Хүүхдийн паркын зургаан тоглоомоос бусдыг нь ажиллуулж эхэллээ
- Сансрын хөлөг тоглоомыг засах зөвлөмж ӨМНӨ НЬ хүргүүлсэн ч биелүүлээгүй байна -
Өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас (НМХГ) Үндэсний соёл амралтын хүрээлэнд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийв.
Сансрын хөлөг тоглоом 2010 онд ашиглалтанд орсон бөгөөд энэ сарын 13-ний өдөр зургаан хүүхэд, хоёр том хүн тоглож байгаад зогсох үед хоёр гарны нэг нь хугарч дээд талын хөлөгт байсан дөрвөн хүүхэд бүхээгийн хамт доор байрласан хөлгийн бүхээгийн зүүн талыг дарж унасан осол гарсан билээ.
НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Хүүхдийн баяр болохтой холбогдуулан НМХГ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэнд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийж, тавдугаар сарын 22-ны өдөр зөвлөмж хүргүүлсэн ч ҮСАХ-ны зүгээс “Бид зөвлөмжид тусгагдсан засвар үйлчилгээг тогтмол хийж, хөдөлмөр хангамж, аюулгүй байдлаа өдөр бүр тогтмол ханган ажиллаж байна” гэсэн хариу ирсэн боловч осол гарч, хяналт шалгалт хийхэд бодит байдалтай нийцэхгүй байсан” гэж хэлэв.
Уг зөвлөмжид Сансрын хөлөг тоглоомын дээд талын гагнаасны хэсгийг солих хэрэгтэй ба бэхжүүлэгч хийж өнгө үзэмжийг сайжруулах, бүх тоглоомд өдөр тутмын үзлэг шалгалтыг тогтмол хийж байх гэсэн тодорхой зөвлөмжийг хүргүүлсэн байна.
“Ослын дараа шалгалт хийхэд тоглоомын гар хугарсан хэсгийн төмөр хийц, холбоос шилбэний хуучин ан цав гарсан ба ан цав нь 200мм хэмжээтэй байсан” гэж Н.Гантулга хэллээ. Мөн тэрбээр “Энэ нь тухайн албан байгууллага тоглоомын дотоод хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхгүй, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавихгүй, техникийн аюулгүй байдлыг ханган ажиллахгүй байгаатай холбоотой“ гэлээ.
Шалгалтын үеэр өргөх механизмаар ажилладаг динозавр, тагада, гинж, мэлхий үсрэлт, том, жижиг галзуу хулгана зэрэг зургаан тоглоомны үйл ажиллагааг түр зогсоосон аж.
Шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илэрсэн ба динозавр, тагада тоглоомны хувьд даралтат сав хэрэглэж ажилладаг боловч уг даралтат савыг улсын бүртгэл өдийг хүртэл бүртгүүлээгүй, аюулгүй байдал, ашиглах дүрмийг зөрчсөнийг НМХГ-аас хийсэн хяналт шалгалтын үеэр илрүүлсэн байна. Н.Гантулга “Зарим тоглоомын цахилгаан дамжуулалт, даралт, шугам нь стандартын дагуу хийгдээгүй гэх мэт зөрчил илэрсэн тул ҮСАХ-гийн үйл ажиллагааг хэсэгчилэн зогсоож, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж байна. Улсын байцаагчдын нэгдсэн дүгнэлт ирэх долоо хоногт гарах ба зөрчлүүд бүрэн арилсаны дараа үйл ажиллагаа дахин явуулах эсэхийг шийднэ” гэв.
Н.Гантулга “Зарим тоглоомын цахилгаан дамжуулалт, даралт, шугам нь стандартын дагуу хийгдээгүй гэх мэт зөрчил илэрсэн тул ҮСАХ-гийн үйл ажиллагааг хэсэгчилэн зогсоож, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж байна. Улсын байцаагчдын нэгдсэн дүгнэлт ирэх долоо хоногт гарах ба зөрчлүүд бүрэн арилсаны дараа үйл ажиллагаа дахин явуулах эсэхийг шийднэ” гэв.
Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд НМХГ-т шилжиж ирсэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах аж.
Харин эрсдэл багатай гэж үнэлэгдсэн дугуйт завь, морин тойруулга гэх мэт бусад тоглоом ажиллаж ҮСАХ өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхэлж байна.
Б.НАМУУНЦЭЦЭГ, IKON.MN
URL: