг нь ойлголцохгүй санал тавиад нөгөө нь гэдийгээд байх нь төрийн ёс зүйд байж болохгүй асуудал. Тэгээд ч Монгол Улс парламентын засаглалтай улс. Хууль тогтоох буюу төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. УИХ-аас гаргасан аливаа хууль тогтоомж, шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гүйцэтгэгч засаглал гэдэг хувиараа үг дуугүй биелүүлэх үүрэгтэй. Ямар нэгэн тайлбар тавих асуудал байж болохгүй. Харамсалтай нь хамтарсан нэртэй Засгийн газар үндсэндээ УИХ-ынхаа дээр гараад суучихсан гэдгийг саяын үйл явдал тод томруун харууллаа.
-ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар 57 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлсэн гэсэн тайлбар өгсөн биз дээ?
-Үгүй дээ. 57 дугаар тогтоол огт хэрэгжээгүй. Тус заалтын нэгд Монголын төрийн эзэмших доод хэмжээг шууд 34 хувиар тогтоо гэсэн байгаа. Гэтэл бид өнөөдөр ч тэр 34 хувиа авч чадаагүй л байгаа шүү дээ. Бид тэр 34 хувийг зээлээр худалдаж авч байгаа. Уг нь бол шууд ав гэсэн. Худалдаж ав гэсэн заалт 57 дугаар тогтоолд байхгүй. Хоёрт, эрхзүйн орчин бий болгох замаар төрийн эзэмших хувь хэмжээг 50-аас доошгүйд хүргэх үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн. Харамсалтай нь өнөөдөр эрхзүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Оюутолгойгоос эзэмших хувь хэмжээг 50 хувьд хүргэх гэсэн заалтыг эсрэгээр нь Засгийн газар анхны хөрөнгө оруулалтыг 30 жилийн дараа нөхөх юм байна гэсэн ойлголтоор гэрээ хийсэн. Бидний хийсэн тооцоогоор өнөөдөр дэлхйин зах зээл дээр зэсийн үнэ, хамгийн доод хэмжээ нь 4700 ам.доллар байлаа гэж үзэхэд 4.8 жилийн дотор одоогийн хөрөнгө оруулалтыг нөхөх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл 4.8 жилийн дараа Монголын төрийн эзэмших хувийг 50 хувь хүргэх боломж байсаар байтал яахаараа 30 жилийн дараа гэсэн гэрээ хийчихээд, тэрнийгээ хамгаалаад байгаа юм бэ. Энэ Засгийн газар Монголын ард түмнийг төлөөлж байгаа юм уу, аль эсвэл гадаадын хөрөнгө хөрөнгө оруулагчдыг төлөөлөөд байгаа юм уу. Ялгаж ойлгох ёстой л байхгүй юу. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр, эд зохион байгуулалттай гэх ч юм уу янз бүрийн хэлбэрээр дайралт хийж л байна. Бид Монголын ард түмний талд зогсож байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын талд зогсоогүй. Харин Засгийн газар өнөөдөр Монголын ард түмний талд байна уу, гадаадын хөрөнгө оруулагчдын талд байна уу гэдгийг ялгаж харах ёстой. Бид Оюутолгойн төслийг зогсоо гэж хэлээгүй, Оюутолгойн хөрөнгө оруулалтыг буцаа, ажлыг зогсоо, гэрээг цуцал гэж шаардаагүй. Гагцхүү Оюутолгойн гэрээнд тусгасан Монголын ард түмэнд ашиггүй байгаа заалтуудыг Монголын ард түмэнд ашигтай болгож өөрчил гэсэн шаардлагыг тавьж байгаа. Монгол төр, Монголын ард түмний эзэмших хувь хэмжээг 50-аас дээш хувьд хүрнэ гэсэн л шаардлага шүү дээ. Тэнд зөвхөн алт байгаа юм биш. Оюутолгойд зэс, газрын ховор элемэнт, мөнгө гээд маш олон, асар өндөр үнэ бүхий ашигт малтмалууд байгаа.
-Хэрвээ Засгийн газар та бүхний шаардлагыг хүлээж авахгүй, галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэсэн байдлаар асуудалд хандвал яах вэ?
-Дараагийнхаа алхмыг хийнэ. Бидэнд олгогдсон бүрэн эрх байгаа. Бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг тавина. Хэн ийм алхам хийж зүрхэлж байгаа юм бэ. Тэр хүнд хариуцлага тооцно.
-Монголчууд дээр дооргүй эх орныхоо ирээдүй, эдийн засгаа уул уурхайд даатгаад байх шиг. Хэтэрхий их хэмжээгээр хавтайруулан бэлэн мөнгө тараах ч гэх юм уу нэг тийм хандлага ажиглагдах болсон гэдэгтэй санал нийлэх үү?
-Би энэний эсрэг бодолтой байдаг. Өнөөдөр төсвийн орлого нэмэгдэж байна. Эдийн засгийн өсөлт 17.3 хүрчихлээ. Энэ бол Засгийн газар, Монгол Улс мундаг ажиллаж, төр зөв бодлого явуулсандаа гаргасан амжилт огтоос биш. Зүгээр л өвөг дээдсээс минь үлдээсэн уул уурхай ашигт малтмалаас орж ирж байгаа ашиг, орлого. Нэг үгээр бол Монголын эдийн засгийг хүчээр өсгөж байгаа юм. Ямар ч үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдээгүй мөртлөө эдийн засаг нь өсч, төсвийн орлого нь нэмэгдээд байдаг. Тэгэхээр эдийн засгийн энэ өсөлт, төсвийн орлогыг эргүүлээд үр дүнтэй зарцуулах асуудалд Монголын төр, зөв бодлого явуулах ёстой гэж би ойлгодог. Шинэ баян цээж өвчтэй гэдэгчлэн бэлнээр мөнгө тараах, хэт баярхаж цацах байдал сайн юманд хүргэхгүй. Монголын төр мал аж ахуйгаа сэргээх, хөдөө аж ахуйдаа хөрөнгө оруулалт хийх, хөнгөн аж ахуйн үйлдвэрийн болон эрүүл мэнд боловсролын салбар гэхчлэн бүх нийгмийн чиглэлийн салбаруудаа сэргээхэд зарцуулах ёстой. Энэ чиглэл рүү Монгол төрийн бодлого чиглэх ёстой гэж боддог. Түүнээс биш энэ мөнгийг бэлнээр тарааж үрэх юм бол Монгол орон эцсийн эцэст юу ч үгүй сүйрнэ л гэсэн үг. Харин ч Монголын ард түмнийг хэдэн мянган тэжээгээж ирсэн уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуй.. наад зах нь шинжлэх ухааны салбартаа зоригтойхон дорвитойхон хөрөнгө оруулах хэрэгтэй. Хуучин улс ард ын аж ахуй гэж ярьдаг байсан Монгол улсын хөгжлийн гол гол тулгуур болсон салбаруудад уул уурхайгаас охж ирж буй орлого эдийн засгийн боломжийг ашиглан бусад салбараа сэргээхэд зарцуулагдах ёстой.
URL: