Хуульчилсан дарангуйлал

227217-20062018-1529468405-2075086933-ZGТонуулыг хуулийн хүрээнд эсвэл хуулиас гадуур гэж хоёр ангилж болдог талаар хуульчид ярих юм билээ. Хуулиас гадуур тонуул гэдэг нь хулгай, дээрэм. Ингэж бусдын өмчийг тоновол мэдээж шийтгэлтэй. Гэхдээ гэм хор нь хуульчлагдсан тонуулаасаа бага. Хуульчлагдсан тонуул нь хамгийн хортой бөгөөд нийгмийн үндсийг заналхийлдэг, газар авбал цаашдаа систем болж тогтох аюултайг мөн тэд онцолдог.

Тэгвэл дарангуйллыг ч мөн хуульчилж болох нь. Энэ Засгийн газар хууль баталж тонуул хийн, дарангуйлал тогтоохоор зэхэж байна. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах замаар Засгийн газар болон түүний харьяа байгууллагаас гаргасан ямар ч шийдвэр шүүхээс ангид байх тухай юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнгөрсөн даваа гарагт уг хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд “Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Монгол улсын үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм” хэмээн тайлбарлаад, төслөө хуулийн давхардлыг арилгах сайн талтай хэмээн “өргөмжлөв”.

Өнөөдрийн байдлаар Захиргааны хэргийн шүүхэд бүртгэлтэй 60 гаруй гомдол, маргаан Засгийн газар, түүний харьяа төрийн байгууллагуудын гаргасан шийдвэртэй холбоотой байдаг. Тэгвэл ардын Засгийн өргөн барьж буй хуулиар бол хэн нэгнийг ажлаас нь үндэслэлгүй халах, шударга бус сонгон шалгаруулалт зохион байгуулах, ашиг сонирхлын үүднээс бусдад давуу байдал олгож чөлөөт өрсөлдөөнийг боомилох гээд шүүх засаглалын хяналтаас гадуур юу ч үйлдэж болох эрхийг тэд өөрсдөдөө нээж өгч байгаа юм байна.

Ингэснээрээ жирийн иргэдээс шүүхэд гомдол гаргах, хандах эрхийг хаасан хамгийн харгис шийдвэрийг энэ Засгийн газраас гарган хуульчилж байгаа хэрэг. “Эрх нь зөрчигдсөн иргэд шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шийдүүлэх” гэсэн хамгийн энгийн, хамгийн чухал үндсэн хуулийн заалт энэ Засгийн өнгөн дээр утгаа алдах болж байгааг хүчээр хүлээн зөвшөөрөх ёстой болж байгаа хэрэг үү.

Гомдсон иргэнд хандах газаргүй, даварсан төрийг хянах боломжгүй болгох энэ төслийг хуулийнхан дэмжихгүй байгаа нь сайн хэрэг. Монголын хуульчдын холбооны ээлжит форум өчигдөр болж, хөндөгдсөн гол асуудал нь Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Засгийн газрын энэхүү захиалгат төслийн талаар байв. Захиалгатай гэдгийн учрыг хуульчид маш ойлгомжтойгоор тайлбарласан байна билээ.

Захиргааны хэргийн шүүхээс гаргасан олон шийдвэр дээр Засгийн газар унах болсон. Чухам энэ шалтгаанаар зөвхөн хар амь, арьсаа хамгаалахын тулд У.Хүрэлсүхийн танхим ийм төсөл санаачилж байгааг тэд хэлж байна. Засгийн газраас оруулж ирж байгаа энэ өөрчлөлт нь хүний эрхийг дордуулсан, дарангуйллыг бий болгосон, засаг захиргааны байгуулалтын дураараа авирлалтыг гааруулан дэмжиж байна гэж хуульчдаас анхааруулж байгааг тэд яагаад үл тоомсорлож байна бэ.

Төрийн байгууллагуудын буруутай шийдвэрийн эсрэг эрхээ хамгаалуулах зорилгоор Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуультай хамт бүхэл бүтэн шүүхийн институцийг бий болгосон. Энэ нь Захиргааны хэргийн шүүх. Харамсалтай нь иргэдийн эрхээ хамгаалуулдаг функц нь энэ хуулийн төслөөр үгүй болох нь. Гэхдээ энэ хуулийн төслийн хор хохирлыг хэн нэгэн дарга дураараа томилгоо хийх, тендер завших төдийхнөөр харах нь дэндүү хөнгөднө.

Үүний цаана маш ноцтой нөхцөл үүсч байгааг анзаарах эрүүл хэсэг нийгэмд байгаа гэдэгт найдна. Засгийн газар энэ цагаас эхлээд юу ч хийж болно гэдгээ хуульчлах гэж байна л даа. Тэдний гаргасан шийдвэрийг хэн ч хянах, шүүх эрхгүй болж байгаа юм. 1990 оноос хойш Монгол улсын бүтээж ирсэн ардчиллын үнэт зүйл, шударга ёс, шударга байх зарчим арчигдах болж байна. Ардчилсан нийгмийн ямар ч Засгийн газар ард түмнээ дээрэлхдэг, дарамталдаг, айлгадаг “мангас” байж таарахгүй, тэр тусмаа хуульчилж байгаад дарангуйлдаг, тонон дээрэмддэг байж бүр ч болохгүй.

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар зарим хуульчийн байр суурийг хүргэе.

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан: Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хэмжээ нь шүүхээс гадуур байж болохгүй

-Аливаа улсын нийгмийн суурь нь үндсэн хууль байдаг. Монгол улсын үндсэн хуульд эрх мэдлийн хуваарилалтын зарчим байдаг. Үүнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал харилцан бие биенээ хянадаг, тэнцвэржүүлдэг. Гэтэл Засгийн газар буюу гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хэмжээ нь шүүх эрх мэдлийн гадуур байж болохгүй. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн суурь зарчмыг үгүйсгэхээр байгаа юм. Тиймээс хүний эрх, эрх чөлөөг хангах, хүн бүр хуулийн дор үйл ажиллагаа явуулах учиртай. Гэтэл энэ маань шүүхийн хяналтаас гарна гэдэг байж боломгүй зүйл.

Хуульч Б.Ган-Очир: УИХ арай ч ийм хууль батлахгүй байх

-Би үүнийг шүүхийн эрх мэдлийг дордуулсан үйлдэл төдийгөөр харахгүй байна. Түүнээс ч ноцтой байдлыг энэ хуулийн өөрчлөлтөөр бий болгох гэж байгаа. Юуны түрүүнд сонгуулийн дараа ялсан нам нь төрийн албан хаагчдыг хоморголон халдаг. хоморголон халчихаад дахин шинэ хүн авдаг. Гэтэл үндэслэлгүй халагдсан хүмүүс маргааныг хянах ямар ч хариуцагчгүй болгож байгаа юм. Энэ бол хүссэн хэмжээгээрээ төрийн албан хаагчдыг халж болно, бас авч болно гэсэн үг. Мөн 2012-2016 онд улсын хэмжээнд маш олон концессын гэрээг байгуулсан. Энэ концессууд хүнд байдалд орно. Яагаад гэвэл хариуцагч байхгүй учраас концессыг дураараа өөрчилж болно, эсвэл гаднын компаниудтай гэрээ хийх боломжтой. Энэ тохиолдолд гадаад өр өсөх магадлалтай. Гэхдээ УИХ арай ч энэ хуулийн төслийг батлахгүй байх гэж бодож байна.

Хуульч Д.Оросоо: ЗГ парламенттай нийлж шүүх эрх мэдлийн хяналтаас гарахыг оролдож байна

-Засгийн газар эрх мэдлийн төлөө улайран дайрч буйн жишээ энэ болж байна. Өнөөдрийн Засгийн газар Ерөнхий сайдыг эс тооцвол 100 хувь парламентаас бүрдэж байгаа. Гэхдээ Ерөнхий сайд нь УИХ-д олонхийг бүрдүүлж буй намын дарга. Өөрөөр хэлбэл Засгийн газар нь парламентаа хяналтад авсан гэсэн үг.

Харин дараагийн алхам нь тэд шүүхээр хянуулахгүй байх зорилгоор ажиллаж байна. Тиймээс үндсэн хууль зөрчиж, Захиргааны Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг оролдож байгаа юм. 100 хувь парламентаас бүрдсэн Засгийн газарт байгаа давхар дээлтэй гишүүдийн дураараа авирлах хамгийн сүүлийн хүсэл нь энэ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын аливаа шийдвэрийг шүүх хянахгүй байх гэсэн хуулийн төслийг парламентаар батлуулах гэж байна. Энэ бол үндсэн хуульд заасан эрх мэдлийн хуваарилалтын зарчмыг үгүйсгэж байгаа юм. Тодруулбал, Засгийн газар парламенттай нийлээд шүүх эрх мэдлийн хяналтаас гарахыг оролдож байна.

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: hi Огноо: 21 June 2018

хуулийг өөрсдийн эрх мэдэлд үйлчилдэг болгох гэсээр бүр хэрээс хэтэрлээ. хууль нэрээр дээрэм хийгээд бүр дэндлээ одоо

Сэтгэгдэл бичих