Хулгайн зам руу түлхсэн хатуу хууль баяртай

Засгийн газрын халаасыг хэсэгтээ зузаалж, улстөрчдийн амлалтаа биелүүлэхэд нь том үүрэг гүйцэтгэсэн Гэнэтийн ашгийн татвар буюу 2006 оны тавдугаар сарын 12-нд батлагдсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль “баяртай” болов. Зөвхөн Эрдэнэт үйлдвэр л гэхэд энэ хууль хэрэгжсэн гурван жилийн хугацаанд улсын төсөвт 600 тэрбум төгрөгийн татвар төлсөн болохоор улстөрчид сонин нэртэй энэ хуульдаа хөшөө барьж өгсөн ч багадам ашиг тусаа өгсөн хэрэг. Төр буй дор татвар буй гэдэг үзлээр бол 68 хувийн татварыг санаачилсан эрхмүүд цээжээ дэлдэх нь аргагүй. Бусдын бүтээсэн баялгаас татвар хурааж эргэж байдаг төрийн механизмын өмнөөс… Гэхдээ энэ хуулийн “ач”-аар бас алдсан зүйл их, мөнгө хураах дуртай төрд. Үүнд зөвхөн Монголбанкинд тушаасан алтны хэмжээг дурдахад хангалттай. Хууль гарахын өмнө жил буюу 2005 онд Монголбанкинд алт олборлогчид 24 тонн алт худалдсан бол өнгөрч буй 2010 оны сүүлийн үеийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр хоёр тонн хүрэхгүй алт Төвбанкны нөөцөд орж ирж магадгүй нь. Харьцуулахад дэндүү хол тоо байгаа биз. Хэдхэн жилийн өмнө алт тушаалт нэмэгдэв гэсэн баярт мэдээ Төв банкнаас илгээдэг байсан бол энэ гайхал хууль батлагдсанаас хойш буурсан гэсэн үгээр солигдсон. Тухайлбал, 2009 онд есөн тонн 803 кг алт тушаасан нь өмнөх жилийнхээс даруй таван тонноор буурсан. Өнгөрч буй жилийн алт тушаасан нэгдсэн дүн гарахад ийм мэтийн үр дүн харагдах нь нэгэнт тодорхой.

Харин 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс уг хууль хүчингүй болсноор алт тушаалт ихсэх байх гэсэн найдлага тавьж буй. Улстөрчид сонгуулийн амлалтаа биелүүлэх мөнгөний их уурхай нь хаагдсанд санааширч байгаа бол уул, уурхайнхан тухайлбал, алт олборлогчид төрийн нэрийн өмнөөс зарлигдсан татварын хүнд ачаанаас салж амсхийн, нууц далдаар алтаа зарах гэж “бүлтэгнэж” байхаа болино гэж баярлаж байгаа биз.

Энэ хуулийн хамгийн том хар мөр нь алт олборлогчдыг хууль бус наймаа, хулгай, контрбантын хэрэг рүү хүссэн хүсээгүй түлхсэн нь. Олборлосон хамаг алт нь хар наймааны замаар гарсан гэдгийн баталгаа нь дээрх албан ёсоор тушаасан алтны хэмжээ тонн тонноор багассан тоо баримт. Монголчууд алт олборлохоо больчихсон хэрэг биш, ердөө л хулгай замаар орсны баталгаа гэхэд буруудахгүй.  Газрын баялгийг ашигласан мөртлөө “68-хан” хувийн татвараас зугтаагсдыг хараах нь зүй. Гэхдээ түүнийг нь бас хянаж, барьж байх, төрийн бүхэл бүтэн тогтолцоо бий. Тэд нь ажлаа хийж чадахгүй байгаа нь мөн л дээрх тоогоор батлагдчихсан. Харин татвараас зугтаахаас өөр аргагүй нөхцөлийг бий болгосон хуулийн далайлтыг л энд дахин дахин өгүүлээд байгаа хэрэг.

Хэн бүхэн луйврын зам руу гулсчих юм сан гэж хүсэхгүй, ялангуяа бүхнийг өөрсдийнхөө гараар цогцлоосон бизнесмэнүүд. Хэр тааруухан татвартай байсан бол өөрсдийгөө гэмт хэргийн цаламд орооцолдохыг хэн л хүсээ аж. Даахад бэрх байсан учир л өчнөөн төчнөөн жижиг алтны уурхайнууд үүдээ барьж, арайхан дампуураагүй нэг нь өдгөө 68 хувийн татвараа төлөөгүй гэж шүүхийн өмнө дуудагдаж байгаа, хулгайгаар алтаа борлуулаад баригдаагүй “азтан”-гуудыг эс тооцвол.

Татвар хэдийчинээ оновчтой байна, орлого төдий чинээ их бөгөөд эрүүл байна гэсэн Плифисийн муруй хэмээх онол байдаг. Амьдрал дээр батлагдсан онол л доо. Өөрөөр хэлбэл, татварыг хэт их тогтоох ахул түүнээс бултах арга замыг татвар төлөгчид хайх, өөрөөр хэлбэл, луйврын арга руу шилжих нь тодорхой учраас орлого нь буурдаг. Татварын хувийг бага тогтоочихвол мэдээж хэрэг орлого багасч, төр хэмээх махчин механизмыг тэжээж хүчрэхээ болино. Тиймээс энэхүү алтан дунджийг тогтоохын тулд судалгаа, шинжилгээ, хууль журам байдаг нь зүй. Харин Монголын мэргэн улстөрчдийн Гэнэтийн гэгдсэн татварын хувиа тогтоосон нь ч их сонин. Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга төрснийг бэлгэдсэн гэдэг. Хэдийгээр түмэн шүүмжлэл дагуулж, эсэргүүцлийн хөдөлгөөн хүртэл өрнөхдөө тулж байсан ч хууль тогтоогчид гэмээ мэдээд, алдаагаа зассан хэрэг ч бас биш. Гэнэтийн ашгийн татвар ногдуулсан зэсийн “салбар”-ын ганц акул нь “Эрдэнэт” үйлдвэр. Монгол Улсын төрийн мэдэлд 51 хувь нь байдаг хамтарсан үйлдвэрийн хувьд хууль тогтоогчдынхоо өмнөөс “арсалдах”, хулгайн зам руу гулсах арга байхгүй. Харин ч хамтрагч оросуудынхаа халаасанд орох ёстой хувиас хэлтэлж чадсаны хувьд Гэнэтийн ашгийн татвар гавьяатай ч байсан байх, зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд. Сайнаар хэлбэл, дэлхийд томд тооцогдох зэсийн уурхайгаа ашиглаж эхлэх гэрээг байгуулах “тээг”-ийг арилгахын тулд  муугаар хэлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулагчдын шахаанд орсондоо ийм алхам хийсэн гэгддэг. Алтныхны хувьд ч хамгийн том олборлогч “Бороо гоулд” Тогтвортой байдлын гэрээгээр хамгаалагдсан учир буулт нь дотоодын алт олборлогчдын нуруун дээр буусныг өгүүлэх юун.

Ямартаа ч сул талтай хууль ашгүй баяртай боллоо. Үүнээс үүдээд тооцоо судалгаа үгүй, цээжний бангаар бярдаж, сонгуулийн амлалтаар түлхүүрдүүлсэн шийдвэр ямар хор хөнөөлтэй байх вэ гэдэг сургамжийг хууль тогтоогчид авсан байх гэж найдацгаая.

Харин 68 хувийн татвараас 600-аад тэрбум төгрөгөөр тэтгэгдэж байсан төсвийн цоорхойг хэрхэн нөхөх вэ гэдэг бол мэдээж бас л гүйцэтгэх засаглалынхан хийгээд улстөрчдийн толгойгоо гашилгах асуудал. Жирийн иргэд хувь хишиг тэргүүтнээ өгөхөө больчих вий л гэж санаа зовохгүй бол… Тэд амлалтдаа тараах мөнгөө хэрхэхээ хамгийн түрүүнд санадаг нь зүй болохоор зөрүүлээд өсөн нэмэгдэх роялтийн татварыг нэмэх хуулиа баталчихсан. Үүнд ашигт малтмалын бүтээгдэхүүний төрлөөс хамаараад таван шатлалаар татварын хувь хэмжээг тогтоож буй. Тухайлбал зэсийн хүдэр, баяжмалын үнэ 5000 ам.доллар хүрэхэд тав, 6000 хүрэхэд зургаа, 7000 болооход долоон хувь гэхчлэн 9000 ам.доллараас давсан нөхцөлд 10 хувийн роялти авдаг болно гэж тайлбарлаж буй. Монголчууд дэлхийн биржүүд дэх зэсийн үнээр баримжаа аван цээжний тооцоо хийгээд байдаг боловч манайх эцсийн бүтээгдэхүүн гаргадаг. Хүдэр, баяжмалаас шалтгаалан татвар тогтоох нь цаашид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхлыг өдөөх ёстой гэхчлэн давуу талуудтай гэж хууль тогтоогчид тайлбарлаж буй. Эндээс бодвол Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварын аливаа өөрчлөлтөөс хамгаалагдсан Оюутолгойнхон хэл үг гаргах л биз. Дээр дурдсанаар манай хууль тогтоогчид хийгээд эрх баригчид мэргэн ухаантай болохоор арга зам сэдэж байгаа биз ээ гэж найдаж байна. Магад Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд зарчмын чанартай өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа гэсэн битүү, хатуу мэдээллийн нэг учиг роялтийн татвартай холбоотой байж ч болох. “Бороо гоулд” шиг өмнө хийсэн гэрээгээр амаа таглуулаад, чаддагаар нь дотоодын олборлогчдоо 68 хувийн татвараа ноолж байсан шиг зүйл болчихгүй л бол…

А.АЛТАНТУЯА


URL:

Сэтгэгдэл бичих