Ерөнхийлөгч асан байхын учир

”Ардчилсан бус оронд ”Ерөнхийлөгч асан” гэж байдаггүй” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч асан захидалдаа дурджээ. Магадгүй тийм байх. Түүний хэлснээр ардчилсан бус орнуудад  Ерөнхийлөгч асан хүмүүс эрх чөлөөгөө алддаг, зарим үед амь насаа ч алддаг. “Ардчилсан бус оронд сонгуульд “ялагчид” нь дараагийн сонгууль гээч юмандаа бэлдэхийн тулд өрсөлдөгчдөө “шийтгэж, залхаан цээрлүүлэх”, тэднээс ямар нэг аргаар салахыг боддог” байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай Ерөнхийлөгч асан олон улсын хэмжээний хуралд оролцож чадаагүй шалтгаанаа захидлаар ийн тайлбарласан нь сонирхол татлаа.

Түүнийгээ өөрийг нь “тахин шүтдэг” хэвлэлийн тэргүүн нүүрнээс “залчихаж”. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн “засаглалын” үед буюу анх 2008 онд хуралдаж эхэлсэн Дэлхийн бодлогын бага хурал / ДББХ/-ЫН энэ жил болсон IV хуралдаанд оролцож чадаагүй шалтгаанаа тус байгууллагын тэргүүнд нь Намбарын Энхбаяр тайлбарлаж захидал илгээсэн нь энэ. ДББХ нь даяаршил, засаглалын асуудлаар дагнасан олон улсын нэр хүнд бүхий байгууллага гэж үнэлэгддэг.

Учир нь тус байгууллагын жил жилийн хуралдаанд Франц, ОХУ, Швейцарь, Турк зэрэг орны төр засгийн тэргүүнүүд оролцож ирсэн уламжлалтай. ДББХ-ын анхны болон өнгөрсөн жилийн хуралдаанд оролцсон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хуралдаанд оролцох чин хүсэл байсан, даанч “Саяхныг хүртэл Монгол Улс ардчилал уруу шилжих чиг хандлагыг тууштай баримталж байгаа, төв Азид ардчилсан өөрчлөлтийг гүн гүнзгий хийж байгаа бараг цорын ганц улс мөн хэмээн тооцогдож байсан юм” хэмээн шалтаг, шалтгаанаа тоочиж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, тэрбээр Монгол Улс ардчилсан бус учраас би “Ерөнхийлөгч асан”-ы хэмжээнд амьдарч чадахгүй байна хэмээн харь хүнд гомдоллосон нь тэр. Түүнийг “авлигын загалмайлсан эцэг” хэмээх нэр зүүж, хууль хяналтын байгууллагаас удаа дараа дуудагдахад хүрч байгаа нь Монгол Улс ардчилсан бус болсонтой холбоотой гэнэ. Үүний хамгийн сүүлийн жишээ нь түүний туслахыг цагдаа нар байцаах болсон явдал гэв. Туслахынхаа талаар тоочихдоо тэрбээр “…түүний цүнхнээс олдсон, өмнө нь ашиглагдчихсан хуучин тийзийг үндэслэн оргон зайлах гэж байгаа мэтээр ойлгуулан холбогдох байгууллагаар шийдвэр гаргуулжээ” хэмээн тун ч дэлгэрэнгүй өгүүлжээ.

Ер нь л мань хүн “Ерөнхийлөгч асан” бус Ерөнхийлөгч л байх ёстой хэмээн шаралхаж буйгаа энэ удаа ч нуусангүй. Учир нь тэрбээр “Ардчилсан бус оронд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хоёр хүний нэг нь Ерөнхийлөгч болоход нөгөөдөх нь “гэмт хэрэгтэн” болдог ажээ” хэмээсэн байгаа юм. Тэгээд болоогүй ээ, 2009 оны сонгууль нь луйврынх болсныг тодорхой баримтаар нотолж чадна гэж тэрүүхэндээ танихгүй хүнд “томорчихож”. Уг нь хавчигдаж, мөрдөгдөж байна хэмээн хамаагүй хүнд хошуу хүргэхийн оронд сонгууль луйвар байсныг нотлох тодорхой баримтаа хэлдэг, мэдүүдцэг газарт нь хэлчихвэл дээргүй юу.

Харин эцэст нь тэрбээр сонгуулийг албан ёсны гэхээс илүүтэй бодит үр дунд тулгуурлан дүгнэх ёстойг улам гүнзгий ойлгосноо хэд хэдэн газар давтан тэмдэглэжээ. Энэ юу гэсэн үг вэ. Албан ёсны дүнтэй сонгууль ардчиллын амин чухал элемент биш гэж үү. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярынхаар бол ард түмний нэр барьсан хэдэн нөхрийг гудамжинд жагсаачихаад, “төр эргүүлнэ” гэж дөвчигнөхөд түүртэх юмгүй болох нь ээ. Угаасаа мань хүн сүүлийн үед энэ чиглэлээр нэлээд мэргэшиж байгаа болохоор “амжилт” амтагдаж байж болох л юм. Үнэндээ түүний эл тэнэглэл монголын ардчилалд тээг тавьж байх шиг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс ардчилсан бус болчихоод Н.Энхбаярын “Ерөнхийлөгч асан” байх эрхийг хясаад байна уу, эсвэл Н.Энхбаяр гэх “Ерөнхийлөгч асан”-ы тэнэглэл энэ ардчиллаас хумслаад байна уу гэдгийг эрхбиш олон түмэн үнэлж суугаа биз. Ер нь Ерөнхийлөгч асан байхын нэр ердийн хэрэг биш. “Титэм үг” тэрлэдэггүй юм гэхэд тэрүүхэндээ тохьтой, томоотой байхыг шаарддаг юм. Ингэхэд Намбарын Энхбаяр гэсэн нэрийг ДББХ-ын IV чуулганд албан ёсоор уригдсан зочдын нэрс дундаас олж хараагүй юм байна.

Б.НОМИН


URL:

Сэтгэгдэл бичих