Д.МУРАТЫН БҮРЭН ЭРХИЙН АСУУДАЛД ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХЫГ ДЭМЖЛЭЭ
Улсын Ерөнхий прокуророос Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал ирүүлснийг УИХ энэ сарын 08-нд хэлэлцэж, хүлээж авахаас татгалзах тогтоол баталсан. Уг тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 13-нд хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн хоригт, “Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг УИХ хүлээж аваагүй нь төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг үгүй хийсэн, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд УИХ-ын гишүүнД.Муратын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг УИХ дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай” гэжээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргасан ч олонх дэмжсэнгүй. Мөн үеэр Ж.Батзандан гишүүн, “Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан тохиолдолд Улсын Ерөнхий прокурор Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дахин ирүүлж, байнгын хороо чуулганаар шийдвэрлүүлэх ёстой. Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа шүүхээс түүнийг гэм буруутайг тогтоовол УИХ гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх болно” хэмээв.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв хэмээн үзэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Мөн хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаарх УИХ-ын 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Д.Гантулга УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө энэ сарын 11-нд гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн Байнгын хорооны гишүүд үзлээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Mieux vaut prevenir que guerir.