НЭГ ЯВДАЛ, ХОЁР ӨӨР АРАНШИН
Өчигдөр Японы Осака хотод магнитуд 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж сургуульдаа очиж явсан 9 настай бяцхан охин сургуулийнхаа бассейны хашаанд даруулж энджээ. Өнөөдөр уг асуудлыг нарийвчлан шалгасны эцэст сургуулийн байгууламжийн хашаа хаалтын өндөр 2.2 метрээс дээшгүй байх ёстой гэсэн стандартаас давсан байсан нь илэрч хотын дарга, тус хотын боловсролын газрын удирдлагууд очиж эмгэнэл илэрхийлж уучлалт гуйж хариуцлага тооцохоо илэрхийлсэн байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлын өмнө, хүчтэй газар хөдлөлтөөс үүдэж нурсан хаалтын өмнөөс хариуцлага хүлээж байгаа нь энэ. Газар хөдлөөгүй бол энэ хаалт унахгүй бат бэх хана уу гэвэл бат бэх эд юм.
Мөн өчигдөр манай нийслэлийн 79 дүгээр сургуулийн биеийн тамирын хашааны хаалга унаж 11 настай хүүхэд даруулж энджээ. 2 км газраас явж ирж тоглож байгаад дарагдсан байна. Энэ хаалга дандаа унадаг, хүүхдүүд элбээд босгодог эд гэнэ. Юун стандарт юун хамгаалалт. Тэр байтугай тоглож байгаад эндсэн хүүхдийг бараг л хараа хяналтгүй тэнэмэл гэх нь холгүй тайлбарыг сургуулийн зүгээс өгчээ. 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ: Ар гэрийн хүмүүстэй нь холбоо бариагүй. Ангийнх нь багш нь түүнийг сайн мэдэх байх. Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан. Эндхийн хүүхдүүд хэлэхдээ энэ хавьд байнга тоглодог хүүхэд байсан гэх юм билээ гэжээ.
Холбогдох яамнаас газар хэлтсийн дарга нараа явуулжээ. Харагдчихаад ир гэж байгаа юм байх даа. Нөгөөдүүл нь тайлбар өгөх боломжгүй гээд үзчихээд явж. Хүүхдийн амь нас, сургуулийн аюулгүй байдал, барилга байгууламжийн хараа хамгаалалт, хариуцлага сахилга бат хоёр нэг иймэрхүү ялгамжтай байх ажээ.
URL: