МАН-ын генсек Д.Амарбаясгалан өөрөө МАНАН-гийн бүтээл биш юм уу?

6-22-2-550x300МАН-ын генсек. Уг нь бол том албан тушаал.  Эрх баригч намын “гал тогоо”-г удирдаж, намтай холбоотой бүхий л шийдвэрт гар бие оролцдог хүн.  Д.Амарбаясгалан энэ албан тушаалд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас томилогдсон.  МАН ялагдсан биш  бүр үнэмлэхүй  ялалт байгуулахад нь тэр  Ерөнхий нарийн бичгийн дарга болсон.  Гэсэн ч түүнийг ажил авснаас хойш  МАН дотор юу юу ч болоодхов.  Засгийн газраа татаж унагалаа.  УИХ дахь МАН-ын бүлэг 32, 33 болж хуваагдав. Нийслэлийн МАН ч хэд хуваагдаж , эрх ашгийн зөрчилтэй байдлаас хурлаа хуралдуулж чадахаа болов. МАН-ын эв түнжингүй энэ байдал үргэлжилж, хурцадмал байдал үүсээд байна. Уг нь эвтэй байдлыг сахиулах хүн нь намын генсек өөрөө юм.  Харин Д.Амарбаясгалан эв түнжинг сахиулж чадаагүйн дээр өөрөө намаа бужигнуулж  эхлэв.  Саяхнаас түүний зэс нь цухуйж байгаа юм уу ааш зан нь гэнэт өөрчлөгдөв, дахин төрсөн хүн шиг үйлдэл гаргах болсон. УИХ дахь намын бүлгээ тоохгүй, хурал зарлахад нь очихгүй.  Харин  олон нийтийн сүлжээнд попорч, “МАНАН-гаас салах цаг болсон” хэмээн уриалж суудаг болов. МАН-ын генсек Д.Амарбаясгалан өөрөө МАНАН-гийн бүтээл биш юм уу. Бид тэгж л ойлгодог. Харин ч бүр тодоос тод жишээ нь тэр өөрөө байх. 2008 оноос НИТХ-ын Тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга, 2013 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбооны  Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч М.Энхболд болон МАН-д  зөвхөн иргэдээс гэхэд гурван тэрбум 360 сая төгрөгийн хандив цугласан гэдгийг Үндэсний Аудитын газрын тайланд дурджээ. Мөн албан байгууллагын хандив гээд нэмэгдэх нь тодорхой. Тэр их мөнгө Д.Амарбаясгалангаар дамжиж, Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулагдсан. 

Энэ л он жилүүдэд  МАНАН-гийн эх­лэл тавигдаж, Д.Амар­баясгаланг МАН-д удирдах албан тушаалд байхад МАНАН мандаж байсан нь үнэн.  Энэ үнэнг хэн ч хэлнэ.  Ха­рин тэр мартаж л дээ.  Саяхан цахим хуудастаа “МАНАН-гаас салах цаг нэгэнт болжээ. Намын үнэт зүйлийг сэвтээж албан тушаал, ёс зүйн зөрчил гаргасан улс төрч, албан тушаалтнуудыг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй” хэмээн сүржигнэсэн  байв.  Хараад инээх гайхах зэрэгцээд болдоггүй ээ.  Нэгэнтээ 60 тэрбумын хэрэг мандахад  эзэн холбогдогч гэх А.Ганбаатар мэдээлэл хийхдээ “Төрийн албыг наймаалцах хэлэлцээрийн ширээний ард Д.Амарбаясгалан болон нэр бүхий хүмүүс суусан” гэж мэдэгдсэн байдаг. Тэр үйл явдал олон нийтэд хүрсний дараа Д.Амарбаясгалангаас энэ талаар сэтгүүлчид тодруулахад намаа ч хамгаалах чадаагүйдээ хөөрхий. Одоо УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ   60 тэрбумын асуудлыг шалгуулахыг шаардаж байна.  Энэ хэрэг сэргэж үнэхээр хэн нэгэн хариуцлага хүлээх  болвол хамгийн түрүүнд “татагдах” хүний нэг нь Д.Амарбаясгалан. Энэ нь түүнийг МАНАН-гийн бүтээл гэдгийг харуулсан захын жишээ. Мөн тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сон­гуу­лиар намынхаа Сонгуулийн штабыг удирдсан. Харин сонгуулийн дараагаас МАН-ынхан толхилцоод эхлэхэд намын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй нарт хамаг бурууг чихээд өнгөрөх шиг болно лээ. Харин сонгууль зохион байгуулсан, удирдсан Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн та­лаар ярьдаг хэлдэг хүн цөөн. Тэр энэ асуудлаас “хуурай” үлдэж чадсан.  Харин  Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой санхүүгийн тайлан одоо Д.Амарбаясгалангийн “тол­гойны өвчин” болж байгаа нь гарцаагүй.  Тэр тайлангаа намынхандаа танилцуулаагүй байгаа юм билээ. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд болон МАН-д зөвхөн иргэдээс гурван тэрбум 360 сая төгрөг цугласан гэдгийг Үндэсний аудитын газрын тайланд дурджээ. Мөн албан байгууллагууд хандив гээд нэмэгдэх нь тодорхой.

Тэр их мөнгө Д.Амар­баясгалангаар дамжиж, Ерөнхий­лөгчийн сонгуульд зарцуулагдсан.  Харин тэр намын санхүүжилт, тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүгийн тайлан, зарцуулсан мөнгөний жагсаалт баримтуудаа МАН-ын бүлэгтээ ч  танилцуу­лаагүй. Энэ асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж, Д.Амарбаясгаланг хоёр цагийн турш хүлээсэн удаа ч бий гэнэлээ. Магадгүй ойрын үед МАН-ын бүлэг намынхаа санхүүгийн тайланг хэлэлцэхэд нэг их гайхах зүйлгүй бололтой.  Гэнэт төрөл арилжиж, хувийн улс төр хийж эхэлсэн генсек нь  өөрийгөө энэ асуудлаас хуурай авч гарч чадах л байгаа даа. Д.Амарбаясгалан МАНАН-гийн бүтээл гэдгээ үүгээр батлаад л байх шиг харагдаад байна.  МАНАН-гийн бүтээл тийм байх нь аргагүй болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих