Вьетнам засварт төлсөн мөнгө улсын төсөвт орох ёстой

bbbbМонгол Улсад автомашин хэрэглэгчдийн тоо өдрөөр өсөж байгаатай уялдан зам тээврийн осол ч нэмэгдсээр байгаа юм. Замын цагдаагийн албанд 2017 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын дийлэнх буюу 89.3 хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдэгджээ. Нийслэлийн хэмжээнд 32362 зам тээврийн осол бүртгэгдсэний 29631 нь эд материалын хохирол учруулсангэмт хэрэг байна. Мэдээж осолд өртсөн тээврийн хэрэгслийн тоо үүнээс их байх нь ойлгомжтой боловч хэд нь кузов засвараар янзлуулдаг талаар тоо баримт байдаггүй. Энэ нь манай улсад авто үйлчилгээний мэдээллийн сан байхгүйтэй холбоотой. Бусад оронд авто үйлчилгээний мэдээллийн сангийн тусламжтайгаар иргэд нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо бодитоор үнэлүүлж, чанарын баталгаатай засуулдаг аж. Мөн худалдаж авах тээврийн хэрэгслээ ч хэдэн удаа осолд орсон, ямар гэмтэл учирч хаана засуулсан, баталгаа нь хэдэн жилээр хязгаарлагдах зэргээр шинжчихэж байна. Харин манай улсад ийм мэдээллийн санг бий болгож амжаагүйгээс иргэд хохирсоор байгаа юм. 2016 онд Зам, тээврийн сайдын тушаалаар “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох” журам батлагдаж, түүгээр авто үйлчилгээний мэдээллийн сан үүсгэх болон итгэмжлэлийн байгууллагаар дамжуулан засвар үйлчилгээ явуулах эрх олгохоор болсон байдаг.

Харамсалтай нь, төрийн байгууллагуудын уялдаа муугаас энэ тушаалын хэрэгжих явц удааширч, бусад хуулийн хэрэгжилтэд ч муугаар нөлөөлж эхэлсэн байна. Уг нь төрийн зүгээс авто үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг засвар үйлчилгээний итгэмжлэгдсэн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр олгох хуулийн заалттай ч Монголд засвар үйлчилгээний итгэмжлэгдсэн байгууллага ганц ч алга. Энэ мэтчилэн төрийн хууль, журам ширээний нүдэнд хэвтэх хооронд авто үйлчилгээ эрхлэгч зарим салбарынхан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр сүүлдээ төрийн ажилд саад учруулж эхэллээ. Тухайлбал, кузов засварын үйлчилгээ үзүүлдэг вьетнам засварын газруудын үйл ажиллагаа хяналтаас гарах хэмжээнд хүрчээ. 2017 онд нийслэлийн хэмжээнд 78 вьетнам засвар үйл ажиллагаа явуулж, тэнд 750 орчим вьетнам иргэн ажиллаж байгааг Нийслэлийн ачаа тээврийн хэлтсийн судалгаанд дурджээ. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа вьетнам засварын газруудад эрх олгох болон хяналт тавих ажлыг анх нийслэлийн Авто тээврийн газрын тээвэр, логистикийн хэлтэс хариуцахаар тогтоосон боловч 2014 онд батлагдсан журмын дагуу дээрх эрх, үүрэг дүүрэгт шилжсэнээр хэн дуртай нь вьетнам иргэдтэй тохиролцон засварын газар нээн ажиллуулах болжээ.

Вьетнам засвар ердөө 10 мянган төгрөгийн татвар төлдөг

Уг нь авто үйлчилгээг зохион байгуулах нийтлэг шаардлага, журам тогтооход төр, захиргааны болон бусад байгууллагаас хяналт тавих, ажил үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулахад зориулсан MNS 5025:2010 стандартыг барьж шалгалт хийхэд тэнцэх вьетнам засвар тун ховор. Дүүргийн холбогдох хэлтсүүд эрх мэдлийнхээ хүрээнд вьетнам засварын газруудад шалгалт хийдэг ч хүчин мөхөстдөг талаар учирлаж байна. Үүний шалтгаан нь вьетнам засварын газрын ард цагдаа, хууль, хүчний байгууллагад эрх мэдэл бүхий хүмүүс байдагтай холбоотой гэнэ. Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, худалдаа үйлчилгээний хэлтэс, татварын албанаасвьетнам засварын газруудад жил бүр шалгалт хийдэг бөгөөд шалгалтаар очиход хаалгаа тайлж өгдөггүйгээс эхлээд хэл нэвтрэлцдэггүй зэрэг олон “проблем” үүсдэг байна. Зарим нь хэл амаар доромжилж үл ойшоох байдлаар ханддаг явдал ч бишгүй гардаг тухай дүүргийн татварын албаны эх сурвалж ярьж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААН төрийн хууль, хяналт шалгалтад тэгш эрхтэй хамрагдах ёстой тухай хууль ёсны шаардлага тэнд илт зөрчигддөг. Дүүргийн мэргэжлийн хяналт, татварынхан цагдаатайгаа хамжаад ч орж шалгаж чаддаггүй вьетнам засварууд цөөнгүй. Ардаа том хамгаалалттай учраас төрийн албан хаагчдыг юман чинээ тоохгүй байгаа хэрэг шүү дээ. Тэдний даварсан үйлдэлд төрийн хууль нь ч “шавар хаадаг”.

• Авто үйлчилгээнд тавигддаг MNS 5025:2010 стандартад тэнцэх вьетнам засвар тун ховор.

• Хуучин автомашиныг вьетнам засвараар шинэ болгодог сүлжээ ч бий болсныг нуух юун.

• Авто үйлчилгээний мэдээллийн сангүйгээс вьетнам засварынхныг оодруулжээ

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд сүүлд орсон өөрчлөлтөөр иргэн, аж ахуй нэгжийн эрхлэх үйл ажиллагааг шалгахдаа удирдамжийн дагуу заавал тав хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж байх заалттай болсон. Хуульд заасны дагуу тав хоногийн өмнө мэдэгдсэн шалгалт үр дүн багатай байх нь ойлгомжтой. Мөн урьдчилан мэдэгдээгүй гэдгээр шалтаг заан шалгалтаас бултдаг, хуульд заасан хугацаа болмогц цоожлоод л болдог засварын газар ч цөөнгүй. Ихэнх вьетнам засварын газар ажлын байр, амрах орчин нь холилдсон, эрүүл ахуйн MNS 5025:2010 стандартыг зөрчсөн нь илт байдаг ч хариуцлага тооцох талаар хангалттай ажиллаж чаддаггүй нь бас л хууль хүчнийхний далд дэмжлэгтэй холбоотой. Өнөөдөр кузов засварын газар ажиллаж байгаа вьетнам иргэдийн үйлчлүүлэгчтэй харьцах харилцааг олон хүн шүүмжилдэг. Тэнд ажиллаж буй вьетнам залууст үйлчлүүлэгчтэй хэл ам хийж үйлчилдэг монгол эмс ч олон болжээ. Монгол эмэгтэйтэй гэр бүл болсон, хамтран амьдардаг вьетнамчууд ч сүүлийн үед эрс нэмэгджээ. Вьетнам эрс, монгол охид хэл нэвтрэлцэхгүй ч өөр байдлаар ойлголцоод наргиж цэнгээд байгаа бичлэг ч сошиал орчинд цөөнгүй бий.

Хэнтэй, яах нь хувь хүний эрх боловч монгол иргэдээс гарч, монгол төрийн төсөвт орох ёстой мөнгө гадаад иргэдийн зугаа цэнгэлд зарцуулагдаж байна гэдэг талаас нь харвал бухимдал төрүүлэх хангалттай үндэслэл. Учир нь вьетнам засварын газрууд татварын хамгийн бага нэгжээр татвар төлж байна. Орлого тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ гэх ангилалд багтаж сард ердөө 10 мянган төгрөгийг татварт төлж байгаа нь өнөөх л далдаас тэтгэгчдийн нөлөөлөл гэлтэй. Өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 70 гаруй вьетнам засварын газрын хэд нь НӨАТ-ын урамшууллын системд холбогдсон, хэд нь үйлчлүүлэгчдээ и-баримт өгсөн бол гэх асуултад хариу өгөх хариуцлагатан алга. Зүй нь вьетнам засварын газраар үйлчлүүлсний төлбөрийн тодорхой хувь нь үйл ажиллагаа эрхэлсний болон НӨАТ-д орж байх ёстой. Гэтэл аравхан мянган төгрөгөөр бүтэн ААНийн хэмжээний ажил үйлчилгээг ацаглаж байгаа нь шударга бус байна. Татварын хуульд өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон боловч өнөөх л далдаас дэмжигчдийн “гар хөл” саад болсон гэдэг. Чухам ямар шалтгаанаар вьетнам засварын газрыг хууль хүчний байгууллагад эрх мэдэл бүхий байсан хүмүүс тэтгээд байдгийг тандвал том ашиг сонирхол тэнд зүүгдэж байдаг аж. Хууль хүчний байгууллагаар дамжсан “хүнд гар”-ууд гаднаас оруулж ирсэн хуучин машиныг вьетнам засварын газраар засуулж үнэлгээг нь өндөрсгөн зардаг тухай ч “чих дэлсэж” байна.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих