Алив, тэр “Ажилсаг Монгол”-ыг чинь дэмжье

15293197645b2791544887cШуудхан хэлэхэд монголчууд залхуу талдаа ард түмэн. Өлсөж үзээгүй хүмүүс ийм байдаг гэсэн.  Хэдэн малынхаа буянд өлсөж үзээгүй нь үнэн. Манай  хөдөөнийхэн гахай тахианы мах зооглох байтугай тоож ч харахгүй. Цамаан талдаа хүмүүс шүү дээ, бид чинь.

Гэхдээ монголд ядуурал бараг 30,40 хувь хүрнэ. Ядуучууд хот суурин газарт л ихэнх нь буй. Тэр дунд их дээд сургууль төгссөн нь  хүртэл бий. Эрхэлсэн ажил, тодорхой орлого байхгүй, өдрийн ихэнхийг тааз, хана ширтэж өнгөрөөдөг болохоор ядуурахаас өөр яах юм. Ядуурлын шалтгаан нь ердөө залхуу хойрго хандлага. Ядахнаа хоёрдогч түүхий эд цуглуулаад хоногийн хоолоо залгуулж болно шүү дээ.

Ирээдүйн фермерүүд иргэдээ мах сүү, тариа ногоогоор, үйлдвэрээ түүхий эдээр хангах хүмүүс. Монголд хамгийн эрэлттэй, хамгийн хэрэгцээтэй хүмүүс тэр фермерүүд байх болно. Нөгөө нэг ангилал нь үйлдвэрийн эзэд хэмээн тодотгож байна. Жижиг дунд үйлдвэр аливаа улс орны эдийн засгийн чухал судас, амин түшиг нь байдаг гэлцэнэ. Ирээдүйн эзэд маань монголчуудаа эх орны экологийн цэвэр түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнээр хангаж, гадаадаас ногоон мөнгө даллана.

Хэсэг мянгат малчид “Хөдөө  хүрээд ир. Туслах малчин  болгоё. Цалин хангамжийг чинь өгье, мал сүрэг тасалж өгнө. Үнээ малаа саагаад цагаан бүгээн идээгээ бэлтгээд ав. Хүүхдийн чинь сургалтын төлбөрийг төлье. Өвлийн идэш үнэгүй гэхчлэн  урин дуудаад жилийн нүүр үзэж байна.  Гадаад дотоодын их дээд сургууль төгссөн хоёр залуу энэ уриагаар Төв аймгийн Эрдэнэсантад очиж нэг жилийн нүүр үзэж байна. Одоо тэд мал аж ахуй аялал  жуулчлал хосолсон бизнесийн шинэ боломжийг олж харж, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэхээр ажиллаж байгаагаа цэнхэр дэлгэцээр ярилаа. Хөдөөд 10 мянган ажлын байр бий болгох гэсэн мянгат малчны уриалгаар дээрхи хоёр залуугаас өөр хүн очсонгүй.

Хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа танил маань хотоос зайдуухан байрлаж ажиллах ногоочин гэр бүлээр нь авах эрэлд хатаад явж байгаатай хэдхэн хоногийн өмнө хотын гудамжинд таарлаа. Байр хоолоор хангана, цалин, нийгмийн даатгалтай гэв. Томоохонд тооцогдох нэгэн компанийн захирал нээлттэй ажлын байранд ажиллах хүн авахаар 3 сар зар гаргаад нэг ч хүн ирсэнгүй гэнэ.  Саяхан манай хороон дээр үерийн далангийн хог цэвэрлүүлэх гээд чамгүй өндөр цалинтай өдрийн ажил хийх хүн олдохгүй байна гээд хэсгийн ахлагч эмэгтэй ярьж явахтай таарав.  Хийе гэвэл ажил бол байна аа.

Харамсалтай нь бид даанч залхуу. Энэ залхуурлын үр дагавар нь ядуурал. Экс ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж ядууралтай  дайн зарласан ч хол явсангүй.  Энэ нь ядуурлаас гарах арга зам мухардсан гэсэн үг биш л дээ.

Саарал ордны зүгээс энэ талаар сайн мэдээ дуулдаж байна.  Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Ажилсаг Монгол” хөтөлбөр санаачилжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-тай хамтран “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Нэрнээсээ хүртэл нэг л ойр дотно сонсогдоод байгаа юм. Нэг их сүржин гоё, гадаад үг хэллэгтэй  хөтөлбөрүүдийн нэр үе үе дуулддаг ч тэгсхийгээд голын манан шиг сарниж замхараад чимээ алдардаг.

Харин энэ хөтөлбөрийн  зорилго нэрнээсээ эхлээд тодорхой,  монголчууд бидэнд үгүйлэгдэж дутагдаад байгаа тэр чанарыг хөндсөн болохоороо анхаарал татсан. Ер нь улстөрчид нь ёс суртахуунтай, иргэд нь ажилсаг улс л хөгждөг жишиг байна. Энэ өнцгөөс нь харвал ажилсаг чанар гэдэг нь хөгжлийн нэг хүчин зүйл аж.

Хөтөлбөрийн зорилго нь орчин үеийн ажлын байрны хэрэгцээ шаардлагад нийцсэн, ур чадвартай, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх явдал гэжээ. Хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл 30 мянган хүүхдийг нарийн мэргэжлээр сургаж, ирээдүйн фермер, үйлдвэрийн эздийг төрүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.

Ирээдүйн фермерүүд гэдэг иргэдээ  мах сүү, тариа ногоогоор, үйлдвэрээ түүхий эдээр хангах хүмүүс. Монголд хамгийн эрэлттэй, хамгийн хэрэгцээтэй хүмүүс тэр фермерүүд байх болно.  Нөгөө нэг ангилал нь үйлдвэрийн эзэд хэмээн тодотгож байна. Жижиг дунд үйлдвэр гэдэг аливаа улс орны эдийн засгийн чухал судас, амин түшиг нь байдаг гэлцэнэ. Ирээдүйн эзэд маань монголчуудаа эх орны экологийн цэвэр түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнээр хангаж, гадаадаас ногоон мөнгө даллана. Ингэж байж улс орон хөгжинө.

Судалгаанаас харвал Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон хувийн өмчийн 100 орчим их, дээд сургууль, коллежид 160 гаруй мянган оюутан суралцаж байна. Жилд 30-40 мянган оюутан сургуулиа төгсдөг ч ердөө гуравны нэг нь эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг гэсэн судалгаа байна.   Өөрөөр хэлбэл, өнөөдрийн их дээд сургуулийн элсэлт нь нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаагүй байна гэсэн үг. Энэ хэрээр мөнөөх дипломтой ажилгүйчүүдийн тоо улам бүр нэмэгдсээр байгаа юм. Харин одоо “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд Монголын зах зээлд дээд мэргэжлээс илүү нарийн мэргэжилтэй ажилтныг бэлтгэхээр зорьж байна.

 “Ажилсаг Монгол” төсөл донор орнуудын санхүүжилттэйгээр хэрэгжихээс гадна Оюутолгой болон бусад хувийн хэвшлийн байгууллагуудыг энэ үйл ажиллагаанд оролцуулах юм байна.

Товчхондоо бол хэлдэг бус хийдэг мэргэжилтнийг түлхүү бэлтгэхээр зорьж байна. Алив, тэгэхээр “Ажлсаг Монгол”-ыг дэмжихээс өөр яах билээ.

М.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих