Айвенхоу майнз компани менежментийн багийн хөлс нэрээр 200 тэрбум авна

Улс төрчдийн дунд хэрүүлийн алим болон өнхөрч, олон жил сунжирсан Оюутолгойн гэрээнд өнгөрсөн жил л гарын үсэг зурсан. Гэвч энэ гэрээг тойрсон   маргаан мөд дуусахгүй нь бололтой. Монголчууд энэ гэрээнд тун их ач холбогдол өгч, гэрээ л байгуулагдчихвал ард түмэн хувь хүртэж, баяжиж, хөлжиж, хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхий л асуудал нэг дор шийдэгчихнэ гэж горьдоцгоож байлаа. Гэвч ёстой л нөгөө их санасан газар ёсөн шөнө хоосон гэгчийн үлгэр болж хоцров. Дэлхийн анхаарлыг татаж байсан асар баялаг цөөхөн хэдхэн сайд нарын балгаар бусдын халаасруу урсах боломжийг Оюутолгойн гэрээ олгож өгсөн гэдэгтэй маргах хүн өдрөөс өдөрт цөөрсөөр байна.  Оюутолгойн орд газрыг ашиглах үйл ажиллагааг хоёр тусдаа гэрээгээр зохицуулсан байгаа.  Хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг хангах зорилго бүхий “Хөрөнгө оруулалтын гэрээ”,  үүнээс гадна   “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”  гэсэн  хоёр гэрээ  бий.  Бидний хамгийн их анхаарлаа хандуулж сонирхож байсан  Оюутолгой төсөлд эзэмших хувь болон орлого ашиг  хэрхэн хуваарилахыг энэхүү  Хувь нийлүүлэгчдийн  гэрээгээр зохицуулж өгсөн. Бүтэн жил  олноос нууцалж байсан Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын гишүүн Н.Батбаяр анх дэлгэн тавьж, “Монголын Засгийн газар энгийн хувьцааны 34 хувийг эзэмшихээр гэрээнд заагдсан байгаа . Харин Оюутолгой компанийн 20 хувь нь л энгийн хувьцаа эзэшигчдийнх болно. Энэ  20 хувийг  100 хувь гэж үзээд түүнээсээ бид 34 хувь эзэмших болж байна. Өөрөөрхэлбэл,  энгийн хувьцаа дахь энэхүү 34 хувь нь  Оюутолгой компанийн дөнгөж  6.8 хувьтай л тэнцэх болно” хэмээн мэдэгдэж байлаа. Тэгвэл Хөрөнгө оруулалтын гэрээнд үүнээс ч ноцтой олон зүйл нуугдаж байгааг зарим улс төрчид сая л анзаарч эхлээд байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 6.2.(a), 6.4.(c) заалтуудад зөвхөн “Айвенхоу” группын аль нэг компанийг “Менежментийн баг” болгон Оюутолгойд ажиллуулах тухай заалт оруулж өгчээ. Өөрөөрхэлбэл энэ менежментийн баг удирдлагын багийн дор ажиллах ёстой гэнэ. Гэрээнд заасан үүрэг хариуцлагаас харахад тэрхүү удирдлагын баг нь компанийхаа менежментийг хийгээд, удирдаж ажиллах бүрэн боломжтой байгаа юм.  Гэтэл удирдлагын багтай зэрэгцүүлэн менежментийн баг ажиллуулах болж. Хамгийн ноцтой нь энэ менежментийн багийг заавал Айвенхоу майнзын охин компаниас  авна гэж  уг гэрээнд зааж өгчээ. Тэр ч бүү хэл менежментийн багт төлөх мөнгө төгрөгийг энэ гэрээ тун нарийн зааж өгсөн нь бас л анхаарал татаж байна. Хувь нийлүүлэгчийн гэрээнд “Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдөр хүртэл хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны нийт зардлын гурван хувиар, үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш дээрх зардлын зургаан хувиар тооцно”  заажээ. Зөвхөн 2011 онд л гэхэд энэ менежментийн баг 30 тэрбум төгрөг ажлын хөлсөнд авна. Хөрөнгө оруулалт нэмэгдэх тутам тэдний авах мөнгө өссөөр үйлдвэр ашиглалтанд ороход 200 хүртэл тэрбум төгрөгийг авах болно гэдэг тооцоог эдийн засагчид гаргаж. 30 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Монгол улс өнөөдөр  150 мянга орчим төрийн албан хаагчтай. Тэгвэл Айвенхоугийнхны нэрлэсэн менежментийн багт бид нийт төрийн албан хаагчдынхаа  хоёр сарын цалинг зүгээр л сул өгөх нь тодорхой болчихоод байна. Энэ багийг зөвхөн Айвенхоу майнз компани бүрдүүлэх эрхтэй гэдгийг гэрээгээр зохицуулчихсан байгаа. Энэ бүхнээс харахад Монголын баялагт улааран шунаж байгаа  “Айвенхоу майнз” оруулсан хөрөнгө оруулалтаа эргүүлж татаж авах аргаа тун нарийн бодож олсон нь илт. Харин үүнийг Монголын сайд нар анзаараагүй, мэдээгүй өнгөрсөн гэдэгт хэн ч итгэхгүй. Тэднийг Оюутолгойгоос их хэмжээний хахууль авч, ямар ч ашиггүй гэрээ байгуулсан байж магадгүй гэдэг хардлага дахиад л дэгдэж эхэллээ.
Торонто, Нью-Йоркийн бирж дээрээс  10 орчим тэрбум долларын хөрөнгө босгожээ
УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор олгосон бүрэн эрхийн хүрээнд Монгол улсын Засгийн газар Айвенхоу Майнз Лимитед, мөн хөрөнгө оруулагч Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.  Гэвч энэ гэрээ Монгол улсын олон хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр мэдэгдэж байна. Ялангуяа УИХ-ын 2009 оны 57-р тогтоолын бүх заалтыг зөрчсөн байна гэрээ болсон гэж тэрбээр ярьж байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь Монголын Хөрөнгийн Биржээр хувьцааныхаа арваас доошгүй хувийг арилжих ёстой. Энэ заалтын дагуу стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүгд хувьцаат компанийн хэлбэртэй байх бөгөөд Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн байх ёстой.  Гэтэл хуулийн энэ заалтыг хэрэгсэлгүй хаалттай компанийн хэлбэртэй байхаар гэрээ байгуулсан. Үүнээс үүдэн ашигт малтмалын баялаг ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны үнийн өсөлтөөс олж буй асар их хэмжээний орлогын 34 хувийг Монголын тал хүртэх боломжгүй болжээ. Оюутолгойн орд газрыг ашиглахаар Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа Торонто, Нью-Йоркийн бирж дээр Айванхоу-гийн хувьцааны үнэ дөрөв дахин өсөж, 10 орчим тэрбум долларын хөрөнгө босгожээ. Эдгээр гэрээгээр УИХ-ын шийдвэрийн болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хүртэх ёстой орлого эрс багассан, олон жилийн туршид ямар ч ашиг хүртэхгүй зөвхөн Айвенхоу-гаас авсан зээл, түүний улирал тутам тооцож хуримтлуулсан өрийг төлөх  нөхцөл бүрджээ.
Риотинтогоос гуравхан хувийн хүүтэй зээлж авсан мөнгөө Засгийн газарт 9.9 хувийн хүүтэй зээлжээ
С.Баярцогт, Д.Зоригт нарын сайдууд Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулсан баатар хэмээн өөрсдийгөө рекламдаж,  Айвенхоумайнзаас мөнгө зээлж ирсэн гавьяагаа бахархалтайгаар зарлаж байсан цаг саяхан. Тэд 100 сая ам доллар 9.9 хувийн хүүтэйгээр авч, сонгуульд авсан амлалтаа биелүүлэхийн тулд иргэн бүрт 70 мянган төгрөг тарааж өгч байлаа. Тэгвэл энэ мөнгийг Авенхоумайнз Риотинтогоос гуравхан хувийн хүүтэй зээлж авсан байх юм. Өөрөөрхэлбэл гурван хувийн хүүтэй авсан зээлээ тэд Монголын Засгийн газарт 9.9 хувийн хүүтэй зээлсэн нь тогтоогдоод байна. Монголын тал хэзээ хойно алдснаа мэдэж,  энэ зээлийн хүүг 6.6 болгож буулгахаар болсон ч гэсэн хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөрийг хүртэл өөрчлөлт ороогүй л байна.


URL:

Сэтгэгдэл бичих