Нөхөн сонгуульд 79 нэр дэвшигч бүртгүүлжээ

Аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль энэ сарын 24-нд болно. Уг сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг баталсан хуваарийн дагуу хийж байна. Тухайлбал, энэхүү сонгуульд хэрэглэх нийт 30 төрлийн 27 мянга гаруй саналын хуудсыг хэвлүүлэх, сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулан, гэрчилгээ олгох ажлыг дуусч тэдгээрийг хүлээлгэн өгөх, санал авах байранд хүргүүлэх ажлыг эхлүүлжээ. Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, намын ажиглагчид болон тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. Мөн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг хариуцан гүйцэтгэжээ. Ажлын хэсгийг СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд нь тус төвийн ажилтнууд болон Тагнуулын Ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтнүүд орсон байна. Орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгууль нийт 11 аймгийн 26 суманд, дахин сонгууль гурван аймгийн дөрвөн суманд болох юм.

Сонгуульд оролцохоор гурван нам, нэг эвслээс нийт 79 нэр дэвшигч бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ. Нам, эвсэл болон нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа энэ сарын 6-ны өдрөөс эхлүүлээд байгаа юм. Түүнчлэн үүнээс гадна энэ жил Хэнтийд нөхөн сонгууль болох нь тодорхой болсон. Учир нь УИХ-ын гишүүн Д.Гантулга албан ёсоор гишүүнээсээ чөлөөлөгдөж, улс төрийн хүрээнд нөхөн сонгууль болох нөхцөл үүсээд байгаа билээ. Сонгуулийн тухай хуулийн 52.1-т тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна гэж заасан байдаг. Энэ сургаар ч тухайн тойрогт нэр дэвшихээр горилогчид бэлтгэл ажлаа эхлүүлсэн сурагтай байна. Сонгуулийн тухай хуульд зааснаас УИХ-ын гишүүний орон, гарсан суудлыг нөхөн сонгууль зохион байгуулах учиртай. Нөхөн сонгууль зохион байгуулахдаа УИХ-аас шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор нөхөн сонгуулийг зарлаж, 30 хоногийн хугацаанд зохион байгуулах хуультай. Гэвч сонгуулийн хуулиар нөхөн сонгуулийг зөвхөн зургаа, аравдугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гарагт зохион байгуулах ёстой учраас ийнхүү Хэнтийн нөхөн сонгууль ирэх намраас наашгүй нь тодорхой болоод байна. Түүнчлэн уг нөхөн сонгуультай холбоотойгоор Аудитын газраас сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоох учиртай. Ингэхдээ 2016 оны сонгуулийн зардлын дээд хэмжээгээр Хэнтийн нөхөн сонгуулийг явуулна гэж үзвэл сонгууль болохоос 70 хоногийн өмнө хэмжээг нь зарлана. Харин зардлын хэмжээг шинээр тогтооно гэвэл сонгууль болохоос 120 хоногийн өмнө тодорхой болгох хуулийн заалттай. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 52.3-т УИХ-ын ээлжит чуулганы үеэр УИХ-ын гишүүн нас барснаас бусад тохиолдолд орон гарсан бол энэ хуулийн 52.1, 52.2-т заасан нөхөн сонгуулийг орон гарснаас хойш 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд, чуулганы бус үеэр орон гарсан бол ээлжит чуулган эхэлснээс хойш мөн хугацаанд зарлан явуулна гэж заасан байдаг. Тиймээс Хэнтий аймгийн нөхөн сонгууль наанадаж ирэх намар, цаанадаж ирэх хаврын буюу заргаадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гарагт болох бололтой.

М.Өнөржаргал


URL:

Сэтгэгдэл бичих