Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлалт гуйх талаар бодов

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Сонгогч илүү санал өгөх оролдлого хийж, сонгуулийн дүнг будлиантуулбал эрүүгийн хэрэг үүсгэх юм байна. Үнэ бүхий зүйл өгөхийг хориглох нь. Сонгуулийн үеэр нэр дэвшигчид сэтгүүл гаргаж тараадаг. Ингэвэл үнэ бүхий зүйлд орчих юм биш биз дээ” хэмээн лавласан.

Үүнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Энэ асуудлыг сонгуулийн хууль хэлэлцэх үеэр ярилцаж болох байх” гэсэн хариулт өгсөн. Энэхүү төслийг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэлэлцсэн. Энэ зээл бол дээд боловсролын салбарыг хөгжүүлэхэд авч буй анхны зээл. Мөн орон нутгийн их, дээд сургуулийн чадавхийг бэхжүүлэх, ядуу өрхийн сурагчдыг сурах боломжоор хангах зэрэг зорилтыг багтаасан аж.

Түүнчлэн байгалийнухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн тэргүүлэх салбарын багш, судлаачдын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна. Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хувийн сургуулиудад төрөөс үзүүлэх тусламж, дэмжлэг байдаггүй. Тиймээс бодитой дэмжлэг үзүүлээд шаардлага хангахгүй сургуулиудыг хаах нь зүйтэй. Ийм зоригтой алхамуудыг хийж стандартчиллыг тодорхой болгох хэрэгтэй” гэсэн саналыг хэлсэн.

Харин Ц.Даваасүрэн “Зээлийн хэмжээ 12 сая ам.доллар. Бид хэдэн зуун тэрбумаар нь янз бүрийн арга хэмжээнд зарцуулдаг болсон. Боловсролын салбарыг хөгжүүлье гэхэд энэ мөнгө бага. Доривтой ажлыг энэ хөрөнгөөр шийдэж чадахгүй” гэв.

Гишүүд гадаадад мэргэжил эзэмшсэн эрдэмтэн, судлаачдын өмнө эх орондоо ирж судалгаа шинжилгээний лаборатори байгуулах шаардлага тулгарч байна. Тиймээс туслалцаа үзүүлдэг сан бүрдүүлэх хэрэгтэй гэж байв. Дээрх асуудлыг ийнхүү хэлэлцэж баталсан юм.

Энэ өдөр гишүүдийн ирц хангалтгүй байлаа. Нэгэндээ уурлаж хатуу, ширүүн үгс чулууддаг нь энэ өдрийн хуралдааныг ч тойрсонгүй. Хууль зүйн байнгын хорооны харьяа Хүний эрхийн дэд хорооноос боловсруулсан Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр маргаан дэгдэж, гишүүд нэг нэгнийгээ чичилж эхлэв.

Уг төсөлд Хүний эрхийн үндэсний комиссын 2008 оны илтгэлийн бүлэгт “Төрийн хууль бус халдлагад өртөж, ойр дотныхоо хүмүүсийн амь насаар хохирч, хагацал үзсэн хохирогчдоос уучлал гуйх нь Монгол Улсын төрийн үүрэг хэмээн үзэж, үнэлэлт дүгнэлтийг дэмжиж, өргөн утгаараа ард түмнээсээ уучлал гуйх нь төрийн ёс зүй, шударга ёсонд нийцнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төрийн нэрийн өмнөөс нийт ард түмээс уучлал гуйх нь зохистой” гэж үзсэнийг төрийн тэргүүн Ерөнхийлөгчид уламжлахаар тусгажээ.

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсны дараа ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Нийт ард түмнээсээ уучлал гуйна гэдэг нь өргөн хүрээтэй ойлголт. Үүнд хууль эрх зүйн үр дагавар гэж байх ёстой. Ийм зүйл алга. Ер нь юунд үндэслэж төрийн буруу гэж үзэж байгаа юм. Ямар байгууллага төрийн байгууллагын хэн, хаана, юу хийсэн нь буруутай гэдэг дүгнэлт гаргасан юм. Хаана УИХ-аас ийм шийдвэр хэзээ гарсан юм бэ” гэв.

Үүнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хууль зүйн байнгын хороон дээр яриад долдугаар сарын 1-тэй холбоотойгоор цагдаагийн байгууллага галт зэвсэг хэрэглэсний улмаас таван хүн нас барж, олон арван хүн хүнд, хөнгөн хэлбэрээр шархтсан. Одоо прокурорын байгууллага хэргийг мөрдөж байгаа. Хангалттай нотолгоонууд бий. Тиймээс УИХ бодит дүгнэлт өгч, ийм хэмжээний зүйлд уучлал гуйх эр зориг байх ёстой” гэсэн.

Энэ үед ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Х.Тэмүүжин гишүүний яриад байгаа зүйлийг сайн ойлгохгүй байна. Уучлал гуйх шийдвэр чинь ямар нэгэн зүйлд буруутай гэсэн үндэслэл шүү дээ. Тэр үндэслэл нь хаана байгаа юм. Эсвэл уучлал гуйх нь дан ганц галт зэвсэг хэрэглэсэнтэй холбоотой юм уу. Үүнийгээ ялгаж зааглах хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороон дээр яригдсан асуудлуудыг мэдэхгүй байна. Дэд хорооны шийдвэр гарчихсан. Хоёр намын бүлэг, Хууль зүйн байнгын хорооны өмнөх болон одоогийн дарга нартай ярилцаж энэ талаар авах арга хэмжээнүүдийг зөвлөмж маягаар тогтоолын төсөл гаргая. Уучлал гуйх нь яах аргагүй зөв гэж үзсэн” хэмээлээ.

Энэхүү асуудалд бөөн шуугиан дэгдэж “Чи өөрөө уучлал гуйхгүй юу” хэмээн “би, чи”-дээ тулав. Харин УИХ-ын гишүүн гишүүн Р.Гончигдорж “Асуудлыг шууд хэлэлцэх нь зүйтэй” гэсэн горимын санал гаргасан. Ингээд Хууль зүйн байнгын хорооны саналаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн ирцээс давсан санал хураалт болж олонхи нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэнээр тогтоолын төслийг унагалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Та нарт таван хүний амь нас хамаагүй юм уу” хэмээн ихэд бухимдангуй хашгирав.

Ц.Жаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих