Хөгжлийн саад, хүнд суртлын гайхамшиг яам нэртэй яамаа өөрчилж бурхад шиг амьдарцгаая
Яама гэж дуудагдах “яма” гэдэг нь хонгил, гүн ангал, ухсан нүх гэсэн утгатай орос үг. Яам ч гэсэн нарийн яривал “орос ах”-ын бүтээл. Өнөөдөр манай яам, агентлагууд хөгжлийн садаа ангал, хонгил, ухсан нүх болчихоод буйн цаад учир, түүхийг сөхвөл ийм ажгуу.
Москвад ханиахад Монголд найтаадаг байсан үе. Сталиныг нас барсны дараа түүний орыг залгах өндөр магадлалтай байсан, өөрийг нь өрсөлдөгч гэж огт тоож байгаагүй, ЗХУ-ын баатар, ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн Тэргүүлэгчийн орлогч дарга, ДЯЯ-ны сайд, ЗХУ-ын маршал Л.П.Берияг зайлуулж, буудан хорооход гол үүрэг гүйцэтгэсэн учир Н.С.Хрущев 1953 оны есөн сард ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны Нэгдүгээр Нарийн бичгийн даргаар сонгогджээ. Тэрээр нэг их удалгүй ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн Тэргүүлэгчийн албыг давхар хаших болж улс орныхоо бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэв. Энэ нь 1958-1964 он. Түүний нэг хүнийг тахин шүтэхийн хор холбогдлыг илчилж, хэлмэгдүүлэлтийн эрчийг сулруулан гадаад, дотоодод зөөлөн бодлого явуулсан үе нь “Хрущевын дулаарал” хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ. Мөн иргэдийг орон сууцаар хурдан хугацаанд хангах ажлыг эхлүүлж, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд болон сансар судлалд гаргасан амжилт нь олны талархалыг хүлээж байв. Гэвч дотооддоо 1956 оны Тбилисийн хөдөлмөрчид, 1962 оны Новочеркасскийн ажилчдын эсэргүүцлийн жагсаал, гадааддаа 1956 оны Унгарын бослого (хувьсгал ч гэж нэрлэх нь бий)-ыг цэргийн хүчээр, цус урсган дарсан явдал, 1961 онд Берлинд хана босгож, 1962 онд АНУ-тай золтой л цөмийн дайн дэгдээж, дэлхийн гуравдугаар дайн эхлүүлчихээгүй явдал, нэг хүнийг тахин шүтэх явдлын бурууг ганц хүнд хамруулснаас Хятадын Мао Цэдун, Албаны Энве Хожи нартай харилцаа муудсан, мөн шашны эсрэг явуулсан харгис бодлогоос гадна гоёмсог хувцас нууцаар үйлдвэрлэгчид болон валютын наймаачдыг цаазаар авах болсон нь гадаад, дотоодод түүний нэр хүндийг навс унагав. Ядаж байхад төрийн системийг шинэчлэх нэрээр нам, төрийн байгууллагуудыг дотор нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй хариуцсан хоёр тусдаа хэсэг болгон хуваасан нь бодсоноос нь яг эсрэг үр дүн үзүүллээ. Үлгэрлэвэл, монголчуудын төдийгүй хүн төрөлхтөний хамгийн үнэт зүйл болох бэлчээрийг 1996 оноос хойш хоёр өөр яам хувааж хариуцдаг болсноор өнөөдөр бид газар нутгийнхаа 77,8 хувийг цөлжүүлчихээд сууж байгаатай яг адил зүйл болсон хэрэг. Энэ бүгдийн эцэст нам, төрийн бусад удирдлагын тэвчээр барагдах нь тэр. Н.С.Хрущёвын эсрэг нууц хуйвалдаанд залуучуудын байгууллагын удирдлага хүртэл нэгдлээ. Ингээд “Бид нисэж яваа ялааг ч пуужингаар онож чадна. Бид нар цөмийн бөмбөгийг хиам шиг л үйлдвэрлэж байгаа” хэмээн гадаад, дотоодынхныг айлган НҮБ-ын индэрийг өрөөсөн гутлаа суга татан нүддэг, “Бид АНУ-ыг хөгжлөөрөө удахгүй гүйцэх төдийгүй түрүүлнэ, 1980 он гэхэд коммунизмыг байгуулж дуусна” хэмээн хоосон сайрхдаг боловсрол ядмаг, хөдөөх эрийг 1964 оны намын Бүгд хурлаар бүх албан тушаалаас нь зайлуулж тэтгэвэрт гаргасан байна. Гэхдээ муу ч бай, сайн ч бай улсаа удирдаж байсан нам учир болж өнгөрсөн үйл явдалд дүгнэлт хийжээ. Нэг хүн улсыг удирдаж болдоггүй юм байна. Хамт олноороо удирдах ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Ингээд “Хамтын удирдлагын тогтолцоо” гэдгийг бий болгов. Энэ нь коммунист намын хувьд ёстой нөгөө “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гээч нь болсон төдийгүй социалист системийн мөхлийг хурдасгасан үйл явдал болсон юм.
Хамтын удирдлагын тогтолцоо гэдгийн мөн чанар нь Улс төрийн товчооныхон бүгд гарын үсэг зурж байж олонхийн шийдвэрийн дагуу ажил явна гэсэн үг. Өнөөдөр манай яамдад Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч ажил эхлэхийн тулд заавал бүх газрын дарга нар гарын үсэг зурсан байх ёстой. Адилхан байгаа биз. За тэгээд нэг дарга нь хөдөө, гадаа томилолтоор явчихна эсвэл өвдчихнө. Ингээд XXI зууны хамгийн үнэт зүйлийн нэг цаг хугацааг ёстой л хайр найргүй устгацгаана. Үүнийгээ бид “хүнд суртал” хэмээн нэрлэдэг.
Энэ тогтолцооны хамгийн муу тал нь хамтын удирдлагаар шийдчихсэн болохоор аль ч ажлын эцсийн хариуцлагыг хэн ч хүлээдэггүй явдал билээ. Өнөөдөр манайд яг ингэдэг. Хэн ч хариуцлага хүлээдэггүй болохоор юу ч хийхгүй байж болно гэсэн үг. Юу ч хийхгүй байгаа хүн алдаа гаргахгүй. Алдаа гаргадаггүй хүн албан тушаал буурахгүй. Харин ганцхан даргадаа л таалагдаж байх ёстой. Ард иргэдийн асуудал бол дараагийн хэрэг. Ингээд эцэстээ хийгээгүй ажлаа хийсэн хэмээн зүгээр л цаасан дээр бичиж удирдлагадаа үзүүлдэг болжээ. Улмаар дарга нараа хуурахын тулд шат шатандаа бүхэл бүтэн театрчилсан жүжиг үзүүлдэг болж энэ нь сүүлдээ байх ёстой ердийн зүйл мэт болсон байна. Үүнийг бид өнөөдөр ваакумжих гэдэг. Хамтын удирдлагын тогтолцооны бас нэг гаж онцлог нь хэн нэгэн албан тушаал ахих тусам ойр тойрныхонд нь хууль зөрчин орлого олох боломж нэмэгддэг байв. Улсынх нь удирдагч Л.И.Брежневийн охин, хамгийн үнэт зүйл болох очир алмаазны хууль бус наймаа эрхэлдэг байсан гээд бод доо. Ямар сайндаа манай Ерөнхий сайд “Надаас хууль бус юм бүү гуйгаарай” гэж байхав. Адилхан байгаагийн л баталгаа юм даа. Товчхондоо иргэдийнхээ төлөө юу ч хийхгүйг хийсээр байгаад социалист систем өрсөлдөгч тогтолцооноосоо хөгжлөөр хол хоцорч улмаар нуран уналаа.
Энэ системийг Ю.В.Андропов хүчээр өөрчлөх гээд бараагүй. Харин М.С.Горбачёв ямар ч онолгүй хоосон уриа дэвшүүлсэн нь тогтолцоогоо нураан, өрсөлдөгч талдаа бүх хүчийг шилжүүлсэн билээ. Өнөөдөр В.В.Путин улсаа Хамтын удирдлагын бус тогтолцоонд шилжүүлэн хүчний харьцааг тэнцүүлэх гэж зүдэрч явна. Энэхүү тогтолцоог тэр чигээр нь өвлөн авсан монголчууд өрний тулам болж, нуран унахад бэлэн болчихоод сууж байна. Тэгвэл бид яам, агентлагийг яаж яама биш болгох вэ. Товчхондоо энэ балай тогтолцооноос яаж хурдан салж, иргэдээ, баялаг бүтээгчдээ, улсаа дэмждэг дэвшилтэд тогтолцоонд хэрхэн орох вэ.
Мэдээж тогтолцоог өөрчлөх маш олон арга бий. Энэ олон аргаас маш бага цаг, хөрөнгө, мөнгө зарцуулахыг нь олж сонгох явдал бидэнд тун чухал юм. Дэлхийн түүхээс харахад тухайн үедээ өөрөөр нэрлэгдэж байсан боловч өнөөгийнхөөр бол инноваци нэвтрүүлж чадсан нь л хөгжингүй улсуудын бүлд нэгдэн орсон аж. Үүнийг “Их долоо” гэж нэрлэгддэг улсуудын түүх бэлхэнээ нотлоно.
Английн “innovation” гэсэн үг нь латин хэлний “in” буюу тэр зүгт, рүү, “novatiо” буюу шинэчлэл, өөрчлөлт гэсэн утгатай үгнээс үүссэн аж. Иймээс “инноваци” гэдэг нь үгчилбэл “шинэчлэл рүү, өөрчлөлт рүү”, утгачилбал “дэвшилд хүрэх дөт зам” гэсэн үг юм. Анх инноваци гэсэн үг XIX зуунд шинжлэх ухаанд хэрэглэгдэж эхэлсэн байна. Харин XX зууны эхээр австрийн эдийн засагч /Нэрд гарангуутаа АНУ-ын иргэн болсон учир Австри-АНУ-ын эдийн засагч гэх нь бий/ Й.Шумпетер шинжлэх ухааны дэвшилтэт тэргүүний бүтээлүүдийг ашиглан эдийн засгийн чадамж, үр дүнг дээшлүүлэх арга замыг нээснээс хойш инноваци нийгмийн бүх салбарт хэрэглэгдэж эхэлсэн ажээ. Инновацийг бүтээгдэхүүн талаас нь үйлдвэрийн дараах үйлдвэрлэл буюу оюуны өмчийн үнэ давамгайлсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл ч гэж нэрлэнэ. Энэ нь шинэ гарч буй бүтээгдэхүүний үнийн маш бага хувь нь материал бусад нь оюуны өмчийн үнэ эзэлдэг болсныг тодорхойлж буй ухагдахуун. Иймээс инноваци гэдэг нь товчоор шинжлэх ухааны тэргүүний, үр дүнтэй бүтээлүүд болох оюуны өмчийг амьдралд цаг алдалгүй нэвтрүүлэн улс эх орноо өндөр хөгжилтэй улс болгох үйл явц гэсэн үг юм. Бүр товчоор инноваци гэдэг нь улс орны хөгжлийн хамгийн дөт зам юм. Ерөөс инноваци гэдэг нь тухайн улс, үндэстний оюун ухааны төвшин хаана байгаагийн илэрхийлэл болдог бөгөөд үүнийг англиар “Innovation is a state of mind” гэдэг. Оюуны өмч нь тухайн салбартаа заавал шинэ зүйл хийсэн, хэн нэгнээс хуулаагүй, байгаль, иргэд, улсад ашиг тусаа шууд өгөх боломжтой байх ёстой гэсэн өөрийн шалгууртай. Хамгийн гол нь энэхүү шалгуурт тэнцэж байж оюуны өмчийн гэрчилгээ авдаг. Инноваци нэвтрүүлснээр яам, агентлагийн албан хаагчид оюуны өмч гэгдэх шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээний тэргүүний ололтуудыг ажилдаа шууд нэвтрүүлдэг болно гэсэн үг билээ. Энэ нь яамны мэргэжилтэнгүүд олон докторуудын янз бүрийн эсрэг тэсрэг саналд төөрөлдөж цаг алдах явдалгүй болно гэсэн үг. Ядаж л оюуны өмч эзэмшигчдэд тендер өгсөн албан хаагч “Гурван үсэгтэй газар”-аас айх айдасгүй, тайван амгалан ажилладаг болно. Иймээс яам, агентлагийн ажлын үр дүнг хэдэн төгрөгийг яаж юунд зарав гэдгээр бус оюуны өмчийг хэрхэн, яаж амьдралд нэвтрүүлэн инноваци болгож хэдэн валют олов эсвэл хичнээн валют хэмнэв гэдгээр дүгнэх цаг болжээ. Товчоор төр засгаас төрийн болон хувийн байгууллагуудын ажлыг инноваци нэвтрүүлэн байгаль, иргэдэд буюу улсад ямар ашиг өгч байгаагаар нь дүгнэдэг болох ёстой гэсэн үг.
1990 оноос хойш олон хууль батлагдсан ч бүрэн хэрэгжиж чадахгүй байна. Учир нь эдгээр хуулиудыг дагаж гарсан журмууд нь юун түрүүнд алдаа гаргахгүй байх гэсэн албан тушаалтны эрх, ашгийг хамгаалах зориулалттай байдгаас жинхэнэ хүнд суртлын уул уурхай болдог төдийгүй хуулиасаа давсан эрхтэй байх нь маш элбэг. Тухайлбал, Монгол улсын Засгийн Газрын 2014 оны 374 дүгээр тотоолоор хэрэгжиж эхэлсэн журамд “Шинжлэх ухаан, технологийн тухай” хуулийнхаа 11.2.4 дэх заалтыг тэр чигт нь хасчихсан байгааг харж болно. Хуулийнхаа “болно” гэсэн үгийг “огт болохгүй” гээд журамлчихсан хэрэг. Яамны түшмэд үнэхээр том эрхтэй байдгийн захын жишээ энэ. Хуулиуд ч гэсэн нэг их дээрдэх юм байхгүй. Хоорондоо эрс тэс ялгаатай, бие биенийгээ үгүйсгэсэн заалтууд хэтэрхий олон. Жишээг холоос хайх хэрэггүй. Үндсэн хуулийнхаа 6.1 болон 6.2-ыг харахад л хангалттай. Эдгээр хууль, журамд социализмаас үлдэж хоцорсон ард иргэдээ ад үзсэн бас доромжилсон заалтууд ч багагүй бий. Голын эргээс 100 м зайд мөн ой дотор байшин барьж болохгүй ч гэх шиг европын жирийн иргэд уншаад цус харвадаггүй юм гэхэд дотор нь муухайрах заалтууд цөөнгүй. Иймээс Ерөнхий сайд “Эдийн засгийн онц байдал” яаралтай зарлаж энэ бүх журмуудыг иргэдээ ажиллаж хөдөлмөрлөхөд саад болохгүй бас инноваци амьдралд чөлөөтэй нэвтрэхэд тохируулан засах ёстой юм.
Засгийн газар оюуны өмчийг инноваци болгож буй ажлын дүнг улирал болгоны эцэст биш юм гэхэд жилд хоёр удаа хэлэлцэж энэхүү ажлаас улсад орсон орлогын тодорхой хэмжээгээр яам, агентлагын ажилтангуудыг шагнадаг журмыг хэрэгжүүлдэг болох хэрэгтэй. Мөн яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нарт төсөвтөө тохируулан хэдэн хүн ажиллуулж, хэдэн төгрөгөөр цалинжуулж, хааш нь томилолтоор явуулахаа өөрсдөө шийддэг эрхийг нь өгөх хэрэгтэй байна. Энэ нь өчигдөр хоёрхон хүнтэй ажиллаж байсан газар, хэлтэс ажлын шаардлага гарвал 20 хүнтэй ажиллах боломжтой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл яам, агентлагийн ажилтан ажлын ачааллаа дааж байгаа үедээ одоо байгаагаас хэд дахин илүү цалинтай ажилладаг болно гэсэн үг. Ингэснээр төрийн албанд хэдэн зуун мянган хүн ажилладаг гэсэн мөнхийн шүүмжлэл алга болно. Яам, агентлагийнхан хийсэн ажилдаа тохируулан цалин авдаг болсноор арын хаалга, авилга гэсэн ойлголт ард хоцорно. Мөн татвар төлөгчдийн мөнгийг үрдэг биш үржүүлэх бололцоог бий болгодог хүн сайд болдог болно. Яг л У.Хүрэлсүхийн хос баатар сайдууд шиг. Хамгийн гол нь яам яама биш болж баялаг бүтээгчдэд саад болдог бус харин ч дэмждэг байгууллага болон хүнд суртал устсанаар иргэд төрийн албанд бус баялаг
бүтээх салбарт ажиллахыг хүсэх болно. Энэ нь шууд утгаараа иргэд өөрсдийн сонирходог салбарт ажилладаг болно гэсэн үг. Сонирходог зүйлээ хийж байж л хүн бусдаас илүү амжилтанд хүрдэг. Бусдаас илүү ажилтанд хүрнэ гэдэг нь энэ салбартаа оюуны өмч авч инноваци нэвтрүүлнэ гэсэн үг. Ингэснээр монголчууд бид нэгдэн нягтарч нэг зүгт харж, ажиллаж, амьдардаг болно.
Олон улсад хөгжлийн төвшинг инновациар хэмждэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Урд хөрш л гэхэд “Хятад инноваци” буюу “China innovation” гэсэн телевизийн бие даасан контент гаргаж оюуны өмчийг амьдралд хэрхэн нэвтрүүлж байгаагаа дэлхий нийтэд сурталчилж байна. Харин монголчууд бид юу яасан бие даасан контент, амьдралын шаардлагад нийцсэн Оюуны өмчийн олигтойхон хууль ч байхгүй малаанз царайлчихаад хүнд суртал, популизм хоёрт давхар тушуулчихаад сууж байна. Давхар тушаанаас салах ганц арга нь инноваци бас дахин инноваци юм. Энэ нь ард, иргэдийг харж үздэг бурхан царайлан хайран цаг хугацааг устгадаг дарга, дарганцар нарын хүнд суртал, популизмаас зайлж мэргэжлийн мэргэшсэн хүмүүсээр ажил хийлгэнэ гэсэн үг. Мэргэжлийн мэргэшсэн хүн гэдгийн баталгаа нь оюуны өмч билээ. Харин оюуны өмчийг ямар нэгэн саадгүй амьдралд нэвтрүүлэхийг инноваци гэх бөгөөд үүнийг л тогтолцоо өөрчлөх гээд байгаа юм.
Эцэст нь хэлэхэд элэг нэгтэнгүүд минь монгол дугуй хийнэ гэдэг мугуйд хийрхэлээс салж нэгэнт хийчихсэн дугуйг илүү сайжруулж хэрэглэдэг олон улсын жишгээр явцгаая. Ингэсэн цагт бид жинхэнэ Монгол ахан дүүс болж бурхад шиг амьдрах болно. Хүн шиг амьдарна гэдэг нь хүмүүст гай болохгүй амьдрахыг хэлдэг бол бурхад шиг амьдарна гэдэг нь бусаддаа хэрэгтэй зүйл хийж амьдрахыг хэлж байгаа билээ. Бусаддаа хэрэгтэй зүйл хийж амьдарч буй хүмүүсийг олон улсад бараг бурхад буюу “Баялаг бүтээгчид” гэдэг.
Г.АМАРСАНАА /ЗУУНЫ МЭДЭЭ сонин/
URL: