ЦАГДААГИЙН МАШИНЫ ЖОЛООЧ ГАРЦГҮЙ ГАЗРААР ГАРЧ ЯВСАН СОГТУУ ИРГЭНИЙ АМИНД ХҮРЧЭЭ

olloo_mn_1530148106_42281-9b2a4ef1-433f-11e5-871e-1f2aaf8a9efaХоёр хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн замд цагдаагийн алба хаагч албаны машинтайгаа явж байгаад зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг болжээ.

ЦЕГ-ын эх сурвалжийн хэлж буйгаар тухайн үед зам хөндлөн гарч явсан явган зорчигч үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуй үед гарцгүй газраар зам хөндлөн гарахаар гүйж яваад машинд дайруулжээ. Улмаар эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч хүнд гэмтсэн иргэн нас барсан гэнэ.

Одоо ослын шалтгаан нөхцлийг тогтоох шалгалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд шинжилгээгээр тухайн иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам хөндлөн гарахаар гарцгүй газраар гэнэт гүйснээс ийн амиа алдсан байна.

Осол гаргасан цагдаа Налайх дүүргийн Замын цагдаагийн албанд ажилладаг алба хаагч бөгөөд тухайн үед ажлаа тараад, албанд ашигладаг улсын дугаартай албаны автомашинтайгаа гэр лүүгээ харьж явжээ.

Ослын талаар Замын цагдаагийн албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлж, аюулгүй байдалдаа анхаарахыг иргэддээ байнга анхааруулдаг. Гэтэл явган зорчигчид өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөдөггүй, гарц гарамгүй газраар гүйж гардаг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам гарч байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Эл удаад ч мөн иргэний хайхрамж болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй харамсалтай осол гарсан. Замын цагдаагийн алба хаагч ч гэсэн замын хөдөлгөөнд оролцогч иргэн хүн. Тиймээс цагдаа гэдэг утгаар биш замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч гэдэг утгаар иргэд та бүхэн асуудалд хандах нь зүйтэй.

Эл хэрэг хууль дүрмийн дагуу шалгагдаж, шийдэгдэнэ. Түүнээс биш замын цагдаагийн албан хаагч гээд хууль үйлчлэхгүй байх үндэслэлгүй юм. Хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих