Ц.Ням-Осор: Төрийн өмчийн компаниудын үр ашиггүй байдлыг сайжруулахын тулд хувьчилна
Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд эрчим хүч, автозам, уул уурхай, банк санхүү, мэдээлэл харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит болон өмчийн оролцоотой 18 байгууллагыг 100 хувь, 19 байгууллагын тодорхой хувийг хувьчлахаар төлөвлөсөн. Тухайлбал, Төрийн банк, Монголын Хөрөнгийн бирж, МИАТ, Монголын цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ зэрэг компанийг хувьчлахаар хэлэлцэж байгаа юм. Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс эхлээд Хөрөнгийн биржээ хувьчилж байж, дараа дараагийн компанийг хувьчлах хэрэгтэй. Мөн нэг нэгээр нь оруулж ирж шат дараатайгаар хэлэлцүүлэх хэрэгтэй зэрэг олон санал гаргаж байв. Мөн сөрөг хүчний зүгээс өмч хувьчлалыг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Үүнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор дараах тайлбарыг хийв.
Тэрбээр “Хувьчлалыг салбар салбарын санд аваад хоёр дахь жилдээ орж байна. Эдийн засгийн чуулганаас төрийн өмчийн компаниудын үр ашиггүй байдлыг сайжруулах тодорхой аргуудын нэг нь хувьчлал гэж үзэж байгаа. Нөгөө талаас, 2015 оноос хойш УИХ-аас хувьчлахаар шийдвэрлэсэн обьектуудаа хувьчлах уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй байгаа учраас энэ төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар ярилцаад оруулж ирж байгаа юм. Яг одоо эцсийн байдлаар хувьчлах арга хэлбэр нь тодорхой бус, нийгэмд сөрөг үр дагавартай гэсэн шүүмжлэлд өртөж байгаа Төрийн банк, МИАТ зэрэг компанийн асуудал гарч ирж байна. УИХ дээр эцсийн шийдвэр нь гарах учраас тэр үед хэрэгжүүлэх талд анхаарна. Хувьчлах арга хэлбэр дээр би эхний зургаан компанийг Хөрөнгийн биржээр, үнэхээр алдагдалтай байгаа хувийн секторуудыг дуудлага худалдаагаар худалдчихвал зүгээр гэсэн саналыг салбарын яам холбогдох хүмүүстэй ярьж байгаа. АЗЗА 2009 онд Куветийн сангаас зээлсэн таван тэрбум төгрөгөө одоо болтол төлөөгүй. Мөн АЗЗА-ын тоног төхөөрөмжийн 80 гаруй хувь нь ашиглах хугацаа дууссан. Тйимээс зах зээлд өрсөлдөж чадахгүй байгаа учраас АЗЗА-г хувьчилъя гэж байгаа юм” гэв.
М.Энх
URL: