Наймаачид дур мэдэн үнэ нэмдэг байдлыг хэзээ зогсоох вэ

Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр бүр бага багаар нэмэгдэх болов. Ялангуяа хүнсний ногооны үнэ огцом нэмэгдэж, олон нийтийг бухимдуулж эхлээд буй. Тиймээс хүнсний ногоо ямар үнэтэй, ямар шалтгаанаар үнийг нь нэмж байгааг тодруулахаар томоохон зах, худалдааны төвөөр орлоо. Ихэвчлэн хотын төв болон зүүн захын оршин суугчид үйлчлүүлдэг “Баянзүрх” худалдааны төвийг зорилоо. Ойролцоогоор 11.00 цагийн үед очиход хөл хөдөлгөөн багатай, зарим худалдагч “Наймаа хагалаад 50, 100 төгрөг хямдруулаад аваарай” гэсээр угтсан юм. Юуны түрүүнд хүнсний ногооны тасгаар орж, хүмүүсийн өргөн хэрэглэдэг ногооны үнийг тодрууллаа. Хэдхэн хоногийн өмнө килограмм нь 1000-1500 төгрөг байсан монгол төмс аль хэдийнэ 2000 төгрөг давжээ.

Монгол лууван килограмм нь 3000, сонгино 2500, байцай 4000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин хүрэн манжин 4500, шар манжин 7000 төгрөг хүрсэн учир хамгийн боруулалт багатай ногоогоор нэрлэгдэж байв. Ногооны тасгаар явж буй хүмүүс “Ямар үнэтэй юм бэ”, “Хэзээ ийм үнэтэй болчихов”, “Саяхан л тэд гэж байсан биз дээ” гэх мэтээр уулга алдсаар аргагүйн эрхэнд хоногийн хоолны ногоогоо авч байгаа харагдлаа. Харин худалдагч нар “Үнэтэй гэж байгаа бол хятад ногоо авч болно шүү дээ. Килограмм төмсийг бид цаанаасаа 1850 төгрөгөөр авдаг. Харин ч 100, 150 төгрөг л нэмж байна” гэх тайлбарыг хэлж байв. Харин монголчуудын хоолны гол бүтээгдэхүүн болох махны үнэ огцом биш ч гэлээ багагүй нэмэгдсэн байлаа. Тодруулбал, хонины ястай мах килограмм нь 6500, цул нь 7500, үхрийн мах ястай нь 8500, ямааны мах 5700, адууны мах 7500 төгрөгийн үнэтэй байсан бол үхрийн цул махыг харилцан адилгүй худалдаалж байв. Тухайлбал, гуяны цул мах килограмм нь 10500, хааны цул нь 8500 төгрөгийн үнэтэй байлаа. Энэ нь 14 хоногийн өмнөх үеэс дунджаар 500 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Учир нь, одоогоос арваад хоногийн өмнө хонины цул мах килограмм нь 7200, үхрийнх 9800 төгрөгийн үнэтэй байжээ. Гэхдээ ногоотой харьцуулахад махны үнэ харьцангуй тогтвортой байгаа бөгөөд энэ нь улсын баяр наадам дөхөж, хотын ойролцоо амьд хонь худалдаалж буйтай холбоотойг худалдагч нар хэллээ.

Байгууллага Төмс /Мон/ Төмс /Хят/ манжин лууван Сонгино Байцай /Мон/ Байцай /Хят/
“Хүчит шонхор” зах 1800-2000 1200 6000 2500 2200 4000 2000
“Баянзүрх” худалдааны төв 2000 1500 7000 3000 2500 4000 2200
“Хархорин” худалдааны төв 2000 1500 6500 2500 2400 4500 2200
“Барс” зах 1900 1500 6800 2500 2500 4200 2000
“Бөмбөгөр” худалдааны төв 2000 1300 7000 2500 2000 4300 2000

МАХНЫ ДАЙТАЙ ҮНЭД ХҮРСЭН МАНЖИН

Монголчууд “манжин байхад махаар яах вэ” хэмээн хошигнодог. Энэ үг одоо биелэлээ олж байх шиг. Тодруулбал, шар манжингийн үнэ тэнгэрт хадаж, махны үнэтэй эн зэрэгцээд байна. Бидний очсон худалдааны төвүүдэд манжингаас бусад ногооны үнэ харилцан адилгүй буюу нэг, хоёр зуун төгрөгийн зөрүүтэй байсан бол шар манжин килограмм нь 7000 төгрөгөөс буухгүй байна. Энэ нь нэг килограмм махны үнэтэй дүйж байгаа юм. Шар манжин яагаад ийм өндөр үнэтэй байгаа талаар худалдагч нараас тодруулахад тэд нэг л хариулт өгч байв. Улсын хэмжээнд манжингийн нөөц дууссан учраас ийм үнэтэй байгаа” гэсэн хариулт өгсөн юм. Хэдий нөөц байхгүй ч гэлээ хэтийдсэн өндөр үнээр худалдаалах нь хэр зохимжтой вэ. Хэрэглэгчид килограмм манжин уу, эсвэл мах авах уу гэдэг сонголттой тулгарч байна. Тийм ч учраас хэрэглэгчид бухимдлаа холбогдох байгууллага болон олон нийтийн сүлжээнд илэрхийлж байна. Тухайлбал, нэгэн иргэн “Монгол шиг юмны олдоц багасах сургаар бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж ард түмнээ шулдаг орон хаана ч байхгүй. Иргэдийн орлогын эх үүсвэр болох цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмээгүй байхад л хүний хэрэгцээ болсон хүнсний бүтээгдэхүүний үнийг дур мэдэн нэмэх юм. Монголчууд зах зээлд суралцах болоогүй л байна. Наймаачид аливаа зүйлд мэдрэмжтэй хандаж, хэрэглэгчдийнхээ төвшинд тааруулж үнээ тогтоох хэрэгтэй шүү дээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Чухам үнэнийг цөөн үгээр хэллээ хэмээн дэмжих хүн цөөнгүй харагдаж байв. Ногооны үнэ огцом өсч, цаашид ч нэмэгдэж магадгүй гэдэг нь яалт ч үгүй худалдагч нарын үгсэн хуйвалдсан арга юм. Аливаа бараа бүтээгдэхүүний нөөц багасахаар үнээ нэмэх ёстой гэсэн хууль, дүрэм, журам байхгүй ч худалдагч, ченж нарт үгссэн тохиролцоо байдаг бололтой.

ХЭРЭГЛЭГЧДЭД СОНГОЛТ БАЙГАА Ч МОНГОЛ НОГОО ИДЭХИЙГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА

Хэдхэн хоногийн дотор ийн нэмэгдэх болсон шалтгаан нь энгийн бөгөөд үндэслэлгүй санагдлаа. Шинэ ургацын ногоо гараагүй, нөөц бага байгаа учраас ногооны үнээ нэмсэн гэдэг тайлбарыг худалдагч нар хэлсэн юм. Тэд цаашид ч дахин нэмж магадгүй гэдгийг тодотголоо. Холбогдох байгууллагад нь мэдэгдэлгүй, дур мэдэн ногооны үнийг нэмж худалдаалж байгаа учраас үндэслэлгүй хэмээн тодотголоо. Мөн худалдагч нарын хэлсэн тайлбар ч ногооны үнэ нэмэх зайлшгүй шалтгаан биш юм. Яагаад гэвэл, ногоо элбэг, боломжийн үнэтэй байхад нөөцөлчихөөд дараа нь үнээ нэмж худалдаалж байгаа учраас олон нийт дургүйцэх нь мэдээж. “Ногоо арай л үнэтэй байна” гэсэн хүмүүст худалдагч нар сонголт санал болгож байв. Тэр нь мэдээж импортоор оруулж ирдэг ногоо. Монгол, хятад ногооны үнэ тэнгэр газар шиг зөрүүтэй. Тухайлбал, Хятад төмс килограмм нь 1500 төгрөгийн үнэтэй байлаа. Монгол ногоо хэрэглэх хүсэл, сонирхол байв ч тэнгэрт хандсан үнийг нь дийлэхгүй учраас яах аргагүй хятад ногоо сонгох хүн ч цөөнгүй харагдаж байв.

ОЛОН КИЛОГРАММААР НЬ АВБАЛ 100-200 ТӨГРӨГӨӨР ХЯМДРУУЛДАГ БАЙНА

Үүний дараа бид “Хүчит шонхор” зах дээр очсон юм. Тус зах хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хүнсний ногооны үнэ харьцангуй татуу буюу 100-200 төгрөгөөр хямд байсан юм. Тухайлбал, монгол төмс 1800-2000, лууван 2500-3000 төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ олон буюу таваас дээш килограмм ногоо худалдан авсан тохиолдолд хоёр, гурван зуун төгрөг бууруулдаг байна. Харин хэрэглэгчид тийм их хэмжээгээр биш 1-2 килограммаар, зарим нь бүр ширхэглэж авдаг талаар худалдагч нар ярьж байлаа. Энэ нь нэг талаараа ногооны үнэ өссөнтэй, нөгөө талаараа иргэдийн орлого бага байгаатай холбоотой гэдэг тайлбар хэлж байв. Тус захад хонины ястай мах килограмм нь 6500-6800, хонь, үхрийн цул мах 9500, адууны цул мах 6300, ямааны ястай мах 5300 төгрөгийн үнэтэй байсан бол “Бөмбөгөр” худалдааны төвд үхрийн мах харьцангуй үнэтэй байв. Тухайлбал, үхрийн ястай мах килограммыг нь арав, цулыг нь 11 мянган төгрөгөөр худалдаалж байлаа. “Хархорин” захын хувьд махны дундаж үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Махны үнийг нэг төвшинд тогтмол барих боломжгүй. Бага зэргийн хэлбэлзэл байдаг гэдгийг худалдаа эрхлэгчид онцоллоо. Учир нь, махны эрэлт, нийлүүлэлттэй холбоотойгоор үнэ нь үргэлж 100-300 төгрөгийн хэлбэлзэлтэй байдаг аж. Махны үнийг өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулбал, хонины ястай мах килограмм нь 30, хонины цул мах 83, үхрийн ястай мах 470, цул нь 590, адууны махны үнэ 525, ямааны ястай мах 200 төгрөгөөр өсчээ.

ШИНЭ УРГАЦЫГ ХҮЛЭЭХ ЗУУР ХУУЧИН НОГООНЫ ҮНЭ ӨДӨР БҮР НЭМЭГДЭХ ШИНЖТЭЙ

Хүнсний ногооны үнэ огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан шинэ ургацын ногоо хэзээ гарах, өнгөрсөн жил хэчнээн тонн хүнсний ногоо хураасан, энэ жил хэдийг хураах төлөвлөгөө байгаа талаар тодруулахаар ХХААХҮЯ-нд хандлаа. Өнгөрсөн жил 116.8 мянган тонн төмс, 80.2 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ. Харин энэ жил 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо хураах төлөвлөгөөтэй байгаа аж. Одоогоор хүлэмжийн ногоо гарч эхэлсэн байна. Гэхдээ энэ нь олон нийтийн хэрэгцээг хангах хэмжээнийх биш аж. Харин төмс, лууван болон бусад ногоо улсын баяр наадам өнгөрч гарах учраас зах зээлийн зарчим гэж үзэн худалдагч нар хүнсний ногооны үнээ нэмжээ. Шинэ ургацын ногоо ихэвчлэн наймдугаар сарын дундаас есдүгээр сарын эхэн үеэр гардаг учраас холбогдох байгууллага нь шаардлага тавьж, шахаж байж үнийг нь буулгах арга хэмжээ авахгүй бол улам л нэмэгдэх хандлагатай байна. Монголчууд бид ногоогүй хоол идэж чадах ч махгүйгээр олон хонож чаддаггүй. Тиймээс махны үнэ, чанарт ихээхэн ач холбогдол өгдөг. Үүний нэгэн адил хүнсний ногоонд ч мөн адил зарчмаар хандаж холбогдох газрууд нь шаардлагатай арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал улам хүндэрч, иргэд амин дэмийн дутагдалд орох нь. Шинэ ургацыг хүлээх зуур хуучин ногооны үнэ өдөр бүр нэмэгдэх шинжтэй. Чухам хэд хүрэх нь худалдаачдын таалал бололтой. Худалдаачид шинэ ургацын ногоо гарахыг далимдуулан цаашид үнээ улам өсгөсөөр байх нь. Ямар нэгэн бараа, бүтээгдэхүүний үнийг зах зээлийн зарчмаар нэмж болох ч гэлээ хүмүүсийн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүн болох ногооны үнийг богино хугацаанд огцом нэмсэн нь худалдаачдын дур мэдэн шийдсэн асуудал юм. Мөн тэдний хэлж буй тайлбар үнэ нэмэх хэмжээний биш гэдгийг дахин тодотгоё. Иймд холбогдох байгууллага нь үүнд хяналт тавьж, зохих арга хэмжээг авахгүй бол тэдний шударга бус үйлдэл хэрээс хэтэрч, килограмм ногоог 10, 20 мянган төгрөгөөр үнэлж мэдэх нь байна.

С.Юмсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих