ПУНЦАГИЙН БАДАРЧ: ЗОХИОЛЧ ХҮҮХНҮҮД “БУРХАН БАГШ ТАНД ЧОНЫН ТАРХИ СУУЛГАСАН ЮМ ЧИНЬ МӨНХӨРНӨ” ГЭЖ “НОХОЙТСОН”

13site1_dpWrfppМонгол түмний хайртай найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Пунцагийн Бадарчтай Зайсан дахь гэрт нь очиж хөөрөлдлөө. “Есөн эрдэнийн орон” найраглал, “Адуу”, “Тэмээ”, “Эхийн сэтгэл” зэрэг шүлгүүд, “Бурхан багшийн сургааль”-ийн шүлэглэсэн хувилбар зэрэг олон сайхан бүтээлээрээ ард түмнээ ухаарал гэгээрлийн харгуйд хөтөлсөн эрхэмсэг буурал найрагч маань хоёр, гурван ч удаа хагалгаанд орж, хүнд өвчинтэй тэмцсээр хөл дээрээ боссон билээ.


-Сайхан зусаад байна уу, та?

-Сайхан зусаж байна. Сайхан байлгүй яахав. Миний хувьд зуслан их тохитой байна. Манайх энд хүргэнийхтэйгээ хоёр айл таван өрөө байрандаа тайван сайхан л аж төрж байна. Зусланд уг нь жил бүр л гардаг юм. Сүүлийн хоёр жилд гарсангүй. Энэ жил гарах ч юм уу, үгүй ч юм уу, мэдсэн юм алга.

-Зусланд хаашаа гардаг билээ?

-Энүүхэн Шарга морьт руу. Манай охин Бүжингийн ажилладаг компанийн захирал бүсгүй тийшээ гаргадаг юм. “Баян Монгол” зах, дэлгүүртэй том компани бий. Тэр зуслан их модон дотор тун сайхан. Автобусны буудлаас ердөө зуун метр л явна. Гэхдээ одоо зуслан гарахад их хүйтэн юм. Өглөө, үдэшдээ жаахан даарах гээд байдаг.

-Хотын төв талбай дээр болсон номын баярт та оччихсон номон дээрээ гарын үсгээ зураад сууж байгаа харагдсан даа?

-Тэгсэн. Намайг “Номоо худалд, үнэгүй лангуу өгье. Гурван жил номын баяртаа ирсэнгүй. “Нээлгэнэ” энэ тэр гэж хөөргөөд. Тэгээд би нээдэг амьтан болж очихгүй юу. Буруу хойшоо доо. Нээсээн. Тэр сайхан баярт гурван жил очоогүй юм байна шүү. Номын баярт оролцохын буруу юм гэж юу байхав. Ном шиг сайхан юм ертөнцөд байхгүй. Номын хэлбэр загвар өөрчлөгдөөд цахим ном гарч л байна. Тэглээ ч ном бол номоороо байна гэдэг сайхан. Ном бол агуу юм шиг надад санагддаг. Яагаад вэ гэхээр хүн төрөлхтөн хамгийн үнэн сэтгэлээ илчилж үлдээсэн нандин шүтээн бол ном юм даа.

-Таныг их хүнд мэс ажилбарт орлоо гэж дуулсан. Одоо бие лагшин тунгалаг уу?

-Миний тархинд харвалт өглөө л гэсэн. Энэ чинь одоо раактай (хорт хавдар) улсууд үхлээ л гэх юм. Тэгэхэд хагалуулсан би байж л байх. Манай зохиолч хүүхнүүд ирэхээрээ “Та одоо мөнхрөх болж дээ. Танд бурхан багш чонын тархи суулгачихсан байна” гэх юм. (инээв. Л.Б)

-Өө, бүр чонын тархи суулгачихсан, аан?

-Яруу найрагч Цоодолын Хулан тэгж “нохойтож” байна. Би ч “Тэгэлгүй яахав” л гэлээ. Тиймээс бие их сайн байна. Хөлийнхөө өлмийнөөс өгсүүлээд баруун тархиныхаа эх хүртэл харвасан юм шүү дээ. Гавлын ясыг минь хөрөөдөж үхрийн шагайн чинээ яс авсан. Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат эд харсан шүү. Тэр яс одоо миний охин Бүжээд хадгалагдаж байна.

П.Бадарч охин Бүжигтэйгээ

-Яруу найрагч Хулан таны элэгний шинжилгээний бичгийг үзчихээд “шар сэмжилчихсэн” байна гэж эмч хэллээ гэж таныг айлгасан гэдэг үнэн үү?

-Тийм. Манайхыг тэр баруунтайх хориннэгдүгээр хороололд байхад тэгсэн юм. Би тэр үед элэгний шинжилгээ өгчихөөд “Ямар ч гараа билээ” гэж очиж авахаас айгаад байхгүй юу. “Мах битгий идээрэй, архи дарс бүү уугаарай” гэсэн л юм хэлэх байх гээд Хуланд утасдаж “Эмнэлэг дээр очоод миний шинжилгээг аваад ир. Их муу байвал нуулгүй надад хэлээрэй” гэсэн. Тэгсэн өнөөх чинь утасдаж байна аа. “Шинжилгээний чинь хариуг авлаа. Тун базаахгүй л гарлаа даа” гэлээ. “За, юу гэж байна” гэсэн чинь “С вирустай гэж эмч хэлж байна” гэхээр нь худлаа газар л элгээ дарж үзлээ. “Мэдэгдэхгүй л байна даа” гэсэн чинь өнөөх чинь инээгээд “Таны элэг чинь зүгээр гэнэ. Харин сэмж чинь л нэлээд шарласан байна гэсэн шүү” гэж байгаа юм. Тэгж миний шинжилгээг Хулан золиг “оношилсон” юм байгаа юм. Хулан гэснээс “Хулангийн үдэш”-ээ сая гуравдугаар сард хийлээ дээ.

-Тэгсэн шүү…

-Сайхан үдэшлэг байна лээ. Шүлгээ ч сайхан уншдаг хүн юм даа. Хоёр ч удаа “Болор цом” авчихсан. Хайрын шүлгүүд уншиж байна. Ер нь ухаалаг, тийм сайхан үдэшлэгийг Соёлын төв өргөөнд хийлээ. Хулан ч өөрөө олонтой хүн юм. Үзэгчдийн танхим дүүрэн байсан шүү. Ахмад уран бүтээлчдээс Дөнгөтийн Цоодол, Д.Төрбат, бид гурав л байлаа. Одоо чинь ахмад зохиолчид ерөөсөө байхгүй болчихож.

-Мэр сэр ахмад зохиолчид байгаа байх аа?

-Ардын уран зохиолч Тангадын Галсан байна. Ахмадын хамгийн дээд талынх нь Бөхийн Бааст байна. 1921 оны Ардын хувьсгалтай чацуу хүн. Бараг зуу руу дөхсөн шүү дээ. Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа, Шаравын Сүрэнжав гээд ахмадууд цөөрсөн. Хөдөлмөрийн баатар ЛодонгийнТүдэв гэхэд наян хэдтэй байх жишээтэй.

-Зохиолч Түдэв гуай эд нар тантай утсаар ярьж байна уу?

-Ер нь ярьдаг юм. Ойрдоо ярьсангүй. Гэртээ л байгаа. Намайг утасдвал авна. Би Л.Түдэвийн тухай, Түдэв ч миний талаар хөрөг бичсэн. “Эх орны есөн эрдэнийн титэм өмсгөгч” бил үү, тийм гарчигтай хөрөг бичсэн байсан. Би тэрийг номондоо ч оруулсан. Гэхдээ эд нартайгаа харилцаатай. Сүрэнжавтайгаа, Дулмаатайгаа, Галсантайгаа, Баасттай, Түдэвтэй хамаатан садан шиг л сураг ажигаа авалцаж сууна. Эдний цөмөөрөнгийнх нь тухай жижигхэн хөрөг бичсэн л дээ. Дээр үеийнхтэй адил зохиолчид нэг дороо цугладаг, биендээ шүлгээ уншихаа больж. “Би ийм юм хийж байна, ийм юм хийсэн” гэж ярихаа байчихдаг юм байна.

-Яадаг юм бол?

-“Миний санаа онооноос шомбодож магадгүй” гэж боддог ч юм уу. Дээр үед нэг дороо цугладаг, “Яруу найргийн өдөрлөг” гээд хийдэг байлаа. Тийм юм байхгүй болсноор зохиолчид цөөрчихсөн. Одоо юу гэж хэлмээр юм бэ дээ. Маш товчхоноор хэлэхэд алтан үеийн зохиолчид тун цөөхөн байна. Цогт-Очир гуай энэ тэр настайхан улс байдаг л юм. МЗЭ-ийн их хурал өнгөрөгч намар болоход таних хүн харагдахгүй байна гэж надад хүн хэлж байна лээ. Таних нь бараг байхгүй мөртлөө танихгүй настай улс нэлээд байна. Хэдийдээ тэд зохиолч болчихсон юм гэж хэлнэ лээ. МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Магван-Эрдэнийн Саруулдалай ч “Миний танихгүй улс Зохиолчдын хороонд их элссэн юм байна” гэж ярина лээ. Саруулдалай чинь Зохиолчдын хороонд хариуцлагатай ажил урьд нь эрхэлж л байсан хүн дээ. Саруулдалай манайд муу Арлааны Эрдэнэ-Очир, намхан Пүрэв гурав ирсэн юм.

-Яруу найрагч Эрдэнэ-Очир маань арай л эрт тэнгэрт дэвшлээ дээ?

-Хөөрхий манай Эрдэнэ-Очир мөн сайхан хүү сэн. Сайн ч зохиолч байсан. Тэгээд Идэрийн голд очоод ай гэж… (Цээжний гүндээ хүндээр санаа алдав. Л.Б) Завханы Идэр суманд олуулаа очоод ганцаараа тэр минь бурхан болсон байх юм. Чи тэр олонтой явсан уу?

-Би яваагүй ээ…

-Өө за за. Нөгөө жижиг Цэнд-Аюуш явсан дуулддаг юм. Гашуудлын үг авах гэж манайд ирсэн. Би сэтгэгдлээ ярьсан. Оршуулгынх нь урд өдөр зурагтаар гарч байна лээ. Ш.Дулмаа, Б.Лхагвасүрэн бид гурав ярьсан. Их хайр хүрмээр сайхан хүү байсан. Их залуу хүн нас барчих чинь харамсалтай. “Орчлон ийм юм сан уу” гэж бодогдох юм даа, хөөрхий минь.

-Та Эркатай их дотно байсан даа?

-Тэгсэн. Арлаан гуай надад хүүгээ захиж захиа бичиж байсан. Би тэр захиаг зурагтаар харуулсан даа. Би Дорноговьд ямар ч ажлаар очсон байлаа даа. “Миний хүүг сайхан яруу найрагч болгоорой” гэж захиж Бавуугийн Лхагвасүрэн бид хоёр Улсын багшийн их сургуулийн дэргэд байгуулагдсан анхны Утга зохиолын ангид арваад хүүхэд хичээллүүлснээс арван гурван яруу найрагч төрсөн юм даа. Тэрэнд манай Эрдэнэ-Очир, УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэг, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, зохиолч Б.Батрэгзэдмаа, яруу найрагч Бадарчийн Хишиг-Ундрал, Хулганайн Тэргэл, Банзрагчийн Энхтуяа, О.Энхжавхлан, зохиолч Бидэрийн Баярсайхан нарын олон охид хөвгүүд байсан. Бидний дараа үед гарч ирсэн Монголын яруу найргийн мөнгөн үеийнхэн чинь миний нэр дурдсан эднээс гадна маш олон уран бүтээлч байна л даа.

-Та олон зохиолчийн номын чимэг зурсан зураач даа?

-Өнөөдөр хүртэл манай охин руу цахим зурвас хүн явуулсан байна. Охин надад уншиж өглөө. “Бадарч гуай та их зураач хүн байж. “Морьд” номынхоо зургийг жигтэйхэн сайхан зурсан байна лээ” гэж ээ дээ. Яахав дээ, голд нь гал зураад, гал тойрсон гурван морь зурсан байхгүй юу. Одоо би хараад “Яаж ийм мундаг юм зураа вэ” гайхдаг юм. Манай охин, зээ нар ч гайхан асууна. Миний санаанд л орсон байгаа юм. Би өөрийнхөө анхны “Морьд” номонд л ганц удаа чимэг зурсан нь энэ. 1967 онд гар луу даа. Дорнын их найрагч Б.Явуухулангийн “Хар ус нуурын шагшуурга”, зохиолч Ц.Уламбаяр гуайн “Зовлон жаргал” цуврал романуудын зургийг зурж л байсан. “Утга зохиол урлаг” сонины толгойг “Ард Аюуш”-д тоглодог зохиолч Чойжилсүрэн надаар хийлгэж байсан. “Сонины толгой зурсан мундаг зураач” гэж сонин хэвлэл дээр бичсэн байна лээ. Хмм, миний зураг зурах гэж юу байхав. Заримдаа ичмээр юм болдог юм. (инээв. Л.Б) Яахав, Зохиолчдын хороонд зураач нэртэй анх орсон нь үнэн л дээ. Мишигийн Ширчинсүрэн, Нямбуугийн Нямдорж, Чойжилын Чимэд нарын номын хавтсыг зурж л байсан. Их олон зохиолчийн номыг редакторлосон шүү.

-Таны үед ахмад зохиолчид ч аргагүй л алтан үеийнхэн биз?

-Миний үед ахмад зохиолч гэх улс чинь С.Дашдэндэв гуай, Ц.Уламбаяр гуай, Б.Бааст гуай, “Хүрэн морь”-ны Ч.Лхамсүрэн гуай, “Зам” романыг туурвисан Намсрайн Банзрагч нарын авьяастай, тулхтай хүмүүс байж. Банзрагч бид Москва хот руу хамт явж л байсан. “Зууны манлай уртын дуучин” Норовбанзадтай Дундговийн шүүхэд ажиллаж байхдаа танилцсан байдаг. Гоё дуулдаг охин байсан. Эргүүлэх гэсэн чинь үг орж ирдэггүй. Үг орж ирэхгүй болохоор үйлс бүтдэггүй гэж ярьдаг сан. Норовбанзадыг тэндээс олж ханилаад улмаар Дундговиор овоглосон түүхтэй. Уг нь мань эр чинь Завханы Алдархаан суманд төрсөн хүн шүү дээ. Эднийг залгаад Дэндэвийн Пүрэвдорж, Долгорын Нямаа, Доржийн Гармаа нар Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсөж ирсэн. Энэ сургуулийг төгссөн хорь гаруй зохиолч байдаг юм.

-Та Горькийн сургуульд яагаад яваагүй юм бэ?

-Би Горькийд явах гэж анх Зохиолчдын хороонд ирсэн юм. Манай багш Сэнгийн Эрдэнэ “Зураач хийж чадах уу” гээд дагуулж ирсэн юм. Би Төхөөрөмжийн үйлдвэрт төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоо зурдаг хүн байсан байхгүй юу. Тэгж байсан түүхтэй.

-За, тийм байж. Настайчуул нойр хоолондоо муудлаа гэдэг. Та ямаршуухан байна?

-Би нойр, хоолондоо сайн. “Унтах, идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг” гэж манай хүргэн надаар тоглодог юм. Нойр, хоолондоо сайн болохоор мөд үхэж өгөхгүй нь гэж бодоод байгаа. (инээв)

-Үхэж яах нь вэ, та?

-Үхнэ гэдэг чинь хэрэгцээ болохоор үхэж байгаа биз дээ гэж би эдэндээ хэлж бөөн инээдэм болно.

-Нээрээ л байгаль цаанаасаа зохицуулсан хэрэгцээ юм даа?

-Хатуухан хэлэхэд “Хээ цэс, хэрэгцээ нь болоод үхээ биз дээ” гэсэн яриа байдаг шиг л юм байхгүй юу.

-Та уран бүтээл хийж байна уу?

-Харваж барьснаас хойш одоо бичихээ больё гээд ерөөсөө бичихээ байсан. Бичгийн чадвар муудаад, сэтгэх чадвар ч бас онцгүй болчихдог юм байна шүү дээ. Тархинд гэмтэл авчихаар ч тэгдэг юм уу. Миний тархинд хоёр ч удаа мэс засал хийсэн. Тэгээд их муудах юм бол уу гэсэн зүгээр болчихсон.

-Та “Бурхан багшийн сургааль”-ийг их сайхан шүлэглэж монголчууддаа бэлэглэсэн болохоор буян хишигээ хайрласан байх аа даа?

-Харин би тэгж горьддог юм. Тийм юм байлгүй дээ, одоо. “Бурхан багшийн сургааль”-ийг шүлэглэхдээ Японд байдаг “Бурхан багшийн сургаалийн нийгэмлэг”-ийн нэрийг урд, хойно нь дурдсан. “Бурхан багшийн сургааль”-аас зуун наймыг нь авч шүлэглэсэн. Тэр бүтээлд миний зохиосон үг нэг ч байхгүй. Бурхан багшийг төрөхөд аав нь явж үзүүлэхэд “Их ном бясалгавал Бурхан болох юм байна” гэж даяанч хэлсэн байгаа юм. Мааяа ээж Бурхан багшийг төрүүлчихээд нас барсан. Хааны ордонд төрийн ном үзэж байсан угсаа залгамжлагч нэг л өдөр гарч хазгар, сохор, өвчин зовлонтой хүмүүстэй таарч гайхахад өргөсөн эжий нь “Хүний зовлон гэж үйлийн үрээр ийм хэцүү юм бий” гэсэнд Сэдэдхарта ихэд гашуудан цочирдож “Тэгвэл би хүнийг энэ их зовлонгоос ангижруулах учиртай юм байна. Үүний төлөө ном үзье” гээд орон гэр, хатан хүүхдээ ч орхин явсан байгаа юм. Амьтан хүнийг зовлонгоос ангижруулах гэснийг л Бурхан багшийн ном гээд байгаа юм л даа. Бурхан багш манай дэлхийд дөрвөн удаа заларсан гэдэг. Үнэн, худлыг нь би сайн мэдэхгүй юм. Тэгэхдээ Бурхан багшийн сургааль арай гойд юм уу даа. Надад энэ тухай хоёр, гурван ч зузаан ном бий л дээ. Их уншдаг байлаа. Одоо ч нүд өвдөөд уншиж чадахгүй юм. Миний шүлэглэсэн тэр ном чинь дөрвөн ч удаа хэвлэгдсэн шүү. Хамгийн сүүлд дурсамжийн “Юм юмнаасаа” хэмээх номоо гаргасан.

-Одоо ямар ном бүтээл гаргах гэж байна?

-Ном гаргахгүй. Гаргах чадал чансаа байхгүй болчихдог юм байна. Нөгөө сайхан гялалзсан оюун ухаан удаашраад чадалгүй болчихож. Хүмүүсийн тухай, хүмүүс миний тухай зөндөө л юм бичсэн байна. “Ийм ном хэвлүүлье, тийм юмыг л олон түмэндээ уншуулъя” гэж бодох тэр сэтгэлгээ ч унтарч багасчихдаг юм байна. Тийм учраас одоо би ном гаргахгүй. Олон уншигч түмэн маань надад их сайн байдаг юм. “Монгол тулгатны зуун эрхэм”-д эднүүс орууллаа. Тэр яах вэ, олон түмэнд танигдаж, мэдэгдэж байгаа нь сайн хэрэг. Тэрнээс бусдаар сэтгэх чадвар далан нас жаахан гараад ирэхээр муудчихдаг юм байна.

-Ямар ч хүн л тэгнэ дээ?

-Хүний нас гэдэг чинь Бурхан багшийн өөрийнх нь үлгэрлэлээр ерөөсөө л ная наслах юм билээ. Бурхан багш өөрөө наян нэгтэй нас барсан. Дахин дахин төрөөд байдаг хүний сэтгэх чадвар, бие махбодын хоосон чанартай л холбоотой юм билээ. Би Энэтхэгт явж байхдаа бодь модны навч авчирсан. Тэр хар жаазтай навч. Бурхан багш тэр бодь модны доор бясалгаж суусаар гэгээрсэн. Бурхан багшийн үг чинь өөрөө яруу найраг. Тэрнээс би ганц ч үг нэмж бичээгүй. Харин шүлэглэх хэмнэлд л оруулсан. Чи сонс доо. “Та нар минь өөрсдөө л итгэж яв. Та нар бусдад бүү итгэж бай. Та нар Бурхны номыг хүн болгонд тараахыг хичээж бай. Та бүхний их дээдийн буян бол энэ”. Ийм шүлэглэсэн үг байгаа юм чинь, эхдээ. Би тэрийг жаахан уртасгаад л толгой холбосон хэмнэлд оруулсан.

Үргэлжлэл бий

ЛХАГВАСҮРЭНГИЙН БАТЦЭНГЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих