Кристина Фернандес тангаргаа өргөв

Аргентины Ерөнхийлөгчөөр сонгогдсон Кристина Фернандес өнгөрөгч бямба гарагт Үндэсний конгрессийн дэргэд тангаргаа өргөж үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа.

Тэрбээр тус улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байгаа юм. Түүний бүрэн эрхийн хугацаа 2015 онд дуусна. Латин Америкийн шилдэг эмэгтэй улстөрчид тооцогддог тэрбээр ийнхүү тус бүс нутагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож буй анхны эмэгтэй улстөрч болж байна.

К.Фернандес тангараг өргөх ёслолын дараа хэлсэн үгэндээ “Манай үндэсний хөтөлбөр нэг ч ядуу хүн үлдэхгүй болтол үргэлжлэх болно” гэж хэлжээ. Түүнийг тангараг өргөсний дараа эдийн засгийн экс сайд Амадо Буду дэд Ерөнхийлөгчийн тангараг өргөжээ.

Өдгөө 58 настай К.Фернандесийн нөхөр 2003-2007 онд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн онд нас барсан байна. К.Фернандес өнгөрөгч аравдугаар сарын 23-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 54.11 хувийн саналаар ялалт байгуулсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих