ОХУ-н Ерөнхийлөгч Дмитрий Медведев 4 нд явагдсан сонгуулийн сонгуулийн хууль зөрчсөн талаар шалгахыг хүмүүст даалгалаа

ОХУ-н Ерөнхийлөгч Дмитрий Медведев энэ сарын 4-нд явагдсан Төрийн Думын сонгуулийн үеэр сонгуулийн хуулийг зөрчсөн талаарх санал хүсэлтүүдийг дахин шалгахыг холбогдох хүмүүст даалгалаа. Энэ тухайгаа Оросын Ерөнхийлөгч олон нийтийн Фейсбук сайтаар дамжуулан зарлажээ. ОХУ-н Ерөнхийлөгч Дмитрий Медведев жагсаал цуглааны үеэрх жагсагчдын уриа лоозонтой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн долоон хоногт Москва, Санкт-Петербург болон бусад хотуудад сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олон жагсаал цуглаан хийсэн юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-н нийслэл Москва хотын Болотная талбайд Оросын сөрөг хүчний нам эвслүүд, хөдөлгөөнийхэн жагсаал цуглаан хийсэн. Хууль сахиулах байгууллагынхан цуглаанд 25 мянган хүн оролцсон гэж мэдэгдэж байгаа бол сөрөг хүчнийхэн 150 мянган хүн оролцсон гэж мэдээлж байгаа юм.

Ням гарагт Москва хотын Хувьсгалын талбайд болсон цуглааны үеэр “Ажил хэрэгч Орос орон” хөдөлгөөний тэргүүн Виктор Анпилов Төрийн Думын сонгуулийн булхайтай үйл ажиллагааны хариуцлагыг  одоогийн төрийн эрх баригчид хүлээх ёстой гэжээ. ОХУ-ын нийслэл Москва хотын Болотная талбайд сөрөг хүчнийхний зохион байгуулсан цуглаан тайван болж өнгөрсөн байна. Цуглааны үеэр сөрөг хүчнийхэн Төрийн Думын сонгуулийн санал хураалтыг дахин зохион байгуулахыг шаарджээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих