Е.Отгонбаяр сайд “Та нарыг ажил хаявал теле хичээл заачихна” хэмээн томорчээ
Багш нарын тэмцэл туйлдаа хүрч өнөөдөр 25 мянга орчим багш хугацаагүй ажил хаялт зарлаад байна.
Тэдний шаардлагын талаар салбарын сайд нь “Нэгэнт УИХ-аас гарсан шийдвэр учраас яам болон миний зүгээс хийж чадахгүй зүйл байхгүй. Түүнчлэн гурван яамны сайд ч энэ асуудлаар шийдвэр гаргах шаансгүй. Та нар хэрэв ажил хаяна гэвэл бид теле хичээл заана” гэх утгатай мэдэгдэл хийсэн нь “дарин дээр давс нэмэх”-ийн үлгэрийг үзүүлж, олон багшийн аазгайг хөдөлгөжээ.
Уг нь шаардлагыг нь хүлээж авсан боловч цаг хугацааны асуудал байгаа гэдгийг хүн бүр ойлгож буй юм билээ. Тийм учраас “Оны эхэнд нэмсэн, гурван сард нэмсэн хоёрт ялгаа байхгүй. За яахав шар шинийн өмнө хэдэн төгрөг ахиу авах юм биз дээ” гэж үзэх хүмүүс байгаа. Мөн “Сар шинийн өмнө цалин нэмэгдвэл юмны үнэ тэнгэрт тулчихна” хэмээх нь ч бий. Олны үг ортой гэдэг учраас бодох л асуудал. Хэрэв үнэхээр олны ярьж байгаачлан юмны үнэ нэмэгдчихвэл бусад нь хэцүүдэх нь ойлгомжтой. Гэхдээ тэдний тэмцлийг дэмжиж байгаа хүмүүс олон бий. “Цалин нэмэхэд буруудах юмгүй. Хамгийн гол нь юмны үнийг л өсгөхгүй байх хэрэгтэй. Тэгээд тэдний тэмцэл амласандаа хүрч чаддаггүй. Энэ бол төрийн түшээдтэй тооцоо бодож байгаа нэг хэлбэр” гэж ярих хүмүүс цөөнгүй байгаа. Тодруулбал, нэгэнт оны эхэнд цалин нэмнэ гэж амлаад гарын үсэг зурчихсан учраас хийсэн хэлэлцээртээ эзэн байх хэрэгтэй гэсэн үг юм. Хэрэв үнэхээр ингэх байсан юм бол жүжигчин М.Баярмагнайн нэгэн жүжиг дээр хэлдэгчлэн “Үйлдэж байхдаа анхаарах нь яасан юм бэ…”-тэй утга нэгэн бус уу. Ямартай ч багш нарын ажил хаялт үргэлжилж байна.
Б.Сандагдорж
URL: