Ажлаа хийдэггүй, худалч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг огцруулах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх танаа
Шаардлага
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй үл тоож байгааг эрүүл мэндийн салбарын ажилтнууд эрс эсэргүүцэж байна.
Түүгээр ч үл барам Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн 3.4-т “Төрийн албан хаагчдын 2015 оны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 90.0 тэрбум төгрөг, тэтгэвэр нэмэгдүүлэхэд улсын төсвөөс нийгмийн даатгалын санд олгох татаасыг 13.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 2015 оны төсвийн тодотголд тусган УИХ-аар шийдвэрлүүлнэ. Төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх хувь хэмжээ, хэрэгжүүлэх хугацааг салбарын яамд, үйлдвэрчний салбарын холбоодтой тухай бүр зөвшилцөж шийдвэрлэнэ. Төсөвт байгууллагын төсвийн хэмнэлтийг цалин нэмэгдүүлэхэд зарцуулах асуудлыг салбарын хамтын хэлэлцээр, хамтын гэрээгээр шийдвэрлэж байна.” гэсэн заалт оруулж тохиролцсон боловч энэ заалт мөн хэрэгжээгүй 4 жил болж байна.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан” тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, жагсаал цуглаан, ажил хаялтын өмнөх суулты 9 хоногийн турш хийж, үсээ хусан тэмцсэний үр дүнд цалин нэмэгдүүлэх асуудлаар олон хоног хэлэлцэж тохиролцоонд хүрч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй ““Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын нэмэлт хэлэлцээр”-ийг 2018.05.29-ны өдөр байгуулсан билээ. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн дагуу хэлэлцээрийг бүртгүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлэхэд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засгийн газар, Засаг дарга нарын аливаа шийдвэр нь төсөвт үзүүлэх нөлөөлийн талаарх дүгнэлтэнд үндэслэсэн байх”, 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж үзэж бүртгэхээс татгалзсан хариу ирүүлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Дээрх үндэслэл нь хамтын хэлэлцээртэй огт хамааралгүй асуудал бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д ““хамтын хэлэлцээр” гэж иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог” хэлдэг бөгөөд нэгэнт 2 тал тохиролцсон хэлэлцээр, мөн тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “салбар /салбар дунд/-ын хэлэлцээрээр тодорхой ажил, мэргэжлийн ажилтны цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, нормативын асуудал”, 19.1.5-д “мэргэжлийн тарифын хэлэлцээрээр тодорхой ажил, мэргэжлийн хүрээний хөдөлмөрийн харилцааны асуудал”-ыг хамтын хэлэлцээрээр шийдвэрлэхийг,
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэх явцад төрийн ба төрийн бус, шашны байгууллага, улс төрийн нам, иргэн, албан тушаалтны зүгээс талуудын хууль ёсны эрхийг хязгаарлах буюу эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан байдаг. Гэвч дээрх татгалзсан хариунд “2018 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр тусгагдаагүй байна.” гэсэн шалтаг тоочсон нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Чинзориг нь Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн хуулийн хүрээнд хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг “хууль бусаар саад саад учруулж, хөндлөнгөөс оролцож байна” гэж үзэж эрс эсэргүүцэж байна.
Иймд Эрүүл мэндийн салбарын 48 мянга гаруй ажилтнууды төлөөлөн Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны гишүүд, сонгуультан, эмч, сувилагч, ажилтнуудыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна талбайд энэ сарын сарын 21-ний өдөр цуглаанд оролцогчдоос Монгол Улсын Засгийн газарт хандан дараах асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг ШААРДАЖ байна. Үүнд:
1. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг сайжруулж, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг асуудлаар салбар дотроо тохиролцон шийдвэрлэх боломжтой гэж үзэн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын нэмэлт хэлэлцээр”-ийг хууль бусаар ямар нэг шалтаг, шалтгаан тоочихгүйгээр энэ сарын 21-ны дотор бүртгэх,
2. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалт, мөн 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан боловч огт хэрэгжүүлэхгүй, ажлаа хийдэггүй, худалч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах,
Дээрх шаардлагыг хэрэжүүлээгүй тохиолдолд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын 3 талт хэлэлцээр”-ээр үүсгэсэн хамтын маргааны хүрээнд ажил хаялт хийх эрх үүссэн тул 2018 оны 06 сарын 22-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэж байна.
Мөн ажлаа хийдэггүй, худалч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод ШААРДЛАГА хүргүүлэв.
“ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГИЙГ ХАЛЖ, ШУДАРГА ҮНЭЛЭМЖ ТОГТООХЫГ ШААРДСАН” ЦУГЛААНД ОРОЛЦОГЧИД
Улаанбаатар хот
URL: