Үгүй ядахнаа, “Үдийн цай” хөтөлбөрт шуналын шүлсээ дусаамааргүй байна

15300114305b321f26c51c9Хаврын чуулган хаалгаа барих гэж байгаа энэ өдрүүдэд хэсэг хууль тогтоогчид нэгэн чухал хуулийн төслийг өчигдөр өргөн барилаа. Тэр бол УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нарын хамтран санаачилсан  “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төсөл юм.

Хэрэв энэ хууль батлагдвал нийгэм рүү, тэр дундаа өсвөр үеийнхэндээ чиглэсэн чухал алхам болно.  Ач холбогдол, үлдэх  үр дүн нь хүүхдийн 20 мянгатай эн зэрэгцэж очно.

Монголд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжээд бараг 10 гаруй жилийн нүүр үзэж байгаа. Ингэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу I-V ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цайны үйлчилгээг зохион байгуулдаг аж. Өөрөөр хэлбэл журмаар зохицуулж байгаа.

Харин одоо энэ хөтөлбөрийг хуульчилж,  бүр “Үдийн хоол” болгон өргөжүүлэхээр зорьж сайн цаг ирж байгаа нь сайшаалтай.

…Эмээ нь ач хүүгийнхээ хичээлийн цүнхнээс хатаж үйрсэн  боов, хуванцар савтай өнгө оруулсан ус тэргүүтнийг олоод  “Чи ийм юманд мөнгө үрээд байхдаа яадаг юм” гэвэл хүү хариуд нь:

-Үдийн цайнд өгсөн  юм

-Тэгээд идэж уухгүй яасан юм?

-Муухай амттай, манай ангийхан иддэггүй юм.  Ийм яриа эмээ ач хоёрын  хооронд болж байсныг санадаг юм. Тэгэхээр  сургуулиуд үдийн цай хөтөлбөрийг хэрхэн гурилддаг байсныг эмээ  хүү хоёрын энэ ярианаас анзаарч болно.

Хэдхэн хоногийн өмнө “Үйл нь ирсэн” нэгэн хотын төв талбайн цэцэрлэгт морь харж байгаад ажлаасаа халагдсан. Мэнгэ нь голлосон тэр “амьтан” Нийслэлийн өмчийн газарт ажиллаж байхдаа сургуулийн цайны газрыг түрээслэгчид болон үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгчдээс шан харамж авч байсан нь илэрч гэртээ хадгалж байсан авлигын 14 сая төгрөгөө гардуулчихсан.

Улсаас төсөвлөж өгсөн мөнгө нь угаас өдөрт 600 төгрөг. Ийм мөнгөөр гайгүй чанартай, амт, шим тэжээлтэй хүнс худалдан авах боломжгүй. Дээр нь хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид өөрсдөдөө бас юм унагах учиртай. Мөн албан тушаалтны гар цайлгах хэрэгтэй болно. Хөөрхий дөө, аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг шиг л. Ингэхээр чинь хүүхдийн хоолойг давж ходоодонд орох нь юу байхав гэхээр дэндүү дээ дэндүү. Өөрөөр хэлбэл Монголын төр 1-5 дугаар ангийн бяцхан үрсээ шоронгийн хоригдлоос дор үзэж, тэдний нормоос хэд дахин бага  мөнгө хуваарилдаг тухай шүүмжлэл явдаг нь үнэн.  Үндсэндээ үдийн цай хөтөлбөр хүүхдийн нүд хуурахаас хэтрэхгүй. Хоол гэхээсээ хор, хоосон  ходоодонд зай эзлэх төдий.

Гэсэн хэдий ч хөөрхий, хүүхэд бол хүүхэд. Эрх мэдэлтнүүд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хүүхдийн хичээлийн ирц нэмэгдсэн тухай бахархалтайгаар ярьдаг. Хэрэв энэ үнэн бол Монголд ядуурал хэр байгааг л илтгэн харуулж байгаа юм. Хүүхэд гэртээ өлсөж, ходоод нь хонхолзож байдгаас сурч мэдэх гэхээсээ илүүтэй аяга чихэртэй ус, ширхэг боорцогт нь татагдаж хичээлдээ явдаг гэсэн үг.

Хэрэв одоо энэ асуудлыг хуульчилбал байдал өөр болно. Хуулийг хэрэгжүүлнэ. Хариуцлага яригдана. Чанар чансаа, хоол тэжээлийн шимт чанар, аюулгүй байдал  гээд харгалзах олон шаардлага бий болно.

Хуулийг батлах нь сайн хэрэг. Харин хэрэгжүүлэхэд л эндүү ташаа орчих гээд байдаг гэмтэй.  Хэрэгжүүлэгчид дундаас нь ашиг хонжоо унагах гээд нөгөө хүүхдийн хоолноос чинь элдэв аргаар шомбодохоо л түрүүлж бодно. Ядахнаа хойч үеийнхнийхээ хоол цайнд шуналын шүлсээ дусаамааргүй  байгаа юм.

Сургуулийн хүүхдийн хоолны үйлчилгээг хуульчлан, мэргэжлийн удирдлага дор хэрэгжүүлэх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд хамгааллын бодлого болдгоос гадна өрхийн төсвийн 10%-ийг хэмнэдэг гэж үздэг байна. Мөн хоол шим тэжээлийн төлөө оруулсан 1 төгрөг бүр 16 төгрөгийн үр ашиг авчирдаг буюу 16 дахин нэмэгддэг хөрөнгө оруулалт гэсэн тооцоолол ч байдаг” гэж төслийн танилцуулгад дурджээ.

Эндээс үзвэл “Үдийн хоол” хөтөлбөр эдийн засаг талаасаа ч ач холбогдолтой аж. Тийм болохоор төр гар татаад байх хэрэггүй юм байна. Үр хойчдоо өгөхгүй юм бол хэндээ өгөх юм. Энэ чинь Монголын ирээдүй  шүү дээ.

Энэ хууль батлагдаж, хэрэгжүүлэх тал дээр хийдэл гарахгүй байвал МАН-д жинхэнэ нэмэх оноо болж ирнэ.

М.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих