Ямаан дээр тэмээний гарз гаргасаар суух уу

30409

-Хохирол төлүүлэх ажлын биелэлт 50-иас доош хувьтай байна-

“…Хуулийн дагуу гэм буруутай нь тогтоогдох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй” хэмээн Хүний эрхийн түгээмэл тунхаглалд дурдсан байдаг. Гэвч үнэн, худал нь мэдэгдэхгүй, хуулийн байгууллагаас гэм буруутайг нь тогтоогоогүй байхад ялтан болгодог, ялангуяа цахим ертөнцөд хэдийнэ цаазын тавцанд аваачдаг нь бидний араншин.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын явцад сэжигтэн, яллагдагчаар татагдсан хүмүүсийн хэрэг прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болох тохиолдол бий. Хэрэв сэжигтэн үндэслэлгүй цагдан хоригдсон байвал хохирлоо төрөөс нэхэмжлэх эрхтэй байхаар хуульчилсан. Гэвч үндэслэлгүйгээр байцаагдан, шалгуулж, цагдан хоригдож нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд, албан тушаал, гэр бүл цаашлаад амьдралаараа хохирч буй тохиолдол цөөнгүй.

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн дөрвөн үндэслэлээр яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана хэмээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заажээ.

Үүнээс өөр ямар ч тохиолдолд хэнийг ч олон хоногоор цагдан хорих үндэсгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэжээ. Дээр хэлсэнчлэн эрх, эрх чөлөө минь зөрчигдсөн гэж үзвэл харьяа цагдаагийн байгууллагад гомдол гаргах, цаашлаад шүүхээр хохирол барагдуулах шийдвэр гаргуулах эрх хүн бүрт нээлттэй.

Эх сурвалж: ХЭҮК

Гэвч энэ төрлийн гомдлын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт хангалтгүй байгаа юм. Тодруулбал, 2015 онд 848.9 тэрбум төгрөгийн хохирол төлүүлэхээс 168.2, 2016 онд 1.2 их наяд төгрөгийн хохирол төлүүлэхээс 128.4, 2017 онд 1.4 их наяд төгрөгийн хохирол төлүүлэхээс 294.9 тэрбум төгрөгийг хангуулжээ. Үүнээс харахад нийт хохирол төлүүлэх үйл ажиллагааны биелэлт 50-иас доош хувьтай байна.

Хилс хэрэгт холбогдсон, гэм буруугүй байхдаа хоригдсон зэрэг шалтгааны улмаас нэр төрөө сэргээлгэн, шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж, хохирол барагдуулж өгөөч гэсэн гомдол Хүний эрхийн үндэсний комисст цөөнгүй ирдэг аж. Зарим баримтаас дурдъя.

Баримт 1

“Би 2012 оны дөрөвдүгээр сард иргэн А-д гэрээний үндсэн дээр долоон сая төгрөг хүүтэй зээлдүүлсэн. Гэвч А гэрээний үүргээ биелүүлээгүй учраас шүүхэд хандсан юм. Иргэн А-гаас долоон сая төгрөг гаргуулж, надад олгох шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчид шуурхай ажиллаагүйн улмаас А төлбөрөө бүрэн төлөлгүй, хилээр нэвтэрч, БНСУ руу явсан байна” хэмээн иргэн Г гомдолдоо бичжээ. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу

Баримт 2

“Миний хүү Н нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгуулж, 2005 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 2006 оны аравдугаар сарын 19-нийг хүртэл 330 хоног цагдан хоригдсон. Энэ хугацаанд эрүүгийн төлөөлөгч нарт зодуулсны улмаас сэтгэцийн эмгэгтэй болж, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тул шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж өгнө үү” хэмээн ХЭҮК-т иргэн О ханджээ. Тус комиссоос иргэн Н-г төлөөлөн учирсан хохирлыг арилгуулахаар 57 сая төгрөг төрөөс нэхэмжилж, шүүхэд хандсан байна. Орхон аймаг дахь Сум дундын шүүхээс сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 40 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн гэнэ. Манай улсад сэтгэл санааны хохирол тооцох аргачлал, журам байхгүй нь иргэдийн хохирлыг бодитоор үнэлэхэд хүндрэл учруулдаг. Сэтгэл санааны хохирлыг ганц шүүгч, шүүх бүрэлдэхүүний дотоод итгэл үнэмшлээр эрх зүйн үндэслэл муутай тогтоож буй нь бодит байдалд нийцэхгүй байгааг энэ чиглэлээр ажилладаг өмгөөлөгч хэлэв.

Баримт 3

“Миний бие 2001 онд иргэн Г-г санаатай хөнөөсөн гэмт хэрэгт холбогдон ямар нэгэн нотлох баримтгүйгээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 159 хоног хоригдож, батлан даалтад гурван жил, дөрвөн сар шалгуулж байгаад 2015 онд шат шатны шүүхийн тогтоолоор цагаадсан. Нийт 159 хоног хилсээр хоригдон, сэтгэл санаа, эрүүл мэнд, амьдралаараа хохирсон. Энэ хугацаанд бие эрс муудаж, өндөр настай ээж, гэр бүл минь маш их хэлмэгдэн зовлоо. Сэтгэл санааны хохиролд 80 сая төгрөг нэхэмжилж байгаа тул учирсан хохирлыг төрөөс гаргуулахад намайг төлөөлөн шүүүхэд нэхэмжлэл гаргаж өгнө үү” гэжээ. ХЭҮК-оос дээрх гомдлын дагуу иргэн Б-г төлөөлөн 2017 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэвч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагаа болох үйл баримтуудын хоорондын шалтгаан холбоо тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэнэ.

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтнийг цагдан хорьсон, батлан даалтад гаргасан зэрэг мэдээлэл шуугиан тарьсан. Тэдэнтэй холбоотой бүх л мэдээлэл хэвлэлээр цаг алдалгүй гарч буй тул хууль хяналтын байгууллагынхан хилс хэрэг тулгачихгүй байх. Гэтэл жирийн олон иргэнд өөрт тулгасан ялын талаар олон нийт, хэвлэлд хүргэж чадахгүйгээсээ болж хохирч буй жишээ захаас аваад бий. Тэдний зарим нь хоригдож, цагаадсан ч хохирлоо бүрэн барагдуулж чадахгүй сууна.

Анхаарал татсан, сүүлийн үеийн жишээ гэвэл “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдсан Л.Гансүхэд 3.6 жил хорих ял оноож, “Эм Жи Эл Эс Би” компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Мөнгөнтуяа хоригдсон хугацаанд ажилгүй суусан болон өмгөөллийн хөлс, сэтгэл санааны хохирлоо барагдуулахаар шүүхэд хандсан. Шүүхээс түүнд тодорхой хэмжээ мөнгө олгохоор шийдвэрлэсэн ч гар дээрээ авсан, эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хохирол барагдуулах иргэд хаяг, байршлаа өөрчлөх, хилээр нэвтрэх зэргээр хууль ёсны ажиллагааг удаашруулж буй. Гэр хороололд амьдардаг зарим нь нохойгоо сул тавих, орон сууцны иргэд нь байрныхаа хаалганы нууц дугаарыг хэлэхгүй гүрийх зэргээр цаг хожиж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд багагүй саад учруулдаг аж. Хүүхдийн тэтгэмж олгох, хоригдлуудын хохирол барагдуулах шийдвэр мөн л хангалтгүй хэрэгжиж буй.

ШШГЕГ-ын харьяа хорих 23 ангийн 20 нь хоригдлуудаар барилгын материал үйлдвэрлүүлж, оёдол, газар тариалан, модон эдлэл хийх зэрэг ажил эрхлүүлж, хөдөлмөрийн хөлснөөс нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөр, хоригдлын буруутай үйлдлээс хорих ангид учирсан хохирлыг суутган, үлдсэн хэсгийг нэрийн дансанд нь төвлөрүүлдэг байна.

Гэвч тэдний хөдөлмөрийг багаар үнэлдэг учир шүүхээр тогтоосон өрийг барагдуулж хүчирдэггүй гэнэ. Алдсан хүн арван тамтай гэгчээр хохирсон иргэн шүүхийн шийдвэр гаргуулаад ч хохирлоо барагдуулж чаддаггүй нь олон жишээнээс харагдаж байна. Үйл ажиллагаа нь саармагжиж, эцэстээ юу ч биш болдог хохирол барагдуулах энэ үйл явцыг хуульд нийцүүлэх цаг хэзээ бол. Хохирсон иргэд ямаан дээр тэмээний гарз гаргасаар суух уу.

Өнөөдөр сонин


URL:

Нэр: best and cheapest essay writing service online Огноо: 21 July 2018

Et le mauvais empire.

Сэтгэгдэл бичих