ЗОЛГҮЙ ЗОЛИОСОНД ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ

olloo_mn_1529456507_haalgaӨдрөөс өдөрт өр өвтгөм, сэтгэл эмзэглэм асуудал гарах юм. Ялангуяа бага насны хүүхэдтэй холбоотой хэрэг гарсаар байна. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас илүүтэй золгүй байдлаар хүүхдүүд маань амь эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох аюулд өртөөд байна.

Хүүхдийн эрх алхам тутамдаа хөндөгдөж, зөрчигдсөөр байна. Үндсэн хуулинд хүүхэд эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх, хамгаалуулах, сурч боловсрох, мэдэх, хөгжих, оролцох эрхтэй гэж тов тодорхой заасан байдаг. Гэтэл өнөөдөр энэ эрхээ эдэлж чадаж байна уу.

Сүүлийн үед хүүхэдтэй холбоотой хэд хэдэн эмгэнэлтэй хэрэг гарлаа. Үнэхээр харамсч, халаглаж байна. Ирээдүй хойч болсон үр хүүхдүүдээ эрсдэлтэй, золгүй байдлаар амь насыг нь хохирсоор байх уу.

Хэдэн хэдэн баримт бичихэд,

Хоёрхон хоногийн өмнө эмээгээсээ “хөлбөмбөг тоглочихоод ороод ирье” гээд зөвшөөрөл аваад гарсан 11 настай хүү хөлбөмбөгийн хаалганы төмөрөнд цохиулж харамсалтайгаар амиа алдав.
Мөн энэ сарын 08-нд үеийнхэнтэйгээ дарвиж тоглосон 11 настай хүү тогтоол усанд живж амь эрсдлээ.
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 4 настай хүү үерт урсав. Хэдхэн хоногийн өмнө Хүүхдийн паркийн “Сансарын хөлөг” тоглоом хугарч унаж, долоон хүүхдийн эрүүл мэндийг хохироов.
Өчигдөр өглөө гэхэд, Яармагийн гүүрэн дээр гарсан авто ослын улмаас түгжрэл үүсч, хэд хэдэн хүүхэд ЭЕШ-аасаа хоцорч нус нулимстайгаа холилдож хаана хандахаа мэдэхгүй уймарч явав.
Дорнод аймгийн Баянтүмэн суманд аав нь 2 настай хүүгээрээ даага унуулж уралдуулан хүүхдийн эрхийг ноцтой зөрчив.
Дорнод аймаг болон Баян-Өлгий аймагт хоёр настай хүүхдүүд ор сураггүй алга болоод удаж байна. Өнөөдрийг хүртэл эрлийн багийнхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн хэвээрээ.
Төрөөд 5 хонож байгаа нярай охиныг хулгайлахыг завдав. Дөнгөж төрсөн хүүхдээ хог дээр амьдаар нь хаясан хэрэг гарав. Ихэр нярайнуудаа усанд живүүлж амийг нь хохироохыг завдсан хэрэг орон нутагт гарсан удаатай.
Төрсөн эцэгтээ очихоор БНСУ-руу хил давсан хэдхэн сартай хоёр ихэр хүү ээжийнхээ хамт хил дээр саатуулагдаж, хүйтэн хөндий байранд хэдэн цаг байсны улмаас хатгалгаа өвчин тусч, эмнэлэг бараадав. Тэднийг бичиг баримтын зөрчилтэй хэмээн Монгол руу нь буцаахыг оролдож байгаа талаар мэдээлэл гарсан байсан.
Бага насны хүүхдүүдтэй ялангуяа охин хүүхэдтэй зүй бус харьцаж, хүчирхийлдэг. Насанд хүрээгүй охид төрсөн эцэгтээ, хойд аавдаа, хамаатныхаа ахдаа хүчирхийлүүлсэн гэх зэрэг өр өвтгөм, сэтгэл эмзэглэм мэдээ мэдээлэл байнга гарах болов.
Мөн Нийслэлд бүртгэгдэж байгаа зам тээврийн осолд ихэвчлэн хүүхдүүд өртөж байна. Нэг өдөрт гэхэд 8-9 хүүхэд автын осолд орсон тоо баримт ч байдаг.  Тэдний хувьд харгалзах хүнгүйгээр ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байгаад машинд дайруулж, шүргүүлсэн байдаг.

Гэх мэт иймэрхүү золгүй, хариуцлагагүй хэрэгт хэн хариуцлага хүлээх юм бэ.  Нөгөө хүүхдэд ээлтэй, дулаахан орчин хаана байна. Энэ орчныг хаана, яаж бий болгох юм бэ.

Өнөөдөр зүгээр тоглож яваад амиа алдах гэж үү. Эцэг хуулиндаа тодорхой заасан хууль өнөөдөр хэрэгжиж чадаж байна уу. Яг үнэндээ, хүүхдээ хаана, юунд тоглуулахаа мэдэхээ байлаа шүү дээ. Ямар аймшигтай, харгис балмад нийгэмд бид аж төрж, амьдраад байна вэ. Эх орны ирээдүй хойч болсон бяцхан үрс маань гишгэх газаргүй, айдас түгшүүртэй хүйтэн орчинд хөл алдан амьдрах ёстой гэж үү.

Хууль санаачлагчид, эрх мэдлийн сэнтийд суусан эрх баригчиддаа та нар энэ бүхнийг харахгүй, сонсохгүй байгаа юмуу. Олон жил төрд тухалсан та нар хүүхдийн төлөө юу хийсэн юм бэ.

Нөгөө талаар эцэг эхчүүд, асран хамгаалагч нараа хаана хаанаа хариуцлагатай байя.  Нялх балчир үрсээ хаана юу хийж явааг нь байнга анхаарч, араас нь санаа тавьж баймаар байна шүү дээ. Нэг хэсэг нь нийгмийн сүлжээ дагаж хийрхэж байх хойгуур чинь хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохироод байна. Хариуцлагатай, ухамсартай үүрэгтэй байя. Хүн хүнээ хүний ёсоор хайрлаж, дээдэлж, туслаж, дэмжиж байя.

Цөөрч болохгүй цөөхөн монголчууд байгаа гэдгээ битгий мартаарай хүмүүс ээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих