Оюутолгойг шалгах ажлын хэсгийн хоёр өөр тайлбар

olloo_mn_1519015543_ae2c700e15c299efbigУИХ-аас Оюутолгой төслийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан.  Энэ асуудлаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, мөн ажлын хэсэгт багтсан Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг нарын байр суурийг хүргэж байна.

Д.Тэрбишдагва: 150 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТАТВАРЫН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН

 

-Оюутолгой компанийн удирдлагатай уулзаж шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх, уурхайнхаа үйл ажиллагаатай танилцуулах зэрэг хүсэлт тавьж ажилласан. Таван дэд ажлын хэсэг ерөнхийдөө дүгнэлтээ гаргасан. Одоо ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсгүүдийнхээ цуглуулсан материалуудтайгаа танилцаж байна. Ойрын хугацаанд дүгнэлт гарна.  Мөн  АТГ-аас шалгаж байгаа асуудлын материал болон аудитын дүгнэлтийг хүлээж байна. Дэд ажлын хэсгийн дүгнэлтээс харахад татварын маргаан байгаа юм билээ. Оюутолгой ямар ч маргаангүйгээр татвараа төлөх ёстой. 150 сая ам.долларын зөрчил илэрсэн. Үүнээс ч илүү асуудал гарч ирэхийг үгүйсгэхгүй. Удахгүй ажлын хэсгийн дүгнэлт гарахаар энэ тухай мэдээлэл илүү тодорхой болох байх. Мөн Цахилгаан станц яаралтай барих шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн.

Ц.Ганхуяг: ҮНДСЭН БА ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ 1000 ГАРУЙ КОМПАНИЙН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗСАН

 

-Ажлын хэсгийн ахлагчийн өнөөдрийн мэдээллийг сонслоо.  Шалгалтын материалуудтай сайн танилцаж амжаагүй гэж ойлгосон. Бид Оюутолгойгоос 2048 он хүртэл ямар ч ашиг хүртэхгүй гэдэг нь тодорхой байгаа. “Рио тинто”  манай улсад хүний  сэтгэлээр биш цөлмөх сэтгэлээр хандаж байна. Монгол Улс энэ хугацаанд өрөө бичээд л суух юм билээ. Одоо гэрээний нэг зүйл заалтад өөрчлөлт орууллаа гээд ямар ч ашиг байхгүй. Дубайн гэрээ гэхэд Монгол Улсын маш олон хууль тогтоомжийг зөрчсөн байна.  Тэгэхээр энэ гэрээг бүхлээр нь өөрчлөх шаардлагатай байгаа. Биднийг өнгөрсөн хугацаанд Оюутолгойд ажиллахад зарим баримтаа нуугаад өгөөгүй.  Тэнд үргүй  зардал маш их гарч байна.  Онгоцны буудлыг 10 сая ам.доллараар барина гэсэн атлаа 65 сая ам.доллараар барьсан байна лээ.  Мөн үндсэн ба туслан гүйцэтгэгчээр 1000 гаруй компани ажиллаж байна.  Тэдний талаар нарийн мэдээлэл өгөхөөс татгалзсан. Одоогоор 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсанаас гуравны хоёр нь дээрх байгууллагуудтай холбоотой юм билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.САЙХАН

 


URL:

Сэтгэгдэл бичих