79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

15293678675b284d3bc5e5fШархадны эцсийн 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан харамсалтай осол энэ сарын 18-нд буюу өчигдөр 18.00 цагийн үед гарчээ. Тодруулбал, 79-р сургуулийн тавдугаар ангид сурдаг хүү эмээгээсээ “Хөлбөмбөг тоглочихоод, удахгүй ороод ирье” гэж гуйж гараад цаг ч бололгүй амиа алдсан байна. Хамт тоглодог хүүхдүүдийн хэлснээр, тус талбайн хөлбөмбөгийн хаалга байнга унадаг байсан бөгөөд унахаар нь буцааж босгоод тоглодог байсан гэв. Харин тус сургуулийн биеийн тамирын багш амиа алдсан хүүгийн эгчид “Бид 14 хоногийн өмнө гагнасан” гэх тайлбарыг өгсөн байна.

Бид хохирогч хүүгийн эгч Д.Алтантуяаг цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байхад нь уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

“ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙН ХААЛГЫГ 14 ХОНОГИЙН ӨМНӨ ГАГНАСАН ГЭХ ТАЙЛБАРЫГ ӨГЧЭЭ”

-Таныг очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Намайг очиход дүү маань өнгөрчихсөн. Цагдаа, шүүх эмнэлэг ирээд дүүг маань машиндаа оруулчихсан байсан. Би дүүгээ харж ч чадаагүй. Унасан хаалга, газраар урсах цусыг нь л харсан.

-Та сургуулийн удирлагуудтай уулзсан уу?

-Сургуулийн захирал болон биеийн тамирын багш нь ирсэн. “Ийм осолтой байсан юм бол яагаад янзлаагүй юм бэ, ядаж манаач нь эвдэрчихсэн орж болохгүй гээд оруулахгүй байж болоогүй юм уу” гэхэд биеийн тамирын багш нь “Сургууль амарчихсан байсан. Бид нар 14 хоногийн өмнө гагнасан. Бид зохих журмынхан дагуу шийдвэрлэнэ” гэх тайлбарыг өгсөн. Бид нар одоо цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байна. Манай дүү спортод их дуртай, тэр дундаа хөлбөмбөгт илүү авъяастай хүүхэд байсан. Сургуулийнхаа хашаанд дуртай тоглоомоо тоглож байгаад харамсалтайгаар амиа алдлаа. Бид нар маш их гомдолтой байна.

-Хүүгийн ээж, аав нь ирсэн үү?

-Ээж нь угаасаа байдаггүй. Хар нялхаар нь хаяад явчихсан. Аав нь ирчихсэн байгаа. Өнөөдөр бүтэн өдөржингөө гэртээ байж байгаад, дөнгөж гараад л ийм харамсалтай юм болчихлоо.

“БИД НАР ИЙМ АЮУЛТАЙ ГЭЖ БОДООГҮЙ”

-Хамт тоглож байсан хүүхдүүдээс нь юу болсон талаар тодруулахад, “Бид нарыг тоглож байхад нэг жаахан хүүхэд /цэцэрлэгийн насны/ ард талын шонгоос зүүгдсэн чинь хаалга уначихсан. Бид нар хараад дуудсан боловч эргэж харж амжаагүй байхад нь толгойн дээрээс нь уначихсан. Тэр талбайн хоёр хаалга хоёулаа байнга унадаг. Бид нар унахаар нь буцааж босгоод л тоглочихдог. Өмнө нь хүүхэд гэмтэж байгаагүй болохоор ийм аюултай гэж бодоогүй” гэсэн юм.

Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

 

Т.Гэрэл

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих