Хар тамхинд дарлуулсан арчаагүй Монгол
Хориод жилийн өмнө галт тэргээр зорчиж явахдаа хэсэг залуустай таарч билээ. Тухайн үед эмийн ургамал түүж яваа оюутнууд гэж өөрсдийгөө танилцуулсан залуус Орхон аймгийн Жаргалант сумаас шуудай дүүрэн ургамал түүснээ харуулж “хотод эмийн үйлдвэрт тушааж сургалтын төлбөрөө хийдэг” гэхэд нь тэднээр бахархах сэтгэл төрж байв шүү. Хожмоо мэдэхнээ тус суманд газар тариалан эрхэлж байсан хятад иргэдийн хаяад одсон талбайгаас олсны ургамал гэх мансууруулах төрөлд ордог өвс түүж хотод борлуулдаг байсан нь тэр байж. Тэрхүү олсны ургамлыг хэрэглэн мансуурсан рок залуус булш тонож цагдаагийнханд баригдсанаар тэр сүлжээ илэрч, хар тамхины төрөл болох олсны ургамал тархсан тус талбайг шатаасныг мэдэх юм. Соц нийгмийн үед Есөн гудамжны буюу одоогийн “Тэнгис” кино театр орчмын хятадууд ногооныхоо талбайд өөрсдийн хэрэгцээний хар тамхи тарьж хэрэглэдэг байсан. Түүгээр ч үл барам ХАА-н яамны цэцгийн мандалд тарьсан хар тамхиа бүр улсаар арчлуулан “ургац” авдаг байсан дотор газрын иргэнийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байжээ. Харин дээрх залуусын ургамал түүсэн явдал хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулах сүлжээний эхлэл байсан байх гэж санадаг. Хар тамхины худалдаа монголд тийн дэлгэрч байсантай харьцуулахад өдгөө тун нарийн бүтцэд орж, зохион байгуулалттай болсон нь ойлгомжтой. 2006 оноос өнөөдрийг хүртэл манай улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 588 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1573 хүнийг шалгасан байна.
Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд хийсэн судалгаагаар хар тамхины хэрэглээ монгол хүний удмын санд нөлөөлөх хэмжээнд хүрсэн нь тогтоогджээ. Захиалагч, зөөвөрлөгч, хүлээн авагч, борлуулагч, хэрэглэгч гэсэн “гинжин урвалд” орсон бүлгүүд хууль хяналтын ажилтнуудыг эгнээндээ нэгтгэсэн нь бүр ч нарийн зохион байгуулалттай болсныг илтгэж байна. Прокурор Х.Тамир, ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүний хар тамхины хэрэг үүний тод жишээ. Цагдаа, тагнуулын гүйцэтгэх ажлын арга барилыг мэдэх хүмүүс хар тамхины худалдааны сүлжээг удирдаж байгаа энэ тохиолдолд уг гэмт хэргийн хүрээ хумигдах бус бүр ч зах замбараагүй болж буй нь аймшигтай. 2018 оны эхний зургаан сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 91 гэмт хэрэгт 201 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үеэс 78.4 хувиар өссөн үзүүлэлт. Холбогдогч 68 хүнээр буюу 51.1 хувиар нэмэгдсэн байх юм. Манай улс хар тамхины наймааны хоёр урсгалтай. БНХАУ, ОХУ-аас хар тамхи зөөвөрлөгч нь дандаа монгол иргэд. тэдгээр иргэн бүгд гаднаас эх орондоо гай чирч яваад гардуулсан. Мөн энэ зорилгоор гаднын хил гаалийнханд “чихдүүлсэн” иргэд ч цөөнгүй. Сүүлийн жил хагасын хугацаанд монгол улсын 45 иргэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээр гадаадын хил гаалийнханд баригдаж шалгагдсан. Тэдний хоёр нь ОХУ-ын цагдаад шалгагдаж байгаа бол хоёр нь Сингапурын хилээр мансууруулах төрлийн бодис зөөвөрлөж яваад баригдсан. үлдсэн 41 нь БНХАУ-ын хилийн хяналтад баригджээ.
• Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 588 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1573 хүн шалгагджээ.
• Хар тамхины хэрэглээг тансаг цэнгэл гэж төсөөлдөг залуус олширчээ
• Хар тамхитай тэмцэх газрын 11 мөрдөн байцаагч, эрүүгийн 22 төлөөлөгчтэй бүтэц чамлагдаж байна.
2018 он гарснаас хойш БНХАУ-ын Эрээн хотод 20 монгол залуу хар тамхи зөөвөрлөсөн хэргээр хоригдон шалгагдаж байна. Мөн тус улсад хар тамхи, худалдан авсан, зөөвөрлөсөн нь нотлогдож, хоригдох ял эдэлж байгаа 25 хүн байдаг. Хар тамхи зөөвөрлөгчдийн дийлэнх нь өмнө нь биеэ үнэлэх болон хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан архаг гэмт хэрэгтнүүд байдгийг цагдаагийнхан тодотгожээ. Сүүлийн үед амьдралын эрхээр, амьжиргаагаа залгуулах зорилгоор хар тамхи зөөвөрлөж яваад баригдчихлаа гэж хөөрхийлж учирлах хүмүүс олон бий. Гэтэл начир дээрээ амар хялбар аргаар хурдан хугацаанд их мөнгөнд хүрэх гэсэн шунал зонхилж байгааг цагдаагийн мэдээллээс харж болно. Хамгийн гол нь тэр хүмүүс нийгэмд гамшиг тарих гай чирч ирж буй нь л уучилж болшгүй нүгэл. Архичин, биеэ үнэлэгч, хүчирхийлэгч, халаасны хулгайч зэрэг нийгмийг үймүүлэгчийн дэргэд хар тамхи зөөвөрлөгч бол нийгмийн тахал тээгч харх юм. Нөгөө талаар мөнгө нь сагасан шинэ баячуулын зовлон үзээгүй бацаануудын цэнгэл тээвэрлэгчид. Буруу гараар олсон мөнгөнөөс хүртэхийг санаархагчдын гар хөл төдий шүү дээ. Хар тамхи зөөвөрлөгч, худалдан борлуулагчийн дийлэнх нь өөрсдөө хэрэглэдэггүй зөвхөн ашиг олохын тулд азаа үздэгийг мэдэх үү. Ийм тохиолдолд хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг хөөрхийлөөд байх нь хэр таарах дүгнэлт вэ. Тэдэнд тусах хариуцлагыг чангатгах тусам хэрэглэгчийн хүрээ хумигдах магадтай. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд хар тамхины хэрэгт холбогдсон урлагийнханд зөөлөн хандсан нь хар тамхитай тэмцэх бодлогыг сулруулсан байх талтай. Рок попын тод одоос эхлээд өөрсдийгөө дөвийлгөсөн одонцорууд хүртэл тансаглалаа хэтрүүлж хар тамхинд донтсон. Харин алдартай, нэртэй төртэй гэдгээр төрийн өршөөл үзүүлсэн нь нийгэмд буруу ойлголт өгчих шиг. Өнөөгийн залуус урлагийн оддоос үлгэр дуурайлал авдагийг мэдэх хэрнээ тэдний үйлдлийг өөгшүүлсэн нь зөвтгөл болж харагдахгүй байна. Тэр минь, энэ маань, хөөрхий минь гэсээр давраасан одонцоруудаас “хайр даахгүй новш” болсон жишээ ч байгаа шүү.
Он гарсаар хар тамхитай холбоотой 91 гэмт хэрэгт 201 хүн шалгагдаж байна
Өмнө нь хар тамхины хэрэгт холбогдсон, Ice Top хамтлагийн дуучин Коби буюу С.Чулуунбаяр хар тамхи хэрэглэсэн хэргээр дахин “аавын хаалга татах” болоод байгаа нь ч үүний тод жишээ. Одууд өөрсдөө хэрэглээд зогсохгүй урлагийнхнаа уруу татаад байгаа нь үнэн чанартаа далд сурталчилгаа болж байгааг тооцох хэрэгтэй. Баячуулын эрх хүүхдүүд, урлагийн оддын цэнгэл залууст буруу үлгэр үзүүлээд байгааг тоочоод барахгүй. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзсэн найзаа тансаг зэрэглэлд боддог болсон нь тийш тэмүүлэх залуусын сонирхлыг тэлж байна. Мансуурал дагасан цэнгэл дээд тансаглал мэт ойлгодог өсвөр үе ч бойжиж байгаа нь үндэстний аюул биш гэж үү. Мансууралт, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нь архинаас 60 дахин их донтуулдаг учраас санхүүгийн хувьд ч их хор хохирол учруулдаг. Хар тамхинд хордсон, донтсон хүний зан авир өөрчлөгдөж, хайрлах, хүндлэх сэтгэлгүй болдгоороо нийгмийн хорт өвчин юм. Хар тамхи, мансууруулах бодисыг авч хэрэглэхийн төлөө донтсон хүн юу ч хийхээс буцахгүй болдгийг олон улсын түвшинд тогтоочихсон. Ийм тохойлдолд өргөн хүрээнд гүйцэтгэх ажиллагаа явуулж, ялын бодлогоо чанагатгах нь ирээдүйд хийх зөв сонголт байх нь дамжигггүй. Хар тамхины хор хөнөөл монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болсон.
Хар тамхийг даган эрүүгийн нөхцөлийг хүндрүүлдэг олон ноцтой үр дагавар бий болдог. Нийгмийн хар толбо болсон биеэ үнэлэлт, садар самуунаас эхлээд хүний наймаа, эд эрхтний худалдаа, зэвсэгийн наймаа гээд дэлхий нийтээр тэмцээд дийлдэггүй аюул манай улсыг тойрохгүй. Хүн амд ноогдох амиа хорлолт, хорт хавдарын болон зам тээврийн ослоор нас баралтын тоогоор дэлхийд толгой цохиж яваа бараан үзүүлэлт дээр хар тамхины хэрэгт холбогдогсдын тоогоор дэлхийд тэргүүн эгнээнд бичигдэж байх вий. Орон сууцны тагт, хашаандаа хар тамхи тарих хэмжээнд хүрсэн замбараагүйтэл түүнд хөтлөх нотолгоо болох биз. Нэгэнт хар тамхины хэрэглээ хорт хавдар мэт тархвал нийгмийн “өвчлөлөө” дийлэлгүй сүйрлийн ирмэгт очиж болзошгүйг хар тамхины хэргийн тоон мэдээллүүд хангалттай өгүүлж буй. ҮАБЗ яг одооноос “фокус”-аа тааруулж бүтэц бодлогын оновчтой хөтөлбөр гаргах тулгамдуу шаардлага бий. Түүнээс биш хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хороо гэх сүржин нэртэй, даржин үйл ажиллагаатай хол явахгүй. Саяхан шинээр байгуулагдсан гэх яамдын төлөөлөл, хил, гаалийн ажилтнууд, хар тамхитай тэмцэх газрын 11 мөрдөн байцаагч, эрүүгийн 22 ажилтантай бүтэц жулдаж байна. Энэ хүчээр хар тамхины 10 гаруй хүнтэй бүлэглэлүүд, 20-30 гишүүнтэй сүлжээнүүдтэй тэмцэж байгаа гэхээр хэтэрхий чамлалттай. ЭМЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хар тамхины чиглэлээр хамтарч ажилладаг боловч голдуу гэмт хэрэгт холбогдсон иргэдийг шинжилгээнд хамруулах, донтсон иргэдийг эмчлэхэд анхаардаг. Донтсон иргэдийг эмчлэх нь эрүүл мэндийг хамгаалах хүрээнд хийгдэж байгаа ажил болохоос нийгмийг эмчлэхэд чиглэгдсэн ажил биш гэдгийг хэлүүлэх юун. Хамгийн гол нь гуравхан сая монголчуудыг сүйрүүлэхэд ойрхон байгаа аймшгийг таслан зогсооход том бүтцээр, залуусын сэтгэлгээг өөрчлөхөд өргөнөөр сэтгэх шаардлага нэхэгдэж байна.
Засгийн газрын мэдээ
URL: