Х.Тэмүүжин: Та нар ард түмнээсээ уучлал гуйх чадваргүй алуурчид
УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх чуулганаар шуугиан тарьсан гол асуудал нь Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл байв. Төслийг санаачлагч Х.Тэмүүжин гишүүн байнгын хорооны дүгнэлтээ танилцуулсан юм. Мэдээж 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр таван хүний амь нас эрсдэж, зургаан хүн буудуулан шархдаж, хэдэн зуун хүн баривчлагдаж, нийгэм тэр аяараа айдас хүйдэст автсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн нэрийн өмнөөс ард түмнээс уучлал гуйхыг энэхүү тогтоолын төслөөр баталгаажуулах юм. Эндээс асуулт асуух гишүүн гарсангүй тул хурал даргалагч санал хураахаар алхаа цохих тэр агшинд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт гараа өргөж харагдлаа. Чуулганы хуралдаанд алгасалгүй сууж, тэр бүр асуулт асуугаад байж үзэгддэггүй Д.Зоригт сайдад энэ удаа Х.Тэмүүжин гишүүнээс тодруулах зүйл гарчээ.
Д.Зоригт: Ямар үндэслэлээр төр буруутай гээд байгаа юм бэ. Долдугаар сарын 1-нд төр буруутай гэдэг дүгнэлт хаана гарсан юм.
Х.Тэмүүжин: Хүний эрхийн комиссоос гаргасан дүгнэлт бий шүү дээ. Үүнийг бид зөвшөөрөх үү, эс зөвшөөрөх үү гэдэг дээр нэлээд маргаж байсан. Харин Монголын төр анх удаа долдугаар сарын 1-ний хэргээр нээлттэй сонсгол хийсэн байдаг. Тиймээс долдугаар сарын нэгний хэргээр хэлмэгдсэн иргэд болон нийт ард түмнээсээ уучлал гуйх эр зориг төрд байх ёстой. Улстөрийн ийм соёл байх ёстой учраас УИХ-аас тогтоол гаргах гэж байна.
Д.Зоригт: Ойлгохгүй байна. Долдугаар сарын 1-ний хэргийг үүсгэсэн шалтгаанаа олохгүй байгаа учраас ийм зүйл хийгээд байгаа юм биш үү.
Х.Тэмүүжин: Таван хүний амь нас та нарт хамаагүй юм уу. Тэртэй тэргүй таван хүн алснаа хүлээн зөвшөөрч Монголын төр ар гэрийнхэнд нь 50 сая төгрөг өгөө биз дээ. Тэгээд одоо уучлалаа гуйчих л даа. Болохгүй юм уу” гэхэд С. Эрдэнэ гишүүн түүнийг дэмжиж, Д.Зоригт сайд руу дайрав. Ингээд өглөөнөөс хойш назгайрсан чуулганы хуралдаан төгсгөлдөө ирээд ширүүслээ.
Д.Зоригт сайд дуугүй болсонгүй. Х.Тэмүүжин гишүүн суудлаасаа босч, түүний өмнө ирж зогсов. “Юундаа хэрүүл хийгээд байгаа юм бэ. Чамд таван хүний амь хамаагүй юм уу” гээд л үглэж гарлаа. Цаанаас нь Э.Мөнх-Очир гишүүн ирж, Х.Тэмүүжин гишүүнийг хорьж” зүгээр л саналаа хураалгачихъя хэмээн түлхэнэ. Ингээд бүгд суудалдаа суухад Э.Мөнх-Очир гишүүн “Хэлэлцэх үү, үгүй юу гэдгээр санал хураагаад унагачихъя” гэж хашгираад, кноп руугаа зааж, Д.Зоригт сайд руу дохин нүд ирмэлээ. Нөгөө талаас С.Эрдэнэ, Х.Тэмүүжин гишүүн чимээгүй суугаагүй тул Э.Мөнх-Очир гишүүн “Дуртайгаараа та нар өөрсдөө уучлал гуйхгүй юу” гэсэн хариу шидэв. Энэ үед танхимд суусан бараг бүх гишүүн асуулт асуухаар кнопоо дарлаа. Дэд дарга Н.Энхболд “Цаг сунгаж хэлэлцэх үү” хэмээн тээнэгэлзэхэд “Р.Гончигдорж гишүүн “Шууд саналаа хураая” гэсэн горимын санал гаргав. Түүнийг нь гишүүд дэмжээд уг тогтоолын төслийг хэлэлцэх үү, үгүй юу хэмээн санал хураахад 30 гишүүн татгалзаж, 15 гишүүн дэмжлээ.
Үнэндээ энэ үед чуулганы танхимд 20 хүрэхгүй гишүүн сууж харагдсан юм. Гэвч ирц автоматаар бүрдэж, Э.Мөнх-Очир гишүүний хэлснээр МАН-ынхан санасандаа хүрч, тогтоолын төслийг унагалаа. Асуулт хариултгүйгээр шийдээд явах байсан асуудлыг Д.Зоригт сайд бусниулаад хаячихсан нь энэ. Үүнийг харсан Р.Гончигдорж гишүүн мэл гайхаж, Х.Тэмүүжин гишүүн уурандаа багтрах шахав. Түүний нүүр мэнчийтлээ хүрэнтэж, Э.Мөнх-Очир, Д.Зоригт нар руу чичлэн “Муусайн алуурчид” хэмээн хашгирлаа. Тэрээр “Танай Баяр, Мөнх-Оргил, Энхбаяр чинь бүгдээрээ алуурчид. Муусайн новшнуудаа. Та нар зүгээр алуурчид. Ард түмнээсээ уучлал гуйх чадваргүй алуурчид аа” хэмээн хашгирав. Гэвч Э.Мөнх-Очир гишүүн гараа алдлаад “Нэгэнт санал хураачихлаа. Баярлалаа” хэмээн доогтойхон инээнэ. Ингээд чуулган завсарлаж, гишүүд танхимаас гарч одлоо.
С.Эрдэнэ гишүүн “Муусайн фашистууд” гэсээр явж байв. Харин Х.Тэмүүжин гишүүнийг чуулганы танхимаас гарч ирэхэд нь тодруулга авсан юм.
-За юу болчихов оо?
-Долдугаар сарын 1-ний хэрэгт хэлмэгдсэн хүмүүс, ард түмнээс уучлалт гуйх нь зөвхөн нэг хэсэг нь. Мэдээж энэ асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд цаана нь Цагдаагийн байгууллагыг шинэчлэх, галт зэвсэг хэрэглэсэн нөхдүүдэд хариуцлага тооцох гээд шийдэх ёстой олон зүйл байгаа. Дээрээсээ үүрэг даалгавартай ажилладаг шүүхийн байгууллагыг яах вэ гэх мэтийн асуудал ч бий. Энэ бүгдийг шийдэхгүй гэж сая хэлж байна л даа. МАН-ынхан 2012 оны сонгуулиар дахиад хүн буудна. Та нар яах юм. Шүүх, хуулийн байгууллагуудаа хариуцлагагүй хэвээр нь байлгана” гэж хэллээ шүү дээ.
-Долдугаар сарын 1-нд таван хүнийг алсан хүмүүс тогтоогдчихсон юм уу?
-Цагдаагийн бие бүрэлдэхүүн Долдугаар сарын 1-нд галт зэвсгээр иргэдийг буудсан нь үнэн. Цагдаа нарт буу тарааж өгсөн нь тогтоогдсон. Тэд хүн буудсан буугаа нуух гэж ямар арга хэрэглэсэн нь илэрсэн. Сумныхаа хонгиог талбайгаас яаж түүсэн нь бүгд баримттай илэрчихсэн байгаа. Цагдаагийнхан 801 дүгээр ангийн барилгын хонгилд гурван метр газар нүх ухаж байгаад түүндээ турба суулгаж буудсан байдаг. Яагаад гэвэл хүн буудсан бууныхаа цохилуурыг өөрчлөх гэж шүү дээ. Хэн, хэн гэдэг цагдаа тэнд байсан нь нэр устайгаа тодорхой болсон.
-Энэ бүхэн хэзээ ил болж, буруутан нь шийтгэлээ хүлээх вэ?
-Прокурор дээр шалгагдаад ялаа авах гээд хүлээгдэж байна. Тийм учраас прокуророос очоод асуу. Одоо энэ хэрэг шүүх дээр очно. Тэгэхээр юу болох нь уу харъя. Хүн алчихаад уучлалт гуйж чадахгүй, тэгсэн мөртөө амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд 50 сая төгрөг өгснийг нь юу гэж ойлгох юм бэ. Тэр хүмүүст 50 сая төгрөгөө зүгээр өгч чадахгүй, намынхаа байранд есөн тэрбумыг нь аваа биз дээ, Ардын нам. Шинэ байраа Тусгаар тогтнолын ордон гэж нэрлээд байгаа юм. Арчаагүй байгаа байхгүй юу. Энэ бол Ардын нам биш алуурчдын нам” гээд хажууд нь яриа өгөөд зогссон Д.Зоригт сайд руу заан “Одоо тэрийг хар даа. Зүгээр л уул уурхайн саятан, новш” хэмээн чичлээд өрөө рүүгээ явав. Гэвч түүнийг дагаж, үргэлжлүүлэн хэдэн зүйлийг асуусаар байв.
-Долдугаар сарын 1-ний буруутан нь С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Н.Энхбаяр нар уу?
-”Цагдаа буудсан байх юм бол бүх хариуцлагыг би толгойгоороо даана” гэж Мөнх-Оргил нь хэлээ биз дээ. Тэгвэл Цагдаа хүн буудсан нь нотлогдлоо шүү дээ. Н.Энхбаяр ч буруутан болж таарна.
-Танд байдаг хар дэвтэр хаана байгаа вэ?
-Прокурорт миний хар дэвтэр бий. Түүний дагуу шалгаж байгаа. Энэ баримтуудыг бид хэвлэлийнхэнд дэлгэнэ.
-Уучлал гуйхыг дэмжсэнгүй. Одоо яах вэ?
-Асуудлыг дахиад УИХ-д оруулна. Тэртэй тэргүй Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн тухай хууль угаасаа батлагдана. Хэзээ вэ гэдэг нь мэдэгдэхгүй. Сонгууль дуустал мань нөхдүүд сонгуулийн мөнгөө босгоно. Тендерүүдээ иднэ. Сонирхлын зөрчилтэй хүмүүсээ ажиллуулна. Сонгууль хүртэл МАН-ынхан энэ хуулийг яаж ийж байгаад хойш нь татах бүх арга залиа хэрэглэж байна.
-Д.Зоригт сайд намынхаа даалгаврыг биелүүлэх шиг боллоо?
-Д.Зоригт С.Баярын хүн юм чинь түүнийг хамгаалах гэж ийм зүйл хийж байгаа юм байлгүй. Одоо С.Баяртаа очоод хэлнэ биз дээ” гэв. Харин чуулганы дараа З.Энхболд гишүүн хуралдаан зохион байгуулагчдаас санал хураалтын мэдээллийг авсан юм. Мэдээж энэ удаагийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах гэснийх биз ээ.
Ер нь энэ өдрийн, чуулган өглөө хаалттай эхэлсэн юм. Учир нь Эрдэнэсийн сангийн орлого зарлагын төсвийн тухай хэлэлцсэн хэрэг. Энэ асуудлын дараа хуралдаан нээв. Манай Засгийн газар Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл хэрэгжүүлэх зээлийн гэрээ байгуулсан юм байна. Үүнийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Салбарын сайд нь эзгүй, яамных нь мэргэжилтэн, газрын дарга нар гишүүдэд байцаагдахаар ирсэн харагдав. Э.Бат-Үүл гишүүн Монголын их, дээд сургуулиудын сургалтаас ургах судалгаа, судалгаанаас ургах сургалтын тогтолцоо тааруу байгааг шүүмжлэхийн зэрэгцээ оюутнуудын мэдлэг боловсрол ядмаг байгааг халаглаж байлаа. Харин Д.Дондог гишүүн Монголын их, дээд сургуулиуд тохь тух муутайг яриад, хүйтэн хөндий байшинд гадуур хувцастайгаа хичээллэж яваа оюутнууд яаж сайн сурахав дээ хэмээн өмөөрч байв. Тэрээр их, дээд сургуулиудыг байр байшинг орчин үеийн түвшинд аваачих цаг болсон гэдгийг хэлсэн юм. Ер нь энэ зээлээр Оюутны хотхоны асуудал шийдэгдэх бололтой юм билээ. Д.Оюунхорол гишүүн Монголын дээд боловсролын санхүүжилт өнөөдрийг хүртэл эцэг, эхийн нуруун дээр явсаар ирсэн. Үнэндээ их, дээд сургуулийн нийт санхүүжилтийн 90 гаруй хувь зөвхөн оюутнууд, тэднийг тэжээж яваа эцэг, эхийн халааснаас гардаг. Энэ тогтолцоог өөрчилж, төрийн өмчийн сургуулиудаа төр нь эзэмшсэн шиг эзэмших цаг ирснийг анхааруулаад уг төслийг дэмжсэн юм. Бусад гишүүд ч төслийг санал нэгтэйгээр дэмжээд байнгын хороо руу шилжүүллээ.
Ингээд чуулган завсарлахад 30-аад минут үлдсэн тул дараагийн асуудлуудыг нүд ирмэхийн зуур бөөндөв. Үдийн цайндаа яарсан гишүүд гарч одсоор танхимд тоотой хэд нь хоцорлоо. Завсарлахын түүс болсон гишүүд дараагийн асуудлуудыг асуулт хариултгүйгээр ганцхан кнопоор шийдэж суулаа. “Дэлхийн шуудан холбооны дүрмийн наймдугаар нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг ийм маягаар дэмжээд явуулав. Араас нь Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг төслийг хэлэлцүүлэггүйгээр дэмжсэн юм. Дараа нь Х.Тэмүүжин гишүүн санаачилсан хуулиа татан авч байгаагаа мэдэгдсэн учраас хэлэлцэх шаардлагагүй боллоо. Тэрээр Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөсөн барьсан юм. Гэвч тэрээр Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаа учраас төслөө нэгтгэе гээд Нотариатын тухай хуулиа татаж авлаа. Харин чуулганы төгсгөлд гишүүдийн дунд маргаан дэгдээсэн асуудал руу орсон юм.
Я.Мөнгөнцэцэг
MEDEE.MN
URL: