Онон хатан ижийгээ хамгаалах сэтгэлтэй хүн алга гэж үү?

36064470_1454820687996800_6224500449152598016_nХэнтий аймгийн Батширээт сумын нутагт байрлах Гутайн даваа алтны хэнээтнүүдийн гарт ороод цөөнгүй жилийг үджээ. Энд гурван компани бий. Хоёр нь шороон, нөгөө нь үндсэн орд. Тодруулбал, шороон ордыг “Айвуун Тэс”, “Ю энд Би” ашиглаж байсан бол үндсэн орд нь “Гутайн даваа” компанийнх. Нэрээ өөрчилж одоо “Пегматит майнинг” болсон. Үндсэн орд нь ой дотор, шороон орд нь ой модны хажууханд байдаг.

Гутайн даваа дахь бэрхшээлтэй асуудлын нэг нь алтны үндсэн орд болоод байна. Битүү ой модонд, бараг уулын орой шахуу газар. “Гутайн даваа” (хуучин нэрээр) компанийнхан алтны нөөцийн тайланг тухайн үеийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, 3.1 тонн алтны нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн байдаг. Ашиглалт явуулахаар төлөвлөх үед нь “Урт нэртэй хууль” батлагдан гарчээ. Алттай газар нь Ойн сан бүхий газар байсан учир тэд “шүлсээ залгиад л” үлдэж. Гэхдээ тэдэнд удалгүй боломж гарч иржээ.УИХ-аас “Урт нэртэй хууль”-ийг шинэчлэн баталж, дагалдах журмыг боловсруулсан байдаг. Ингэснээр “Гутайн даваа” компани дээрх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хууль эрх зүйн орчин бүрдсэн байна.

Тэрнээс хойш тус компанийхан алт олборлоход шаардлагатай зөвшөөрлүүдийг нэг нэгээр нь авсаар байв. Ордыг далд аргаар ашиглах төслийн ТЭЗҮ хийлгэж 2015 оны 10 сарын 28-ны өдрийн ЭБМЗ-ийн хуралдаанаар батлуулж чаджээ. БОНБҮ-г 2017 оны есдүгээр сард БОАЖЯ-аар батлуулсан бөгөөд 2018 оны уулын ажлын төлөвлөгөөг нь УУХҮЯ баталсан байна. Эндээс харахад Гутайн даваанд алт олборлохоор зэхэж байгаа компанийн ажил хуулийн дагуу, ямар ч асуудалгүй мэт. Харин бодит байдал дээр эргэж харах, бодууштай, заавал шийдэх ёстой олон асуудал байна. “Пегматит майнинг” компанийнхан хамгаалалт гаргаж алтны ордыг өдөр шөнөгүй манаж байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр тус компани канадуудын мэдэлд очсон гэх, аргаа барсан нутгийн иргэд бурханд залбираад л сууж байна.

Алтнаас үнэгүй бахархал

Гутайн даваа Онон голын сав газарт байдаг. Энэ сав газар бол эзэн Чингис хаантай холбоотой түүхэн нутаг. Түүний амьдрал, уналт, сэргэлттэй холбоотой олон үйл явдал болсон, бараг музей гэхээр газар. Мянганы суут хүн болох гараагаа энэ л нутгаас эхэлсэн болохоор Онон голын сав газар үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнтэй. Алт ухаж болохгүйн нэг том шалтгаан энэ.

Онон голын сав газар зөвхөн их түүхийн гэрч болсон нутаг биш. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн, ховор ургамал, амьтан амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг. Энд 223 зүйл шувуу бүртгэгдсэнээс 172 зүйл нь нүүдлийн ховор шувууд. Дэлхийд нэн ховор цэн тогоруу үрждэг маш чухал газар. Гадаадын жуулчдын анхаарлыг соронзон мэт татдаг нутаг.

Энэ сав газрын гол амин сүнс нь Онон гол. Олон мянган хүний зүрх сэтгэлд Онон хатан ижий нэрээр мөнхөрсөн энэ ариун дагшин голыг бид нүдний цөцгий мэт хамгаалах учиртай. Онон голд 28 зүйл загас амьдардаг бөгөөд дэлхийд ховор тул загасны орон гэр юм. Найман сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон гол бохирдвол энэ сав газрын экосистем тэр чигээрээ зогсохыг судлаачид анхааруулан хэлж байгаа. Хэрвээ Гутайд алтны олборлолт эхэлбэл энэ аюул шууд хаалга тогшоод ороод ирнэ. Дараа нь харамсаад ч нэмэргүй.

Чулуунаас алтыг салгахад баяжуулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. Хүссэн хүсээгүй цианит натри хэрэглэж таарна. Энэ арга өөрөө эрсдэлтэй. Хорт бодис Гутайн голд алдагдаж улмаар Онон голд орохгүй гэх баталгааг хэн ч өгч чадахгүй. Өмнөх гашуун жишээ ч мартагдаагүй байна. Ийм эрсдэл байгааг хэлэхээр “Гутайн даваа” компанийнхан үйлдвэрийг Багануурт барьж магадгүй гэсэн тайлбар хэлж байжээ. Эдийн засгийн ашиг талаасаа ингэх ямар ч боломжгүй, зардал ихтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Үнэндээ бол нутгийнхныг тайвшруулсан хуурмаг яриа төдий. Эсвэл Багануурт бариад Хэрлэн голыг бохирдуулах гэж байгаа юм уу.

Уул уурхайн олборлолт явуулахын өмнө нутгийн иргэдийн, орон нутгийн удирдлагын саналыг авах ёстой байдаг. Батширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нутагтаа олборлолт явуулахыг дэмжиж тогтоол гаргасан байна. Үүнийгээ цөөнгүй ажлын байртай болно, сумын төсөв нэмэгдэнэ гэж тайлбарлажээ. Иргэдийн дуу хоолой жинхэнэ утгаараа гарах ёстой багийн хурал харамсалтай нь инээдмийн жүжиг шиг болсныг иргэд ярьж байна. Онон багийн хуралд цөөн хэдэн хүн ирээд л Гутайд ашиглалт явуулах хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Уул уурхайн компанийнхан нутгийн удирдлагатай тулж ажилладаг болсны нотолгоо энэ бололтой. Гэтэл иргэдийн олонхи нь эсрэг байр суурьтай байсан нь тодорхой болов. Учир нь, “Онон Улз голынхон” хөдөлгөөнийхөн Гутайд алт ухахыг эсэргүүцэж байгаа иргэдийн гарын үсгийг багуудаар явж цуглуулсан бөгөөд нутгийн олон мянган иргэн Гутайг хөндөхгүй байх санал гаргаж гарын үсгээ зуржээ. Тэд үндэслэл, иргэдийн гарын үсгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2016 онд илгээсэн ч удалгүй УИХ-ын сонгууль болсноор энэ асуудал мартагджээ. Уул усаа хөндүүлэхгүй гэсэн нутгийн иргэд, мөнгө хэрэгтэй байна гэсэн орон нутгийн удирдлага, ухаад өгье гэсэн алтны компанийн хүсэл Гутайд халз таараад гацсан дүр зураг өнөөдөр бий болжээ. Ийм эгзэгтэй байдалд иргэдийн талд зогсох үүрэгтэй, тэгнэ гэж сонгогдсон УИХ-ын гишүүд үнэхээр идэвхгүй, даанч гомдмоор байгааг нутгийнхан нь хэлж байна.

Аргаа барсан нутгийн иргэд байгаль хамгаалах байгууллагуудтай хамтран өнгөрсөн тавдугаар сард Онон голоо хамгаалах талаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ. Хурлаар олон чухал асуудал яригдаж Онон голын сав газарт уул уурхайн олборлолт явуулахгүй байх талаар оролцогчид санал нэгдэж энэ талаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болсон юм. Гэтэл хурал дээр Онон голоо заавал хамгаална гэж дуугарч байсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар энэ шаардлагын араас явах нь битгий хэл шаардлагаа одоо ч өгөөгүй сууж байна. Ядаж ичих нүүр гэж баймаар.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байна. Оюутолгой, “Урт нэртэй” хуулиар имижээ хийсэн тэрээр төрсөн нутагт нь алт ухаж гол усыг бохирдуулах гэж байхад яагаад идэвхгүй байна вэ. “Урт нэртэй” хуулийг хамгаалагч, санаачлагчдын нэг гэгддэг тэрээр зүй нь иргэдээ, нутгаа хамгаалан өөрөө удирдаад, гарын үсэг цуглуулаад тэмцэх ёстой биш гэж үү. Тэгээд ч өөрийнх нь сонгогдсон тойрог алт олборлох гээд байгаа газарт хамаардаг юм билээ. Олны өмнө гарахаар Онон голоо хамгаална гэж ярьдаг, тэгсэн мөртлөө яг хамгаалах ажлыг хийх гэхээр сэтгэл гаргахгүй байгаадаа Б.Бат-Эрдэнэ гишүүн дүгнэлт хийх биз ээ. Одоо л олныхоо талд орж Онон голоо хамгаалахгүй бол сонгогчдын итгэлийг алдаж улмаар 2020 оны сонгуульд ялна гэдэг хэцүү шүү.

Л.Оюун-Эрдэнийн хувьд улстөрийн карьер нь хурдтай өсч яваа залуу хүн. Сүүлийн үед нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлаар дуу хоолойгоо хүчтэй гаргаж олон түмний талархлыг хүлээж байгаа гишүүн. Мэдээж зав чөлөө багатай л байдаг байх. Гэхдээ Онон хатан ижийгээ хамгаалах ариун үйлсэд зориуд цаг зав гаргаж идэвхи санаачилгатай оролцоход болохгүй зүйл байхгүй л байлтай. Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн даргын хувьд түүнд боломж илүү их бий. Нутгийн гишүүдээ цуглуулж хуралдаад бүгдээрээ нэгэн сэтгэлээр зүтгэхэд Онон голын асуудлыг шийдэж чадалгүй яахав. Харин сэтгэл дутвал сонгогчдын итгэлийг алдаж мэдэх л юм.

Монголчуудын амьдрал сайнгүй байгаа, гэхдээ Онон хатан ижийгээ бохирдуулж алт ухахтаа тултал ядарч туйлдаагүй. Хэдхэн жилийн өмнө оросууд хилийн цаана алт ухаж бохир ус нь Ононд орж бөөн асуудал болж билээ. Манайхны хүсэлтээр Оросын эрх баригчид тэр дор нь арга хэмжээ авч компаниудаа хаасан түүхтэй, одоо тэнд алт ухахгүй байгаа. Онон хатан ижийг харийн хүмүүс ингэж хамгаалж байхад бид өөрсдөө алт ухаж бохирдуулна гээд байгаа нь үнэндээ шившиг шүү дээ.

Б.МАРТ

URL:

Нэр: монгол баатар Огноо: 9 July 2018

бидний 8 залуу очиж үзсэн онон голоосоо 10 гаран км юм билээ…аль 90 оноос ашиглаж байгаан билээ…хоёрын хооронд улс төр худлаа эх оронч зан хэнд хэрэгтэйн…хайрөн бензин тос цаг зав

Сэтгэгдэл бичих