МАН-ын залуу гишүүдэд алга ташья!!!

31761

Өнгөрөгч долоо хоногийн хамгийн дуулиантай үйл явдлын нэг нь долоо хоногийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзаж, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн явдал, нөгөө нь долоо хоногийн төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга асан, УИХ-ын дарга М.Энхболдыг “60 тэрбумын хэргээ шалгуултал УИХ-ын чуулганд суухгүй” хэмээн мэдэгдсэн явдал байлаа. Хэдийгээр болох ёстой үйл явдал болох ёстой цаг хугацаанаасаа бүтэн нэг жилээр хоцорсон ч гэлээ МАН-ын хоёр залууд алга ташья! Улс төрд өөрсдийг нь замчилсан намынхаа ах нарын хийж чадаагүйг хийж, Монголын улс төрд шинэ жишиг тогтоолоо. Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Харин алдаагаа хүлээн зөвшөөрч, хариуцлагаа хүлээж чадах нь хүний үнэт чанар юм.

Хэрэвзээ жилийн өмнө, МАН сонгуульд ялагдсаны дараа Д.Гантулга, Д.Оюун-Эрдэнэ нар энэ үйлдлүүдээ хийсэн бол илүү гоё болох байлаа. Гэсэн ч оргүйгээс оройтсон нь дээр гэдэг үгтэй. Ард нь ямар зорилго нуугдсан ч бай, ил хэлж байгаа үгийг нь дэмжих ёстой.

Харин УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнийн мэдэгдлийн эсрэг УИХ-ын даргын улс төрийн зөвлөх О.Гүнбилэгийн цагаа олоогүй, яаруу сандруу хийсэн мэдэгдэл эсрэг талдаа хүч нэмж, УИХ-ын даргад өөрт нь хүнд цохилт болов. М.Энхболд өөрөө гарч ирээд энэ мэдэгдлийг хийсэн ч ийм их сөрөг реакци дагуулахгүй байсан болов уу. Учир нь О.Гүнбилэг гэдэг хүн УИХ-ын даргын зөвлөхөөс гадна Монголын хуульчдын холбооны тэргүүн билээ. Монголын бүх хуульчдын нүүр. (Шүүгч, прокурор, өмгөөлөгчид гээд хуульчийн эрхтэй бүх хуульчид энэ холбоонд багтдаг) Тэр өөрийн даргаа аврах гээд Монголын бүх хуульчдыг шавар шавхай руу түлхчихлээ. Олон нийт одоо тэдний талаар ямар дүгнэлт хийх нь тодорхой шүү дээ.

О.Гүнбилэгийн хэлсэнчлэн 60 тэрбумыг асуудлыг хуулийн байгууллага шалгасан нь үнэн. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн нь ч үнэн. Гэхдээ “судалгаанд хамтаргдсан” 1000 гаруй төрийн албан хаагч нараас нэг нь ч сонгуулийн дараа албан тушаалд томилогдохдоо хэн нэгэнд “авлига өгсөн” тухай мэдээлээгүй гэнэ. Гэхдээ цагдаагийн байгууллага судалгаа хийдэг (бидний ойлгодгоор судалгаа гэдэг маань асуулт асууж, хариулт авахыг хэлдэг) байгууллага уу, эсвэл хэрэг мөрддөг байгууллага уу? гэдгийг нэг бодоод үзчих хэрэгтэй. Хийсэн мэдэгдэл нь эхний өгүүлбэрээсээ эхлээд “хий нь гарч” эхэлж байгаа юм. Хуулийн байгууллага М.Энхболд гэдэг хүнийг зүгээр л “илээд” өнгөрчээ гэж. Гэтэл С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг яаж шалгав?

Нэгэнт тагнуул, цагдаагийн байгууллага хамтарч шалгаад М.Энхболд гэдэг хүнийг “гэмт хэрэг үйлдээгүй” гэж тогтоосон болохоор МАН-ын дарга 60 тэрбумаа цуглуулж амжаагүй гэж бодьё. Гэхдээ төрийн албан тушаалыг хар зах дээр наймаа хийж байгаа аятай ширхэгчлэн зарахаар үгсэн хуйвалдсан, завдсан нь бол үнэн. Тэр наймаа хийгдсэн үү, эсвэл аль нэг шатандаа наймаа буцсан (эсвэл наймаалцахаа больё гэж шийдсэн), хэн нэг нь таслан зогсоосон эсэхийг мэдэхгүй. Гэхдээ үг үлддэг жамтай. М.Энхболд гэдэг хүний, түүний туслахуудын өөрсдийн амаар, өөрсдийн дуу хоолойгоор хэлсэн үг, түүнийг нотлох баримт бий.

Туслахуудынх нь нэг нь (Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй) өөрийн амаар “Энэ бичлэг жинхэнэ” гэдгийг хэлсэн. Бичлэгийг тасалсан, монтажилсан энэ тэр бол түй ч хамаагүй. Тэр байтугай У.Хүрэлсүх ч юм уу, улс төрийн өрсөлдөгчдийнх нь зүгээс зориудаар зохион байгуулж занга тавьсан байлаа ч М.Энхболд гэдэг хүнд ухрах газар байхгүй. Занганд нэгэнт унасан. Хэрвээ тэдгээр үгсийг түүнийг тамлан зовоох байдлаар хүч хэрэглэн хэлүүлээгүй л бол шүү дээ. Хэрэв тэгсэн бол тэр тухай мэдүүлэг болон нотлох баримтаа хуулийн байгууллагад гаргаж өгөх ёстой. Тэгж чадахгүй бол энэ бичлэг “үүрдийн үүрд” М.Энхболдын эсрэг ашиглагдсаар байх болно.Үүнд гомдох шалтгаан байхгүй.

Яагаад гэвэл энэ бичлэг хуулийн асуудал болдоггүй юм гэхэд улстөрч хүний ёс суртахууны асуудал. Улс төрд хорь гаруй жил явсан, Монголын хамгийн том намыг удирдаж байсан хүний ёс зүйн асуудал. Зөвхөн энэ шалтгаанаар М.Энхболд гэдэг хүн наад зах нь УИХ-ын даргын суудлаасаа татгалзах ёстой. УИХ-ын гишүүдийг ийм зүйлээр үлгэрлэж болохгүй. Хорь гаруй жил улс төр хийсэн хүн хоёрхон жил парламентад суусан шальдар банди нараас дор орж болохгүй биз дээ. О.Гүнбилэг хуулиа мэддэг юм гэхэд (өмгөөлөгч хүн учраас тэр талаасаа л хараад байх шиг байна) М.Энхболд дарга өөрөө улс төрчийн хувьд ёс зүйтэй байх ёстой. Өмнөх парламентын үед С.Баярцогт 1800 евро (ам.доллар ч билүү) дансандаа нуусныхаа төлөө УИХ-ын дэд даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр бууж л байсан. Хүнээс бас авах юмыг нь авч сурах хэрэгтэй.

Б.СЭМҮҮН

http://www.inews.mn/a/1900


URL:

Сэтгэгдэл бичих