Зөвшилцлийг сарниаж, ажил хаялтыг дэвэргэсэн манан
Нийслэлд ч тэр улстөрийн хүрээнд ч тэр манантаад нэг л бишээ. Тэнгэрийн ааш улстөрийн амьдралыг дагсан уу гэлтэй. Эцсийн хэлэлцүүлэг нь эхэлсэн ч урагшилж өгөхгүй байгаа УИХ-ын Сонгуулийн хууль өнгөрсөн долоо хоногт гацаанд өнгөрүүллээ.
48/28 мандатын хооронд шилжилт нь ямар байх тал дээр намын бүлгүүд тохиролцож чадахгүй байгаа нь ийнхүү гацахад хүргэсэн. Ерөнхийлөгч Кувейт, Катар, Ерөнхий сайд Индонези, УИХ-ын дарга Япон улсад айлчлахдаа УИХ-ын гишүүдийг бөөн цөөнөөр нь дагуулж явсан нь төрийн ажлыг назгайруулж орхисон.
Энэ нь Сонгуулийн хуулийг батлахгүй байх шалтгаан бус шалтаг болсон гэхэд болно. Төрийн ордноо сахиж үлдсэн гишүүд нь ирц бүрдэхгүйн дээр хэрэлдээд хөл толгойгоо алдаж хуралдаж чадахгүй байдалд хүрсэн. Спикер явахынхаа өмнө бүлгийн дарга нартай уулзан сонгуулийн хуулийг яаралтай батлах хэрэгтэй.
Зөвшилцлөө түргэвчлээд хуулийн хугацаанд нь Сонгуулийн хуулиа батал хэмээн дүндэн буулгасан. Энэ дүндэн нь эрхэм спикерийг дагаад Япон явсан бололтой. Маргаашийнх нь чуулганы хуралдаан эхлэнгүүт Долдугаар сарын 1-ны үймээний үеэр амиа алдсан таван иргэний төлөө Монголын төр уучлал гуйх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Гэвч олонхийн саналаар энэ төсөл унасан юм.
Өөрөөр хэлбэл уучлал гуйх шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнээс болж хоёр намын бүлэг зөвшилцөх бус талцах хэмжээнд хүрч хэрүүл даамжирсан бол зодоон гарахад ч хүрэх байлаа. Эндээс эхэлсэн маргааны улмаас үдээс хойшхи чуулганы хуралдаан цуцлагдсан гэх үндэслэл ч байгаа. Ийнхүү парламент хэрүүлтэй, хоёр тийшээ харсан байдалтай өнгөрүүллээ.
Харин нийгэмд үнийн хөөрөгдөл, хомсдол гэдэг үг ноёрхсон хэвээр байв. Дээрээс нь ажил хаялт нэмэгдэж хямралын эхлэлийг санагдуулна. Нефтийн бүтээгдэхүүн имортлогчид шатахуун олголтдоо хязгаарлалт хийж хэрэглэгчдээр ээлжит даажигналаа эхлүүлэв.
Засгийн газар ч энэ галыг газар авахуулалгүй дарах аргаа олж Эрсдлийн сангаас таван тэрбум төгрөг гарган нөөц бүрдүүлэх болсон. Энэ нь шатахуун импортлогчдыг аргадсан бас нэг хэлбэр байв. Шатахууны нийлүүлэлтээс хамаарсан үнийн огцом өсөлт, шатахууны хомсдол үүсэх үед зарим чухал /нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг/ салбарын хэрэгцээг 15 хоног хангах зорилгоор ийм шийдвэр гаргасан аж. Ингэснээр 2 сарын нөөц бүрдүүлж хомсдолын тухай дахин ярихгүй бололтой.
Багш нар хугацаагүй ажил хаялтаа эхлүүлж долоо хоногийн сүүлийн өдөр эцэг эхчүүдэд хүүхдүүдийг нь хүлээлгэж өглөө. 149 цэцэрлэг, 92 сургуулийн багш энэхүү ажил хаялтад нэгдсэн. Ажил хаялт өнөөдрөөс улс орон даяар хамарч магадгүй байгаа. Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, багш нар хэлэлцээрийн ширээний ард суух нь тодорхой. Харин тохиролцоонд хүрч хүүхдүүд хичээл номдоо явах эсэх нь харин тодорхойгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт нэгэн таатай мэдээлэл байсан нь иргэн бүрт оногдох нэг сая төгрөгийн хувьцааг ирэх жилийн хоёрдугаар сард олгох болсон. Мөн Монгол Улсын иргэн эх орныхооб аялагт эзэн байх ас нэг алхам хийгдсэн гэж үзэж байгаа. Тэр нь “Эрдэнэс Оюутолгой” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани хэлбэрээр байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Энэ компани нь стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Оюутолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм.“Эрдэнэс Оюутолгой” компанийн өөрийн хөрөнгийг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” компанийн хөрөнгөнөөс гаргах, компанийн дүрмийг зохих журмын дагуу баталж мөрдүүлэхийг Төрийн өмчийн хороонд даалгалаа.
Ер нь стратегийн ач холбогдол бүхий орд тус бүрээр “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани байгуулагдах юм. Анхных нь “Эрдэнэс Тавантолгой” байсан бол дараагийнх нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК болж байна.
Б.Ургамал shuud
URL: