БНЭУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН САЙД РАЖНАТ СИНГХ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХЛАА
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Уулзалтын эхэнд БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модигийн халуун дотно мэндчилгээг уламжлав. Мөн эрхэмсэг ноён Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийснээс хойш хоёр улсын өндөр, дээд хэмжээний уулзалт, айлчлалын давтамж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа хэлж, айлчлалуудыг дагаад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаа гэсэн юм.
БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолд оролцсон талаараа хэлж, энэ нь Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжих үндэс сууриудын нэг болно хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах Газрын тосны боловсруулах үйлдвэр нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрч буйн томоохон илрэл гээд цаашдаа бүх түвшний харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн саяхан болж өнгөрсөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцох үеэрээ тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр улсын иргэд, эдийн засаг, соёлын зэрэг бүхий л түвшинд хамтран ажиллах замаар харилцаагаа өргөжүүлэх боломжуудын талаар ярилцсан гээд ноён Ражнат Сингхтэй хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрүүлэн ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх нар боловсрол, мэдээллийн технологи, эрүүл мэнд, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгтэй санал нэгдэж, хоёр талаасаа идэвхтэй хамтран ажиллах болно гэлээ.
Мөн БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНЭУ-д албан ёсоор айлчлахыг урьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга боломжтой үедээ танай сайхан оронд айлчлан очно гээд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид болон тус улсын иргэдэд халуун дотно мэндчилгээг нь дамжуулж өгөхийг хүсэв.
URL: