12 настай хүү архи ууж осгож, иргэд Н.Энхбаярын “төлөө” жагслаа

Хоногт архи, согтууруулах ундаанаас үүдэж 3-4 хүн амиа алддаг. 15-20 хүн тодорхой хэмжээнд гэмтдэг гэсэн судалгаа хоёр жилийн өмнө гарч байсан санагдаж байна. Гэтэл одоо хэр нь энэ тоо буурахгүй байгаа. Учир нь тухайн үед хоногт архинаас болж 3-4 хүн амиа алддаг гэхээр цочирдож, нэг хэсэг нь цагдаа нарын хариуцдагагүй байгааг шүүмжилж байлаа. Харин ийн шүүмжилснээс болж архинаас үүдэлтэй аймшигт хэргийн талаар нарийн мэдээлэхгүй байгаа гэж болно. Түүнчлэн иргэд ямар архи ууснаар хордож, амиа алдаж буйг бараг улсын нууцын зэрэглэлд хамааруулж мэдээлэхийг тас хориглоно. Энэ бол нийгмийн эсрэг хийж байгаа аймшигт гэмт хэрэг юм. Гэхдээ үүнд цагдаагийн байгууллагыг буруутгах боломжгүй. Өнөөдөр архи нийгмийн хамгийн том дайсан болоод байгаа. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд 12 настай хүү архи уугаад, гэрийнхэнтэйгээ маргалдсаны улмаас гудамжинд гарч осгож нас барсан байгаа. Энэ бол Монголын эмгэнэл. Гэтэл дээрх 12 настай хүүд 1500-2000 төгрөгийн архи шаглаж зардаг байсан эмэгтэй “Манай дэлгүүрээс долоо настай хүүхэд архи аваад гардаг. Тэр хүүхдийн ээж нь архи авахуулдаг юм билээ. 1500 төгрөгийн архи нэг өдөртөө л дуусдаг” гэсэн юм яриад зогсч байх юм. Харин хорооны Засаг дарга нь “Тэр айлынхан ёстой их архи уудаг. Талийгаач хүү бараг 10 нас хүрээгүй байх даа архи уугаад, ээжтэйгээ маргалддаг байсан. Энэ хавьдаа л зартай айл байгаа юм” гээд дээрх хэргийн талаар сурагласан хүмүүсд муулах янзтай. Насанд хүрсэн хүнийг архи ууж яваад осгоход “Тэр хөөрхий насаараа архи ууж байгаа юм. Мянга дахин хэлээд даанч нэмэргүй байсан” гэж хэлдэг ч, 12-той хүүг бол ингэж хэлж болохгүй биз.

Ийм хэрэг гарчихаад байхад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэх тодотголтой хэдэн хүмүүсийн жагсаал олны анхаарлыг татаж байлаа.

Тэд өнгөрсөн бямба гарагт Төрийн ордны баруун хаалга дээр жагсаал хийж “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруул” хэмээн бухимдсан. Тэдний гол зорилго сайдыг огцруулах юм байна гэж ойлготол тийм биш бололтой. Н.Энхбаярын туслах Б.Тулга гэх нөхрийг дахиад бариад хорьчих вий гэдэг асуудал тэдний санааг зовоож байгаа гэнэ. Тийм байж Б.Тулга гэдэг ямар учиртай хүн юм гэдгийг жагсагчдаас асуухад таних хүн алга. Тэгснээ “Б.Тулгыг барьж хорьсон нь хууль бус зүйл” гээд орилоод байх аж. Ингэж орилж байгаа нэг нөхрөөс “Б.Тулгыг “Өргөө” компанитай холбож барьсан юм билээ. Энэ нь ямар учиртай юм бэ” гээд асуутал өмнөөс нүдээ бүлтэгнүүлээд “Ямар Өргөө вэ” гэж гайхшрах аж. Гэхдээ “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Ёстой муухай хүн. Чи одоо л тэмцэхгүй бол бид ингээд дууслаа гэж бод” хэмээн намайг ухуулах аж. Ингэхээр нэг л ойлгомжгүй болоод явчихаж байгаа юм. Зөвхөн Б.Тулга гэдэг нөхрийг дахин баривчлуулахгүйн тулд Ц.Нямдорж сайдыг огцруулах гээд ч байх шиг. Ийм нэг хачирхалтай гэмээр жагсагчид гарч ирээд үндсэндээ   хоёр долоо хонож байна. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт хүний наймаачдын хоёр шүүх хурал боллоо. Гэхдээ Сүхбаатар дүүргийн шүүхэд нэг өдөр дараалаад болж байх юм. Энэ нь хэдхэн жилийн өмнө л сураг нь дуулдаж байсан хүний наймааны гэмт хэрэг яаж задгайрсныг харуулж байгаагийн жишээ биз. Хэргийн талаар тодруулахад, сургалт зуучлалын нэрийдлээр бусдыг мэхэлж, хил дамнуулан худалдсан гэх гэх хэрэгт холбогдоод буй Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-г зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн зэрэг үндэслэлээр буруутгаж ял сонсгосон. Харин насанд хүрээгүй гурван охиныг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүх хурал дараа нь болох байсан ч улсын яллагч нь шүүх хуралд ирэх боломжгүй хэмээн хойшлуулсан. Хэргийн шүүх хурал энэ долоо хоногт болно.

Д.СҮХБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих