Талцал, таавар дагуулсан “ТАВАНТОЛГОЙ”
УИХ-ын хаврын чуулган энэ долоо хоногт хаалтаа хийнэ. ИнгэхдээТавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталж, гүйцэтгэх засаглалд үүрэгдээд завсарлахаар шуурхайлж байна.
Өмнө нь УИХ-ын дахь МАН-ын бүлэг Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах улс төрийн шийдэлд хүрч, Засгийн газарт төслийг шуурхай боловсруулах чиглэл өгснөө мэдэгдэж байсан бол ҮАБЗ хуралдаж Тавантолгойн ордыг хөдөлгөх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.
Засгийн газрын оруулж ирсэн төсөлд УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “б”,”в”-д заасны дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудлыг тусгажээ.
Түүнчлэн дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх, өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах арга хэмжээ тусгагдсан байна. Энэхүү тогтоол батлагдсанаар УИХ-аас Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж буй хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүй байдлаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.
Засгийн газрын оруулж ирсэн тогтоолын төслөөр 30 хувийн IPO гаргахаар гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ гэсэн баталгаа хаана байна, манайд хэр ашигтай, үндэсний компаниудаа дэмжээд явж болохгүй юу, богино болоод урт хугацаанд эдийн засаг яаж сэргэх вэ гэх зэргээр гишүүд Тавантолгойг тойрсон асуудлаар саналаа хэлж байсан юм. Ер нь олон нийт ч Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлнэ гэсэн төр, засгийн шийдвэрийг чих тавин хүлээхээ больсон. “Тавантолгойн ордод иргэн бүр 1072 хувьцаатай болно гэсэн төр засгийн шийдвэр гараад олон жил өнгөрсөн ч үр шимийг нь иргэд өнөөдрийг хүртэл хүртээгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд зарим хэсэг нь сургалтын төлбөр болгож, зарим нь гар дээрээ төрөөс тогтоосон ханшаар үнэлэн, мөнгийг нь авч, хамгийн сүүлд 2016 оны сонгуулийн жил хувьцааныхаа хэсгээс 300 мянган төгрөг хүртсэн. Түүнээс бус жил бүр ногдол ашиг хүртэж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д төлөөллөө илгээгээд байсан зүйлгүй, “1072 хувьцаа эзэмшигчдийн хувьд.
Өнгөрсөн баасан гаригт Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх төслийг УИХ хэлэлцэхийг дэмжсэн. Энэ асуудалд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авах магадлалтай. Учир нь өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа нэгтгэнэ гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ яаралтай дэгээр хэлэлцэж байгаа төсөлд урт хугацааны завсарлага өгөхгүй болов уу, спикер.
Ямартай ч олон жил яригдсан Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг хаврын чуулганы завсарлахын өмнө баталгана гэдгээ эрх баригчид мэдэгдсэн. Тогтоол батлагдах нэг хэрэг, хэрэгжих, хэрэгжилт нь олон нийтэд мэдрэгдэж, хөрсөн дээр буух хүртэл хэр хугацаа шаардах нь бас өөр асуудал.
Засгийн газар эдийн засгийг сэргэх шийдвэрийг хэр хурдтай авах, иргэдийн амьжиргаанд мэдрэгдэхүйц алхам, тэр дундаа эрх баригч бүрийн хэдэнтээ давтан хэлдэг, ярьдаг “1072” хувьцаа амилах эсэхийг олон нийт ажигласаар л сууна. Энэ хугацаанд Тавантолгойг дагасан таавар, талцал ч үргэлжилсээр байх биз.
Н.Энхбат
ЭХ СУРВАЛЖ: http://www.shuud.mn/a/498214
URL: