Төрийн өмчийг хувьчлах талаар хэн юу хэлэв
Балансын үнэлгээ нь их наяд төгрөгтэй тэнцэх 27 аж ахуйн нэгж, тэр дундаа стратегийн шинж чанартай томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчлах жагсаалт анхаарлын төвд байна. 2012-2020 онд төрийн өмчийг хувьчлах тогтоолын төслийг Байнгын хороо, парламентаар хэлэлцэж байгаа нь олон нийт төдийгүй Их хурлын гишүүдийн эсэргүүцэлтэй багагүй тулгараад байгаа. Гишүүдийн зүгээс ард түмний өмчийг хувьчлахдаа нухацтай хандахгүй бол төрийн өмчит компаниуд сонгуулийн санхүүжилт гаргадаг ялсан намын бялуу хуваадаг хэрэгсэл болж байна. Мөн хувьчлал нэрийдлээр эзэн нь урьдчилж тодорсон гэдгийг ч шүүмжилж буй.
Харин өмч хувьчлалын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Компанийн засаглалыг сайжруулах, эдийн засагт үзүүлэх хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор Эдийн засгийн чуулганаар яригдсан саналыг үндэслэн Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хувьчлахаар боллоо. Ингэснээр нэг хүн дуудлага худалдаагаар хувьчлаад авах биш хүн бүр нээлттэй оролцож, хувьцаа эзэмшигч болох боломжтой. Харин цахилгаан станцууд иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг стратегийн ач холбогдолтой учир 30 хувийг хувьчлах байсныг дахин ярилцах боллоо” гэж тайлбарласан юм.Төрийн өмчийг хувьчлах талаар хэн юу хэлснийг онцолж байна.
Л.Элдэв-Очир: ХАРИУЦЛАГАГҮЙ, ТООН МЭДЭЭЛЭЛГҮЙ ТОГТООЛ ОРУУЛЖ ИРСНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭРЭГТЭЙ
-Үнэлгээнд нь балансын үнэ тавьсан нь дутагдалтай. Тооцоолол судалгааг сайн хийх ёстой. 2020 он хүртэл улсын төсвийг бүрдүүлэхэд тусгасан эх үүсвэрээ яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Засгийн газар хариуцлагагүй, тоон мэдээлэлгүй тогтоол оруулж ирснээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хувьчлалын асуудал эсвэл том төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөнө гэхээр гацаадаг. Хий хоосон харддаг, гацаадаг “бүлэглэл” бий.
Л.Энх-Амгалан: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ЯЛСАН НАМЫН БЯЛУУ ХУВААДАГ ХЭРЭГСЭЛ БОЛЖ БАЙНА
-Өнгөрсөн хугацаанд 2000 орчим аж ахуйн нэгжээ хувьчлаад 300 хүрэхтэй үгүйтэй тэрбум төгрөг олж байжээ. Монголын өнөөдрийн ажилгүйдэл, ядуурлын үндэс энэ өмчлөлөөс үүдэлтэй. Tөрийн өмчит компаниуд ялсан намын бялуу хуваадаг хэрэгсэл болж байна. Сонгуулийн санхүүжилтийг эндээс гаргадаг. Хөрөнгийн үнэлгээ, бэлэн мөнгөний, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тусад нь хийх ёстой. 27 компанид 7200 хүний ажил амьдралын асуудал яригдана.
Ж.Батзандан:ЗАХИАЛГАТ ХУВЬЧЛАЛ Ч ЭНЭ ДУНД БАЙНА
-Нийт 28 төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах тухай саналаа Засгийн газар оруулж ирлээ. Энэ удаад Засгийн газар өмнөх алдаанаасаа юу суралцаж дахин алдахгүйн тулд ямар шинэ зарчмуудыг баримталж хувьчлах гэж байна вэ. Хардлага дагуулж байна. Захиалгат хувьчлал ч энэ дунд явж байна. Авах компаниуд нь урьдчилаад тодорхой болчихсон. Бүлэглэлийн захиалгаар Засгийн газрын хувьчлалыг хүчээр зарлуулж байна гэдэг хардлага ч байна. Хувьчлалыг ил тод, шударга явуулахын тулд олон нийтийн хяналтын хүрээнд шударгаар явуулах хэрэгтэй.
Л.Болд: ТӨРИЙН ӨМЧИЙГ ХЭН НЭГЭНД ӨГЧ ЭЗЭНТЭЙ БОЛГОХ ТУХАЙ ОЙЛГОЛТ ОГТ БИШ
-Энэ удаад хувьчлах төрийн өмч бүгд стратегийн салбарууд. Ийм чухал салбаруудыг цайны цагаар кнопдуулаад батлах гэж байна. Монголын хувь заяаг шийдвэрлэх салбарууд энэ дунд байгаа юм. Хэлэлцэж буй асуудалд долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар хандахгүй бол маш том бодлогын зөрчилд хүргэнэ. Өмч хувьчлалын бодлогыг нийгмийн хөгжлийн бодлого гэж тодотгож болно.Төрийн өмчийг хэн нэгэнд өгч эзэнтэй болгох тухай ойлголт огтхон ч биш.
З.Нарантуяа:ХУВЬЧЛАХЫН ТУЛД ХӨРӨНГИЙН БИРЖЭЭ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХ ЁСТОЙ
-Төрийн өмчит компианудын жижиг хувьцаа эзэмшигчид өгөөжийг нь хүртэхгүй байгаа. Үүн дээр өөрчлөлт, шинэчлэлт хийх нь зөв. Өнөөдрийн оруулж ирж байгаа обьектуудын заримыг нь хувьчлах шаардлагагүй. Манайд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдыг дагаж дэмжиж Хөрөнгийн биржтэйгээ хамт ажиллах ёстой юм билээ. Үндсэндээ Ази тал руугаа. Гэтэл бид Лондон тал руу хандсан. Энэ асуудлаа цэгцлэхгүйгээр явна гэдэг мөрөөдлийн жагсаалт гэсэн үг. Эхлээд энэ обьектуудыг хувьчлахын тулд Хөрөнгийн биржээ ажиллагаанд оруулах ёстой.
Т.Аюурсайхан:ӨМЧ ХУВЬЧЛАЛЫГ ЗАХИАЛГАТАЙГААР ЯВУУЛЖ ИРСЭН
-Баян, ядуугийн ялгаа ихэссэн нь өмч хувьчлалтай холбоотой. 1995 онд Өмч хувьчлалын тухай хуулийг баталснаар захиалгатайгаар өмч хувьчлалыг явуулж ирсэн. Сургамж авахын оронд захиалгатайгаар үргэлжлүүлж болохгүй. Жагсаалтад орсон том объектуудыг нэг тогтоолоор, нэг алхаар, тавхан минут гишүүд саналаа хэлж, дөрөвхөн минут асуулт асуугаад шийдчихэж болохгүй. Эхний ээлжинд Хөрөнгийн биржийн хувьчлах асуудлыг ярьж нэг нэгээр нь судалгаа шинжилгээнд тулгуурлан шүүсийг нь шахъя.
Д.Эрдэнэбат:НЭГ БҮРЭЭР НЬ ХЭЛЭЛЦМЭЭР БАЙНА
-УИХ-ын гишүүд төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Гишүүд эсэргүүцэж байгаа нь зөв. Төрд үлсэн цөөн тооны хэдэн өмчөө дахин хянаж үзээд асуудалд хандъя. Нэг бүрээр нь хэлэлцмээр байна. Үүний дараа тогтоол шийдвэр гаргая. Тиймээс тус тогтоолыг буцаах горимын саналыг гаргаж байна.
Ё.Баатарбилэг:ХУВЬЧЛАЛЫН ХЭЛБЭР ТОДОРХОЙГҮЙ
-Хувьчлалын хэлбэр тодорхойгүй. Төрийн өмчийн компани шинээр байгуулж бизнесийнхэнтэй өрсөлдүүлдэг зүйлээс Засгийн газар хэзээ татгалзах вэ. 2012 онд төрийн албыг цомхотгож байгаа гээд олон агентлагийг татан буулгаж төрийн өмчийн улсын үйлдвэрийн газруудыг олноор бий болгосон. Хувийн компаниудыг дэмжиж, боломж олгож болдоггүй юм уу.
Н.Учрал:УИХ, ӨМЧИЙН ЭЗЭМШИГЧ АЛЬ НЬ Ч ХӨРӨНГИЙНХӨӨ ҮНЭЛГЭЭГ ТОГТООХГҮЙ
-Өмч хувьчлалын зөв бурууг хэлэлцэхийн өмнө хэрхэн, ямар арга замаар хувьчлалыг явуулах вэ гэдэг нь тодорхой байх ёстой. УИХ, өмчийн эзэмшигч аль аль нь хөрөнгийнхөө үнэлгээг тогтоохгүй. Өмч хувьчлалын үнэлгээний төсөөллийг ямар үндэслэлээр оруулж ирсэн бэ. Хэрвээ хөрөнгийн биржээр өмч хувьчлалыг явуулах гэж байгаа бол яагаад хөрөнгийн биржтэй хамтарч төсөөллийн үнэлгээг хийгээгүй юм бэ. Эсвэл эхлээд Хөрөнгийн биржийг өмчлүүлье.
Я.Содбаатар:ҮНЭЛГЭЭГ ЯРИХ ЁСТОЙ
– Томоохон хувьчлал, стратегийн чанартай, үндэсний хэмжээний сүлжээтэй гол гол аж ахуйн нэгжүүдийн асуудал хөндөгдөж байгаа учраас ийм асуудлыг нухацтай авч үзэх ёстой. Хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулж арилжих гэж байна. Энэ үед хөрөнгийн зах зээлд гаргах үнэлгээг ярих ёстой. Үүнийг хийхгүй бол ягаан, цэнхэр тасалбар тараасан шиг зүйл болно. Баялгийн тэгш, зөв хуваарилалттай холбох тэгш боломж бий болгох бодлоготойгоо уях ёстой. Өмч хувьчлалын үндсэн чиглэлд ямар бодлого барих вэ гэдгээ тодорхой болгомоор байгаа юм.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: