Японд өдрийн цайндаа 3 минутын өмнө гарсан албан хаагчийг шийтгэж, удирдлагууд нь иргэдээс уучлал гуйжээ
Японы баруун хэсгийн Кобе хотын ус түгээлтийн газрын ажилтан удаа дараа өдрийн цайны цагаа 3 минутын өмнө эхлүүлж байсныхаа төлөө цалингаа хасуулан шийтгүүлжээ.
Тус байгууллагын удирдлагууд өчигдөр энэ тухай мэдээлэхээр хэвлэлийн хурал зохион байгуулж, телевизийн камерны өмнө иргэдээс уучлал гуйсан байна. “Ийм алдаа гаргасандаа гүнээ харамсаж байна. Биднийг уучилна уу” гэж хэлээд тэд бөхийн ёсолсон юм.
64 настай албан хаагч сүүлийн долоон сарын турш 26 удаа цайны цаг эхлэхээс 3 минутын өмнө ширээнээсээ босож, бэлэн хоол авахаар гардаг байсныг удирдлагууд ажиглаж тогтоосон гэнэ.
Өдрийн цайны цаг нь 12:00 цагаас эхлэн 13 цаг хүртэл үргэлжилдэг журамтай юм байна. Тиймээс төрийн албан хаагчийн хуулийг зөрчсөн гэж удирдлагууд нь үзсэн гэнэ.
Гэхдээ хотын захиргааны авсан уг арга хэмжээ Японы сошиал орчинд өргөн маргаан дэгдээсэн байна. Зарим хүмүүс уг шийдвэрийг хэтэрхий амьдралаас тасарсан гэж үзэн шийтгүүлсэн албан хаагчийг өмөөрчээ.
Кобе хотын захиргаа өмнө нь хоёрдугаар сард бас нэг албан хаагчаа ажлын цагаар хоолонд гардаг гэх шалтгаанаар шийтгэж байсан юм. Тэр ажилтан зургаан сарын хугацаанд ажлын 55 цагийг хийдүүлсэн болохыг тухайн үед тайлбарлаж байв.
Эх сурвалж: AFP
Э.СЭМҮҮН, IKON.MN
URL: