Хөрөнгө оруулагчид улс төрийн тогтворгүй байдлыг шүүмжилж, татварын орчныг сайшаав
Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт, салбар хуралдаанууд өчигдөр эхэллээ. Тус хэлэлцүүлэгт дөрвөн улсын Засгийн газрын дээд хэмжээний төөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монголын үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төрөөс баримтлах бодлого, тэр дундаа тэргүүлэх чиглэлийн болох хөдөө, аж ахуй, уул уурхайн салбарын санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцлээ. “Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд: Санхүүгийн хамтын ажиллагааны санаачилга сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлэг”-ийг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэлэв. Тэрбээр “Гадаад худалдааны сүүлийн арваад жилийн статистик мэдээнээс харахад, манай улсын нийт бараа эргэлтийн 70-90 орчим хувийг “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орон буюу ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Үүний дотор экспортын 80 гаруй хувийг БНХАУ-тай, импортын 30 орчим хувийг ОХУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Харин “Их түмэн санаачилга”-ын гишүүн орнуудын Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг авч үзвэл, нийт хөрөнгө оруулалтын дөнгөж 30 хувьтай тэнцэж байгаа. “Засгийн газар томоохон төслүүдээ хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Тавантолгой” төслийг эргэлтэд оруулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна. “Тавантолгой” төслийг хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран нээлттэй, ил тод зарчмаар, нүүрс баяжуулах, боловсруулах, цахилгаан станц барих, зам тавих ажлуудыг иж бүрэн цогцолбор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв.
Сүүлийн жилүүдэд “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орнуудын хүн амын амьжиргааны төвшин хурдацтай дээшилж, 2030 он гэхэд дэлхийн дундаж давхаргын хүн амын 70 хувь нь энэ бүсэд амьдрахаар байна. Иймд дундаж давхаргын хүн амын хэрэглээний бүтцэд экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн болон аялал жуулчлал чухал байр суурь эзэлдэг тул генетекийн өөрчлөлт, нэмэлт бордоогүй экологийн цэвэр мах, махан, сүүн бүтээгдэхүүн, үр тариа нийлүүлэх боломж Монгол оронд байгааг дуулгалаа. Түүнчлэн дэлхий глобалчлагдахын хэрээр хөрөнгө, мэдлэг, ноухау түгэж, зах зээл хурдтай тэлж байгаа тул “Их түмэн санаачилга”-ын гишүүн орнууд хоорондоо худалдааны хөнгөлөлтийн хэлэлцээрийг байгуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан бүтээн байгууллалт өрнүүлэхийг уриаллаа. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн сайдын хувьд Алтанбулаг, Замын-Үүдийн боомтод чөлөөт бүс байгуулах, тэнд экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байгааг тодотголоо.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ СЭРГЭЖЭЭ
Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчны талаар Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Л.Мөнбат танилцууллаа. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2016 онд 1.2 хувьтай байсан бол өнгөрсөн онд 5.1, энэ оны эхний улирлын байдлаар 6.1 хувьд хүрчээ. Энэ нь Монгол Улсын эдийн засагт ногоон гэрэл асч, цаашид тогтвортой хөгжих чиг хандлага ажиглагдаж байгааг харуулж байна. Түүнлчэн өнгөрсөн онд төсвийн алдагдал хоёр дахин буурч, төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл ахижээ. Үүнээс гадна өнгөрсөн онд экспортын хэмжээ нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл 2016 оныхтой харьцуулахад 26 хувиар нэмэгдэж, 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Мөн өнгөрсөн онд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.3 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 50 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж. Гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрч, сүүлийн жилүүдэд ханш нь унаад байсан монгол төгрөг тогтворжиж, мөн тодорхой хэмжээнд өсчээ. Засгийн газрын бонд болон дотоод, гадаадын төлбөрийг цаг хугацаанд нь төлөхийн зэрэгцээ иргэдийн хадгаламж 2.5 их наяд төгрөгөөр, нийт ачаа эргэлт 15 хувиар өссөн байна. Энэ мэтчилэн сүүлийн жилүүдэд эдийн засагт эерэг үр дүн гарч байгааг танилцуулгын үеэр онцлов. Монгол Улс Хөгжлийн банкийг байгуулаад удаагүй ч хөгжлийн хоер дахь үе шатандаа тулж ирээд байгааг тус банкны гүйцэтгэх захирал Г.Батбаяр тодотголоо. Тэрбээр “Өнгөрсөн онд Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийг шинэчилсэн. Ингэснээр манай банкны өмнө хамтын ажиллагааны өргөн боломж нээгдэж, бие даасан шийдвэр гаргах эрх зүйн орчин бүрдсэн. Иймд бид өнгөрсөн онд “Ди Би Эм Лизинг”, “Ди Би Эм Ассэт менежмэнт” ХХК- ийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлснээр бизнес эрхлэгчдийг санхүүгийн хямд, найдвартай эх үүсвэрээр хангах боломж бүрдээд байна” гэв.
“МАНАЙ УЛСЫГ СӨРӨГ ХАРАГДУУЛДАГ ГАНЦ ЗҮЙЛ НЬ УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ”
Энэ үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас зарим зүйлийг тодрууллаа. -Гаднын хөрөнгө оруулагчид манай улсын ямар салбарыг илүү сонирхож байна вэ?
-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санаачилсан. Зүүн Хойд Азийн гол улс орон болон Орос, Хятад, Солонгос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулдаг. Тухайн байгууллагыг эдгээр дөрвөн улс ээлжилж удирдахын зэрэгцээ форум зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил манай улс буюу Монгол хүн тухайн байгууллагыг удирдаж байгаа бөгөөд Улаанбаатар хотноо ээлжит форумыг зохион байгуулж байна. Улс орон бүрээс 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирсэн. Монгол Улсыг хөрөнгө оруулагчид яалт ч үгүй сонирхдог. Энэ удаагийн “Их түмэн” санаачилга уулзалтыг дагалдуулан салбар бүрийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн түүн дотроос уул уурхай, хүнс хөдөө аж ахуйг онцолж, “Эрдэнэс Монгол” компани, ХХААХҮЯ болон Үндэсний хөгжлийн газраас илтгэл хэлэлцүүлж байна. Эдгээр салбар нь Монгол Улсын тэргүүлэх салбар бөгөөд хөрөнгө оруулалтын санхүүжилт хийх, хамтран ажиллах талаар “Эксим” банктай санал солилцох сонирхол бий. Монгол Улсын хувьд хэдийгээр санхүүгийн богино хугацааны хүндрэл бэрхшээл байгаа ч дэлхийн бүхий л хөрөнгө оруулагчид Монгол Улс дунд болон урт хугацаанд хөгжих боломж, нөөц бололцоотой гэж үздэг. Тухайлбал, байгалийн баялаг ихтэй, улс төрийн хувьд тогтвортой бүс нутагт байрладаг гэх мэт давуу тал олон бий.
-Хөрш орнуудтай хийж буй уулзалтын ач холбогдол, үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Монгол Улсын хөрөнгө оруулалтын 30 орчим хувь, нийт худалдааны 70, 80 хувийг “Их түмэн” санаачилгын улс оронтой өргөжүүлдэг. Үүний цаашид улам илүү өргөжүүлэх боломж бололцоо бидэнд бий. Хамгийн наад захын жишээ гэвэл, манай улс 65 сая малтай, том газар нутагтай, нийт нутаг дэвсгэрийн зургаа, долоон хувьд байгалийн баялгийн хайгуул хийсэн атлаа эдийн засгаа өргөжүүлэх, хөгжүүлэх боломж бололцоог хайхгүй байна вэ гэдгийг онцолдог. Тиймээс энэ удаагийн форумын ач холбогдол нь банк болон эдийн засаг, Сангийн яамны төвшинд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах ямар боломж бололцоо байгаа, худалдааг хэрхэн яаж сайжруулах уу гэдэгт шийдэл олохоор цуглаад байна.
-Худалдааны зах зээлд Монгол Улс олны анхааралд байдаг. Ялангуяа чөлөөт худалдааны бүсээс гадна худалдааг манай улсаар дамжуулан тээвэрлэх сонирхол их бий. Эдгээр боломжийг Монголд ашигтайгаар хөгжүүлэх боломж байгаа болов уу?
-Монгол Улс томоохон эдийн засагтай том хоёр улсын дунд байдаг. Тиймээс “Нэг бүс нэг зам” санаачилга, чөлөөт бүсийг байгуулах зэрэг хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж байна. Чөлөөт бүс байгуулах, хөгжүүлэхэд улсын төсөвт жил бүр багагүй хэмжээний мөнгө тусгасны үр дүнд Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажил хурдацтай үргэлжилж байна. Тиймээс гаднын хөрөнгө оруулалтыг чөлөөт бүс рүү татах, экспорт болон импортод чиглэсэн үйлдвэрлэл эрхлэх боломж бололцоогоор хангахын сацуу эхний таван жилд татвараас чөлөөлөх таатай орчинг бүрдүүлж байна.
-Гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг татварын хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улсыг татварын хувьд таатай орчинтой гэж үздэг. Манай улсыг сөрөг харагдуулдаг ганц зүйл нь улс төрийн тогтвортой бус байдал. Тодруулбал, тэргүүлэх салбар болон дунд болон урт хугацааны бодлого нь Засгийн газар солигдох бүрт өөрчлөгддөг нь гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулж байна. Аливаа улс орны хөгжлийг илэрхийлдэг гол зүйлүүд манай улсад бий. Тухайлбал, залуу хүн амтай, иргэд нь боловсрол өндөртэй, тогтвортой бүсэд байрладаг. Иймд гаднын төдийгүй хөрш улс орнуудын хөрөнгө оруулагчдад давуу байдлаа танилцуулах зэргээр яриа хэлэлцээр хийхгүйгээр цааш явахгүй.
-Халх голд чөлөөт бүс байгуулах ажил юу болсон бэ?
-Юуны түрүүнд Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Яагаад гэвэл эдгээрт нэлээд хөрөнгө оруулалт хийсэн. Эхний ээлжид нэг юм уу хоёр чөлөөт бүс нээснээр дараа дараагийн чөлөөт бүсийг богино хугацаанд байгуулах боломжтой. Мэдээж чөлөөт бүсийг хүн амьдарч байгаагүй газар байгуулдаг учраас хөрөнгө оруулалт маш их шаардлагатай. Иймд цаашид хувийн хэвшлийнхэн зарим хөрөнгө оруулалтыг өөрсдөө хийх боломжтой. Хамгийн гол нь тухайн газарт ямар таатай орчин бүрдүүлэх вэ гэдэг нь чухал. Ер нь Монгол Улсыг сонирхож байгаа хөрөнгө оруулалтын сан олон байна. Тухайлбал, БНСУ-ын дээрээсээ гурав дахь хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл хүрэлцэн ирж, ямар төсөл хөтөлбөр байгааг сонирхож, санал солилцсон. Засгийн газраас баталсан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт нийтдээ 113 төсөл хөтөлбөрийг 4-5 жилийн дотор хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд 38 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд 50 гаруй хувийнх нь санхүүжилтийг шийдвэрлэсэн. Заримыг нь улсын төсвөөс, хэсгийг нь олон улсын санхүүжилтээр санхүүжүүлэн хэрэгжүүлж байна.
-Эдгээр төсөл хөтөлбөр аль салбарт давамгайлж байна вэ?
-Бүх салбарт хэрэгжүүлж байна. Эрүүл мэнд, эрчим хүчний салбарт төдийгүй Улаанбаатар хотод ихээхэн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн хувьд дэд бүтцийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд томоохон хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөрөнгө оруулагчид 100 гаруй төсөл хөтөлбөрт оролцох боломж бий. БНХАУ-ын санхүүжилтээр Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэх гэж байна. Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр тал гарын үсэг зурсан БНСУ-ын 700 сая ам.долларын гэрээ бий.
БАЯЛГИЙН САН БҮРДҮҮЛЭН БУСАД САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ
Дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага, хөрш орнуудын эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын хөгжлийн боломж сорилтыг дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 20, 30 болон Засгийн газрын 2016- 2020 оны хөтөлбөрт нийцүүлж Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байна. Тус бодлогод Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, Монгол хүн Монголын баялаг гэж үзэн нэгдмэл зорилготой Монгол Улс үзэл баримтлалын дор олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого, шударга ёсыг дээдэлсэн сахилга хариуцлагатай тогтвортой засаглал, хүн төвтэй нийгмийн бодлого гэсэн гурав тэргүүлэх чиглэл дэвшүүлжээ. Цаашид уул уурхайн салбарыг хөгжүүлэн стратегийн орд газруудын ашиглалтаас олсон орлогоор Баялгийн сан бүрдүүлэн бусад салбарын хөгжлийг дэмжих юм байна.
Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэн ард иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангахын сацуу олон улсын стандартад нийцсэн хүнс экспортлогч улс болох зорилт дэвшүүлжээ. Монголын Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын 2018-2021 он хүртэлх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд ингэхдээ гурван тулгуурт хөгжлийн бодлогод тусгасан хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөр, арга хэмжээг санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан төлөвлөжээ. Хөтөлбөрт 16.1 тэрбум ам.дооларын өртөгтэй 113 төслийг тусгасан байна. Үүнээс нийгмийн бодлогын хүрээнд 22, засаглалын бодлогын хүрээнд 16, олон тулгуурт эдийн засгийн бодлогын хүрээнд 77 төсөл хэрэгжүүлэх юм байна. Эдгээрийг санхүүжилтийн эх үүсвэр болон төсөвт өртгийн хэмжээгээр нь авч үзвэл, концессийн төрлөөр хэрэгжүүлэх 5.2 тэрбум ам.долларын 13, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх 3.9 тэрбум ам.долларын 59, мөн гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2.6 тэрбум ам.долларын 11, эх үүсвэрийг нь одоогоор тодорхой болгоогүй 3.1 тэрбум ам.долларын 11, улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх 458 сая ам.долларын 11 төслийг тусгажээ. Гаднын хөрөнгө оруулагчдыг манай улс хэрхэн дэмждэг талаар хурлын үеэр танилцуулав. Тодруулбал, хэрэв манай улсын эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийвэл эхний таван жилд татвараас чөлөөлдөг. Мөн төрөөс жижиг, дунд үйлдвэрийг бодлогын төвшинд дэмжиж зарим тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлдөг болохыг онцолсон юм. Үүнээс гадна үйл ажиллагаа явуулах газраа 60 хүртэлх жилийн хугацаатай гэрээгээр эзэмших, 40 хүртэлх жилээр сунгах боломжтой, тухайн компанийн удирдах бүрэлдэхүүний хүмүүсийг хөдөлмөр эрхлэлтийн төлбөрөөс чөлөөлөх, виз хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох гэх мэт олон дэмжлэг үзүүлдгийг дурдсан юм.
С.Юмсүрэн
URL: