МАХН яагаад МАН-тай зам нийлээгүй вэ?
МАХН–ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэдэгдэл. 2010 оны есдүгээр сарын 6 “Зууны мэдээ” сонины ¹213.
Улсын дээд шүүхээс 2011 оны зургадугаар сарын 24-ний өдөр МАХН–ын нэрийг сэргээж, бүртгэсэн байдаг. МАХН өчигдөр Дээд үндсэн хуулиа босоо монгол бичигт хөрвүүлснээ олон нийтэд танилцуулан нэрээ сэргээсний ойгоо тэмдэглэн өнгөрүүлэв. МАХН, МАН яагаад салаа замаар замнасан бэ? Энэ асуултын хариуг 2010 онд болон үйл явдлуудаас харж болно. МАХН–ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАХН–ын бүлгийн өргөтгөсөн хуралд Тухайн үед буюу 2010 онд МАХН–ын дарга байсан С.Батболд МАХН–ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАХН–ын бүлгийн нэрийн өмнөөс “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” нэртэй тунхаг бичгийг гарган танилцуулсан байдаг. МАХН гэдэг нэрээс хувьсгалт гэдэг үгийг авч хаях үндэслэл болсон энэ бичиг баримтыг “Тэрэлжийн тунхаг” хэмээн нэрлэдэг. Үүний дараахан МАХН–ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ асуудалтай холбоотойгоор намын удирдлага, жирийн гишүүддээ хандан мэдэгдэл гаргаж байв. Мэдэгдэлд намын үнэт зүйл, үзэл бодлын ялгааг тодорхой өгүүлж, намын нэр, үзэл баримтлалыг солих гэсэн санаа нь хэрэгжвэл урагшлах бус, ухрах үйл ажиллагаа болно гэдгийг анхааруулан сэрэмжлүүлж байна” гэдгийг хэлжээ. МАХН–ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын 2010 оны есдүгээр сарын 5-ны өдөр гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. МАХН, МАН хоёр яагаад зам нийлээгүй вэ гэдгийн нэг тайлал энд буй.
МАХН-ын өнөөгийн удирдлага, УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд, Бага хурлын гишүүд, НАШБ-ын удирдлага, жирийн гишүүд, дэмжигчдэд
Саяхан МАХН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАХН-ын бүлгийн нэрийн өмнөөс “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” нэртэй тунхаг бичиг гаргалаа.
МАХН түүхэндээ анх удаа, өнөөг хүртэл цорын ганц удаа цөөнх болж, “орших, эс орших”-ын ирмэг дээр тулж очсон хамгийн хүнд хэцүү үед намынхаа журмын нөхдийн дэмжлэгээр намын удирдлагад сонгогдож, МАХН-ыг Монгол Улсын улс төрийн орон зайд өөрийн гэсэн бат бэх байр суурьтай болгох, үүний тулд цогц шинэчлэх амаргүй ажлыг намын гишүүд, дэмжигчдийн дэмжлэгтэйгээр хамтран хийж бүтээсэн хүний хувьд энэ тунхаг бичигтэй холбогдуулж байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ асуудлаар намын гишүүд, дэмжигчид, хамтран ажиллаж зүтгэж байсан нөхөд ч миний байр суурь, үзэл бодлыг сонирхож байгаа биз ээ. Тунхаг бичгийг зохиогчдын дэвшүүлж буй анхаарал татсан гол гол санааг товчлон ишлэвэл:
-Монгол Ардын Нам хэмээх нэр авах.
-Үндэсний ардчилсан үзэл санааг намынхаа үзэл баримтлал болгох.
-Ард иргэд өөрөө зүтгэж ахуй амьдралаа дээшлүүлдэг болох.
-Хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх.
-Намын нэрээр сонгогдож, томилогдсон бүх шатны боловсон хүчний сахилга хариуцлагыг чангатгах, “тэнцэнэ” гэдэг нэг л шалгуурыг урьтал болгох.
-Бодлого баримтлах сахилга батыг бэхжүүлэн хэвшүүлэх эдгээр болно.
Эдгээр гол санааг багцалж үзвэл гурван үндсэн багц болж байна.
Эхний багц зорилт буюу намын нэр, үзэл баримтлалыг өөрчлөх эсэх асуудал нь намын үүссэн болон туулж ирсэн түүх, өнөөгийн ба ирээдүйн улс төрийн орон зайд эзэлж байгаа, мөн эзлэх орон зайтай салшгүй холбоотой.
МАХН-ын түүхэнд ололт амжилт, алдаа дутагдлын аль аль нь бий. Бусад улс төрийн намын түүхэнд ч мөн адил ололт ч бий, дутагдал ч бий. Гэхдээ МАХН хамгийн ахмад нам учир хамгийн урт түүхтэй. Тийм ч учир түүнийг хамгийн их шүүмжилдэг, мөн түүнд хамгийн их итгэдэг.
Ололт амжилтаас нь товч дурдвал улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээн тогтоох, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, монгол хүн болгоныг бичиг үсэгтэй, эрүүл саруул бие бялдартай болгох, улс орноо хөгжлийн тодорхой төвшинд хүргэх зэрэг болно.
Алдаа дутагдлаас нь товч дурдвал, хамгийн түрүүн бөгөөд гол нь хэлмэгдүүлэлтийн асуудал байдаг.
Хэлмэгдүүлэлтэд нам өөрөө ч өртсөн, санаатай, санамсаргүйгээр гишүүдээ ч өртүүлсэн, жирийн иргэдийг ч хохироосны аль аль нь бий. Хэлмэгдүүлэлт бол дэлхий дахин болон манай хөршүүдийг хамарсан их өөрчлөлтийн салхи шуурга, улс оронд маань өрнөсөн огцом өөрчлөлтийн хүчирхэг давалгаан дунд Монголын ард түмний өөрөө хүсээгүй ч туулсан эмгэнэлт он жилүүд билээ. Гэхдээ хэлмэгдүүлэлтэд МАХН огт буруугүй хэмээн түүнийг “хамгаалах”, эсвэл хэлмэгдүүлэлтийн бүх бурууг дан ганц МАХН дээр тохох гэж оролдохын аль аль нь буруу. Тийм ч учир тухайн үед МАХН-ын даргын хувьд миний бие хэлмэгдүүлэлттэй холбогдуулж, түүний үүссэн учир шалтгаан, өрнөсөн үйл явц, үлдээсэн хор хохирлыг чадан ядан тайлбарлахын сацуу хамгийн гол нь МАХН-ын нэрийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуйсан юм. Энэ бол ёс суртахуун, шударга ёсонд нийцсэн чухал алхам болсон билээ.
МАХН-ын түүхийн амжилт, алдаа хоёрыг улс орны тусгаар тогтнол хэмээх хамгийн чухал шалгуураар дэнсэлж үзвэл эерэг тал нь давамгайлна.
Ийнхүү хүнд хэцүү саад бэрхшээлийг даван туулж, улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээн тогтоох, хөгжил дэвшилд хүргэхийн тулд зүтгэж ирэхдээ МАХН-ын тууштай баримталж ирсэн үзэл баримтлал нь улс төрийн онолын томъёоллоор зүүний үзэл баримтлал юм. “Эрх чөлөө”, “Шударга ёс”, “Эв нэгдэл” хэмээх “Тулгын гурван чулуу-зарчим” дээр тогтдог энэ үзэл баримтлал манай ахмад үе, өнөө үе, ирээдүйн үеийг хооронд нь холбосон нэг ёсны амин холбоо билээ.
Үзэл баримтлал бол улс төрийн намын хувьд амин сүнс нь байдаг. Нам бол үзэл баримтлал, санаа бодол, итгэл үнэмшил, зорилго, зарчмаараа нэгдсэн хүмүүсийн амьд нэгдэл. Үзэл баримтлалын цаана зорилго, зарчим, итгэл үнэмшил, үнэт зүйлс, аливаа асуудлыг шийдэх өвөрмөц бодлого, арга оршино.
Дашрамд хэлэхэд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй МАХН-аас өөр бусад томоохон намууд тодорхой үзэл баримтлалгүй байдаг нь харамсалтай. Үзэл баримтлалгүй нам, мөн үзэл баримтлалаа мартсан нам хоосон сав лугаа адил. Аль аль нь зөвхөн албан тушаал, ашиг хонжоо харсан хүмүүсийн “хиймэл бөгөөд үхмэл” нэгдэл. Үзэл баримтлалгүй байх эсвэл үзэл баримтлалаа мартах нь зорилгогүй, зарчимгүй, итгэл үнэмшилгүй, үнэт зүйлгүй, аливаа асуудлыг шийдэх бодлогогүй, аргагүй байна гэсэн үг.
Үзэл баримтлалтай байхтай холбогдож түүнийгээ шинэчлэх, эсвэл бүр солих асуудал гардаг. Шинэчлэх ба солих нь хоёр өөр, бүр эсрэг тэсрэг гэж хэлж болохоор алхмууд. Хялбаршуулбал шинэчлэх нь байгаа үзэл баримтлалаа өөд нь татаж, шинэчилж, эдүгээтэй нийцүүлж авна гэсэн үг. Харин солих нь байгаагаа орхиж, огт өөр үзэл баримтлалтай болохын нэр.
Шинэчлэх ба солихын аль аль нь тодорхой шалтгаантай байх ёстой. Алдаа дутагдлаа засах, нэр хүндээ сайжруулах, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, гишүүддээ ойртох шаардлага байгаа бол үзэл баримтлалаа, түүнийг дагаж үйл ажиллагаагаа шинэчилнэ.
Харин баримталж буй үзэл баримтлал бүрэн шавхагдаж мөхсөн, гишүүд энэ үзэл баримтлалыг тойрч итгэл үнэмшлээрээ нэгдэхээ больсон бол нам тарж, хүмүүс шинээр өөр үзэл баримтлалыг тойрч итгэл үнэмшлээрээ нэгдэж шинэ нам байгуулна. Зорилго, зарчим, итгэл үнэмшил, үнэт зүйлс, бодлого, арга бүрмөсөн солигдоно.
Уламжлалт зүүний “Ардчилсан социалист” үзэл баримтлалыг “Үндэсний ардчилсан” үзэл баримтлал болгох зорилго дэвшүүлнэ гэдэг нь зүүний чиг баримжаа бүхий уламжлалт үзэл баримтлалыг шинэчлэх бус харин барууны чиг баримжаа бүхий огт өөр үзэл баримтлалаар солино гэсэн үг.
Миний бодлоор МАХН-ын уламжлалт зүүний шинэчлэгдсэн үзэл баримтлал утга агуулга, үнэт зүйлс, зарчим, зорилгоороо бүрэн шавхагдаагүй. Шавхагдах ч болоогүй. “Эрх чөлөө”, “Шударга ёс”, “Эв нэгдэл” хэрэгцээ шаардлагатай байгаа цагт энэ үзэл баримтлал хэрэгцээ шаардлагатай байсаар байна.
Нэр, үзэл баримтлал нь “муу” учир МАХН-ын нэр хүнд муу байна гэж үзэж болохгүй. Харин шуудхан хэлэхэд МАХН-ын өнөөгийн удирдлагын зарим хүний нэр хүнд муу, ажиллаж буй арга нь болхи, жирийн гишүүд, дэмжигчдээсээ хол хөндий, хамтаараа нэртэй, үнэн хэрэг дээрээ цөөн хүний тулгалтаар шийдэж буй асуудал нь алдаа дутагдалтай, ард түмэнд амласнаа биелүүлэхгүй байгаа нь намын нэр хүндэд муугаар нөлөөлж байна.
Иймээс намынхаа нэр хүндийг сайжруулахыг зорьж байгаа бол үзэл баримтлалаа солих биш харин нэг ёсны орхигдуулсан үзэл баримтлалаа сэргээн шинэчилж, намыг зөвхөн албан тушаал, ашиг хонжоо олдог хэрэгсэл хэмээн үзэж ашигладгийг засч, итгэл үнэмшил, зарчим, үнэт зүйлсээр нэгдсэн хүмүүсийн ард түмэндээ үйлчлэх, амласнаа биелүүлэх, улс орноо хөгжүүлэх зорилго бүхий амьд нэгдэл хэмээн үзэх хандлагыг хэвшүүлж, түүнд зохицуулж үйл ажиллагаагаа шинэчлэх нь зүйтэй гэж зөвлөж байна.
Тэгээд ч эхний багц зорилтыг хэрэгжүүлэхэд ямар нэр, үзэл баримтлалтай намын өмнөөс нэр дэвшиж сонгогдсон билээ гээд бүх шатны сонгуультнуудад иргэд сонгогчид эргэлзэх, сонгогдсон албан тушаалтнууд ч өөрсдөө итгэл үнэмшилдээ будилах, төөрөлдөх зэрэг хууль эрх зүйн болон ёс суртахууны ихээхэн будилаан үүснэ.
Зүүний үзэл баримтлал бол мөн чанараараа байнга залуу байдаг. Амьдралд идэвхтэй хандах зарчмыг баримталдаг, ирээдүйдээ итгэлтэй байдаг хүмүүсийн баримталдаг үзэл баримтлал билээ. Тийм ч учир МАХН-ын гишүүд, түүний дотор ахмад гишүүд үргэлж залуу сэтгэлтэй, идэвхтэй байр суурьтай байдаг. Харамсалтай нь гишүүдийнхээ идэвхтэй байр суурийг зарим дарга нар хийх юмаа олж ядсан хүмүүсийн хоосон шүүмжлэл хэмээн төвөгшөөн хүлээж авдгийг болих хэрэгтэй.
Нөгөө талаар өнөөгийн ядуурлыг арилгах, баян ба ядуугийн ялгааг багасгах, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлж хэвшүүлэх, харьцангуй чинээлэг дундаж давхаргыг буй болгох, хот, хөдөөг жигд хөгжүүлэх асуудал тулгамдсан зорилт хэвээр байгаа цагт зүүн төвийн үзлээс татгалзах нь эдгээр асуудлыг шийдэж чадахгүй гэж бууж өгөх, эсвэл шийдэхгүй хэмээн зайлан зугтахтай агаар нэгэн болно.
Ирээдүйд манай улсын нийт хүн амын олонх нь залуучууд байх нь тодорхой байгаа нөхцөлд “залуучуудын” хэмээн тодорхойлдог зүүний үзэл баримтлалаас татгалзах нь ирээдүйд улс төрийн орон зайгаа алдана гэсэн үг.
Ер нь улс төрийн нам бол үе үеийнхний итгэл үнэмшлээрээ нэгдсэн амьд нэгдэл холбоо тул ахмад, дунд, залуу үе хамтран намаа авч явах, алдаа дутагдлаа засах, ололт амжилтаа бэхжүүлэх шаардлагатай байдаг. Аль нэгэн үеийг бусдынх нь дээр тавьж “онцгой эрх” эдлүүлэх эсвэл бусдынх нь доор хийж “ад үзэх”-ийн аль аль нь намд хортой, намын эв нэгдэл, үйл ажиллагаанд хохиролтой.
Эхний багц санал буюу намын нэр, үзэл баримтлалыг солих гэсэн санаа нь хэрэгжвэл урагшлах бус ухрах үйл ажиллагаа болно гэдгийг анхааруулан сэрэмжлүүлж байна.
Тунхагт буй эхний багц зорилготой уялдуулан дэвшүүлж байгаа хоёр дахь зорилт нь баруун чиглэлийн үзэл баримтлал руу үсрэн шилжих гэж буй санаархал байгааг улам тодоор нотолж байна. МАХН туулсан түүхэндээ баримталж ирсэн зүүн үзэл баримтлалын дагуу ард түмнийхээ хөгжил дэвшлийн асуудлыг өөрт нь нааж орхилгүй харин гардан хариуцаж шийдэхийн төлөө ажиллаж ирсэн билээ. Ингэж тэмүүлэхдээ зарим үед хүний эрх, эрх чөлөөг орхигдуулж байсан нь бас л өнөөх зүүн үзэл баримтлалтай байсны нотолгоо. Гэхдээ ийм алдаа дутагдлыг зүүн туйлширсан үзэл баримтлалаас зүүн төвийн үзэл баримтлал руу шилжин шинэчилж засахаас бус хүн бүр хувиа хичээж, өөрийнхөө амьдралыг өөд нь татна гэсэн барууны үзэл баримтлалын номолдог зарчмыг баримталдаг болсноор шийдэж болохгүй. Тэгвээс түүхээсээ, мөн чанараасаа татгалзаж буйгаа, өнөөгийн хариуцлагаас мултрах, тулгамдсан асуудлыг шийдэх хүсэлгүй байгаагаа нотолно.
Гэтэл харамсалтай нь тунхагт “ард иргэд ахуй амьдралаа өөрөө шийдэх”, энэ нь хөгжлийн шинэ үеийн эхлэл болох тухай зорилтыг дэвшүүлжээ. Энэ зорилт цаад утгаараа “залхуу хүн ядуу байдаг” гэсэн барууны үзэл баримтлал баримтлагчдын хэлж ярих дуртай үгтэй уялдан холбогдож байна. Ард иргэд ахуй амьдралаа өөрөө дээшлүүлэх зорилго дэвшүүлж байгаа бол МАХН ард түмний өмнө хүлээх үүрэггүй, улмаар ард иргэдэд хэрэггүй нам болно гэсэн үг. Өөрийгөө шинэчлэхдээ хэрэггүй болтлоо шинэчилж болохгүй биз ээ хэмээн гайхаж, бас анхааруулж байна.
Гурав дахь багц зорилго нь гишүүдийнхээ сахилга батыг бат бэх болгох тухай асуудлыг хөнджээ. Энд зарчмын нэгэн чухал ялгааг ойлгох, анхаарах хэрэгтэйг тэмдэглэе. Энэ ялгаа нь төрийн алба ба намын ажилтай холбоотой. Төрийн алба хууль, дүрмээр зохицуулагдсан, түүнд баригдсан сахилга баттай байдаг. Харин намын гишүүд итгэл үнэмшил, үнэт зүйл, нэгдсэн зорилгоороо, гишүүн бүр намынхаа, намаараа дамжиж нийгмийн харилцаанд идэвхтэй оролцсон “сэтгэл ханамж”-тай байдлаараа “сахилга бат”-тай байдаг. Ийм “сэтгэл ханамж”-тай байдал байхгүй бол өөрөөр хэлбэл, намыг нэгэн хугацаанд удирдлагад нь гарсан цөөн тооны хүн “өмчилж, хувьчилж” авсан бол, тэд явцуу хүрээнд гаргасан шийдвэрээ намын гишүүдээрээ хэлэлцүүлэлгүй тулгадаг бол, тэгсэн мөртлөө өөрсдөө хариуцлагаас байнга зугтдаг бол, хийж хэрэгжүүлж буй ажил нь олон нийтийн болон намын жирийн гишүүдийн санаа сэтгэлд хүрэхгүй, нийцэхгүй байгаа бол бат бэх сахилга бий болохгүй, хэвшиж тогтохгүй.
Энэ гурав дахь багц зорилгод намын удирдлагатай хариуцлага тооцох, тэд сахилга баттай байх ёстой тухай зорилт, заалт байхгүй байгаа нь харамсалтай. Намын удирдлага гишүүдтэйгээ харьцуулахад илүү хариуцлагатай байж нам дотор эрүүл саруул уур амьсгал бүрдэнэ, үйл ажиллагаа ч идэвхтэй байна.
Өнөөгийн төр, засгийн болон намын ажилд гүн гүнзгий нэвтэрсэн хээл хахуулийг арилгах, амласнаа биелүүлэх, үйл ажиллагаагаа ил тод, хариуцлагатай байлгах, боловсон хүчний сонголтыг шударга, оновчтой болгох, намыг зөвхөн албан тушаал, ашиг хонжооны хэрэгсэл болгосныг засах, цаашид нийгэмд тогтсон цөөнх нь хожиж, олонх нь хохирдог “урвуу буюу хуурамч ардчилал”-ыг олноороо хамтдаа идэвхтэй оролцож байгуулдаг, байлгадаг “жинхэнэ ардчилал” болгох тухай зорилтууд туйлын бүрхэг, шулуухан хэлэхэд огт дэвшээгүй байгааг анхааруулъя.
Тунхагт дэвшүүлсэн зорилтуудыг багцалж дүгнэвэл намынхаа туулж ирсэн түүхийг бүхэлд нь үгүйсгэсэн, өнөөгийн нөхцөл байдлыг алдаатай дүгнэсэн, ирээдүйгээ буруу төсөөлсөн, ард иргэдээсээ хөндийрсөн, жирийн гишүүддээ хатуурхсан, улмаар нийгмийн байр сууриа алдахад хүргэх, гадаад ертөнцөөс өөрийгөө хөндийрүүлэх магадлалтай зорилтууд болсон байна.
Ийм зорилтууд боловсруулж буйгаа намын шинэчлэлийн төлөө зүтгэж, ингэсний төлөө өөрийн болон өрөөлийн шүүмжлэл бай болж ирсэн. Энэ тухай бусдаас сонссон биш, харин нөхдүүдтэйгээ хамт гардан хийж бүтээсэн хүмүүсийн саналыг урьдчилан авах, жирийн гишүүдээрээ урьдчилан хэлэлцүүлэх ажлыг хийлгүй нөгөө л цөөн хэдэн хүний явцуу хүрээнд ярьж, яаран боловсруулж, гэнэт гишүүд, дэмжигчдэдээ тулгах маягаар гаргаж ирсэнд харамсч буйгаа илэрхийлье.
Энэ тунхаг ард иргэд болон гишүүд, дэмжигчдийн анхаарлыг улс орон, намын тулгамдсан бодит асуудлаас хөндийрүүлэх гэсэн оролдлого биш байгаасай хэмээн найдаж байна. Хэрэв тийм арчаагүй оролдлого иймэрхүү хэлбэр маягаар илэрч байгаа бол намын удирдлагын цөөн хүн үнэхээр хариуцлагагүйн далайд хөл алдан живж, улс орон, ард түмэн, намынхаа амьдрал, зорилгоос ихээхэн хөндийрсний нотолгоо болно. Улс орны амьдрал, намын ажил бол тоглоом даажигнал биш баймаар.
Энэ бүхнийг эрэгцүүлж, нэг талаас ийм бүдүүлэг үйл ажиллагааг эс тэвчиж, нөгөө талаар өнөөгийн намын удирдлагад байгаа хүмүүсийн олон нь миний улс төрд хөтлөн оруулж ирж дэмжсэн хүмүүс байгаа тул тэд ойлгох байх хэмээн найдаж энэ бүхнийг бичиж, санал бодлоо илэрхийлэв.
Будилснаа шинэчлэл, хариуцлагаас мултарч зугтаснаа манлайлал, ухарснаа хөгжил гэж нэрлэж яавч болохгүй.
Сайн санасан ч мэдэхгүй, чадахгүйгээс болж буруу зөрүү зорилт дэвшүүлж байгаа. Гэхдээ МАХН-ын шинэчлэлийг жинхэнэ утгаар нь хийж, хэрэгжүүлье гэж байгаа бол миний бие намын журмын нөхдүүдтэй хамтран зүтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Харин санаатайгаар “буруу замаар будаа тээх” гэж мугуйдлан зүтгэвэл анхааруулах, шүүмжлэх, алдааг засуулахын төлөө тэмцэх болно гэдгээ мэдэгдье.
Надтай адил бодож буй, МАХН-ын хувь заяанд санаа зовж байгаа олон гишүүн, дэмжигчид байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Намбарын Энхбаяр
URL: