Алтанбулаг боомтын эрхлэгч анхан шатны шүүхээс ял сонссон ч…
Гаалийнхан мөнгө иддэг, хахууль авдаг гэх хардлага олон нийтийн дунд бий. Хардлага үнэний ортой гэдгийг батлах хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргалаа. Тодруулбал гаалиий байцаагч ч биш Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын харъяа Алтанбулаг салбарын эрхлэгч ажилтай хүн гэмт хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс ял сонссон байх юм. Бид энэ төрлийн хэрэг бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс тодруулан хүргэж байна.
Эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй этгээд хэн бэ?
Монгол Улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 09-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 55 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. Ам бүл 3 эхнэр, охины хамт Сэлэнгэ аймагт оршин суух хаягтай. Гэмт хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын харъяа Алтанбулаг салбарын эрхлэгч ажилтай байсан. Улсаас “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Хүндэт гаальчин” тэмдгээр тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Их мэргэд овогт Дашцэрэнгийн Батбаатар гэгч Алтанбулагт дураараа дургисан хэргээр анхан шатны шүүхээс ял сонсов.
Д.Батбаатар ямар хэрэг үйлдэв?
Д.Батбаатар нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг салбарын эрхлэгчээр 2015 оноос хойш ажиллах хугацаандаа Монгол Улсын хилийн боомтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасныг зөрчиж өөрийн охин Б.Халиунаагийн “Гүн мөрөн” ХХК, “Орхон харбин” ХХК болон “Тайгын шанд” ХХК-ниудаар гаалийн хяналтын бүсэд ОХУ-аас бараа материал импортлон оруулж ирж буй 100 хувь рентгенд шалгагдсан аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгсэлүүдэд дахин үзлэг шалгалт хийж гаалийн үйлчилгээний хөлс хэмээн 1 автомашинаас 20.000 төгрөг бэлнээр хураан авч өөрийн охин Б.Халиунаагийн Гүн мөрөн компаний харилцах дансанд тушаалган зарим мөнгийг бэлнээр авч албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улмаар аж ахуй нэгж эайгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашигт үлэмж хэмжээний хохирол буюу бусдад нийт 11.712.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Д.Батбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Их мэргэд овогт Дашцэрэнгийн Батбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан “..Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний буюу 11.452.000 төгрөгийн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, “260.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Батбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 201618000366 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. Харин үүнийг ял сонссон этгээд эсэргүүцсэн байдаг. Тэр ч утгаараа өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргаж цагаатгаж өгөхийг хүссэн байдаг.
Тэгвэл Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Энэ хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Д.Батбаатар нь хилийн боомтод болж буй хууль бус үйл үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй этгээд юм. Хилийн боомтын тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүчингүй болсон хэдий ч тухайн үед хэрэгжиж байсан. Энэ хуулийг Д.Батбаатар нь зөрчихгүй байх үүрэгтэй. Хэрэгт шалгагдсан этгээдүүд нь хууль зөрчсөн асуудлаар мэдүүлэхдээ Д.Батбаатарын өгсөн үүрэг даалгаврын дагуу хийсэн тухай хэлдэг. Мөн “Тайгын шанд” ХХК, “Орхон харбин “ ХХК-иудыг дээрх хууль бус ажиллагаанд татан оролцуулсан тухай хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байдаг. Хохирлын хувьд хохирол бүрэн тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтүүд удаа дараа гарсан байдаг. Дээрх асуудал нь Д.Батбаатарын буруутай үйл ажиллагааны улмаас бусдад учруулсан хохирлын талаар шалган шийдвэрлэсэн асуудал юм гэжээ.
Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхээс хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн. Учир нь анхан шатны шүүх Д.Батбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар шийдвэрлэж байгаа тохиолдолд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан түүнд холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн юм. Тиймээс Алтанбулагийн экс даргыг цагдан хорьсон хэвээр байлгаж хэргийг дахиж эхнээс нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
Dorgio.mn
URL: