Геополитик ба ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ

6-15-11-550x300Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

Оросын Холбооны улс 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг стратегийн хоёр зорилгодоо хүрэх “зөөлөн хүч” болгохоор найдаж байна. Нэгдүгээрт, дэлхий дахины геополитикийн хүчний харьцаан дахь өөрчлөлт. Хоёрдугаарт, дэлхийн таван том эдийн засагт Орос улс багтаж орох. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах хорин нэг дэх удаагийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг олж авснаар одоохондоо цэргийн үлэмж том гүрэн, евроазийн асар том энэ улс “стратегийн шатар” тоглохоо больж, оронд нь хөлбөмбөгийг сонгожээ. Аргентины аналитик Роберто Парротино (Roberto Parrotino)– гийн бодлоор Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) “үндэстний дээрх улс” болж хувирчээ.

Сирийн зөрчлөөс болж Баруун хийгээд Орос улсын харилцаанд хурцадмал байдал газар авч байгаа нөхцөлд энхийг эрхэмлэдэг, нөхөрсөг гэдгээ харуулахын тулд Орос улс 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ашиглана.

Олон зуун сая хөгжөөн дэмжигчид хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг телевизээр үзнэ. Хөлбөмбөгийн тоглолтуудыг телевизээр шууд дамжуулж үзүүлнэ гэдэг бол оросын соёл, аж төрөх ёсыг сурталчлах сайхан боломжийг Кремльд олгоно. Орос улс хөлбөмбөгийн шүтэн бишрэгчдийн оюун бодол, сэтгэл санааг эзэмдэхийн тулд 22,29 см диаметртэй, 453 граммаас илүүгүй жинтэй хөлбөмбөгийг АНУ, Өмнөд Солонгос, Герман болон бусад улс орны нэг адил ашиглах болно.

Сүүлийн үед бий болсон Москвагийн эсрэг дайсагнасан хандлагыг үндсээр нь таслахын тулд олон улсын эдгээр тэмцээнийг Орос улс ашиглана. Түүнээс гадна Путиныг төрийн маш хүчтэй зүтгэлтэн, дипломат гэдгийг харуулах ховорхон боломж бүрдэнэ. “Форбс” сэтгүүл таван жил дараалан дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр Путиныг зүгээр ч нэг нэрлээгүй.

“Хөлбөмбөг бол анхны жинхэнэ глобал эзэнт улс, бусдаас ялгаатай нь, өөрийгөө бусдад тулгах шаардлагагүйгээр, энхийн арга замаар бүх дэлхий даяар тархаж түгсэн” – хэмээн Парисын Олон улсын болон стратегийн харилцааны институтын захирал Паскаль Бонифаций үзэж байна.

Дэлхийн аварга болохын төлөө 32 орон Орос улсад хүчээ үзнэ. Орчин үеийн хөлбөмбөг дайн ба энхийн тухай хэвшмэл ойлголтоос хальсан. 2018 оны зургадугаар сарын 14-нөөс эхлэн долдугаар сарын 15-ны хооронд таван тивээс ирсэн тоглогч нэг бүр өрсөлдөгчийн хаалганд ямар ч байсан гоол оруулахыг хичээж мэрийх болно.

Орос улсад болох 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын оролцоогүй явагдана. Цагаан ордон дүрвэгсдийн талаар баримтлах болон худалдааны бодлогоо чангатгах хүсэл эрмэлзлэлтэй байгаагийн улмаас сүүлийн үед АНУ, Мексикийн харилцаа хурцадсан. Хөлбөмбөгийн гүрэн гэж нэрлэгддэг Аргентинд Засгийн газрынхаа явуулж байгаа бодлогын эсрэг үйл ажиллагаа өрнөж байна. Хөлбөмбөгийн өөр бас нэгэн аварга том улс болох Бразилид аравдугаар сард болох шинэ Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн өмнөх улс төрийн хямрал үргэлжилж байна. Колумбид мөн л төрийн тэргүүнийг сонгох хоёр дахь удаагийн санал хураалтын өмнөхөн нөхцөл байдал тайван бус байна. Орос улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хөлбөмбөгийн багууд нь оролцох Чили, Коста-Рика, Гондурас, Уругвайд л харин байдал харьцангуй тайван байна.

Хөлбөмбөгийн тэмцээнд хамгийн олон тоглогч Европоос оролцоно. Энэ бол Европын холбооноос гарах үйл явцдаа байгаа Англи улс, авлигын дуулианы улмаас Мариано Рахойгийн Засгийн газар огцорч, оронд нь социалист ажилчны нам гарч ирсэн Испани улс зэрэг болно.

Италид Европын холбоотой нэгдмэл байхыг дэмждэг болон үл итгэгч (скептик) нам, улстөрчид хоорондын улс төрийн сөргөлдөөн улам хүчтэй болсоор байна. Германы шигшээ баг бусдаас арай илүү хүчтэй харагдаж байна. Герман улс Европын орон зай дахь эдийн засгийн төдийгүй мөн хөлбөмбөгийн ч лидер юм.

Донбассын нөхцөл байдалтай холбоотойгоор Киев, Москвагийн хооронд харилцаа сайнгүй байгаа энэ цаг үед Украины шигшээ баг Орос улсад ирнэ. Үүнээс гадна дэлхийн шалгаруулах тэмцээнд Франц, Польш, Чех, Дани, Нидерландын баг өрсөлдөнө.

Исламын бүгд найрамдах Иран улсын шигшээ баг өнөөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон явдал “геополитикийн шигтгээ” болох нь гарцаагүй. Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ гарсны дараа мянга мянган жилийн түүх намтартай перс үндэстэн дахиж хоригийн дэглэмд орох болсон.

Газрын дундад тэнгисийн хөлбөмбөгийг Магриб дахь хамгийн тогтвортой улс орны нэг, 1960-аад онд Францаас үл хамаарах болсон анхны улс Алжир төлөөлнө. Эрч хүчтэй азийн бүлгээс Өмнөд Солонгос (БНАСАУ-тай ойртох үйл явц эрчимтэй явагдсаны дараа энэ шигшээ баг улам бүр сонирхол татах болсон)– ын болон технологи, аж үйлдвэрийн гигант болох Японы шигшээ багууд тоглоно.

Эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа цорын ганц тив болох Африкийг газрын тосны арвин их нөөцтэй африкийн хамгийн олон хүн амтай улс Нигери төлөөлнө.

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Африк тивд хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүү ихээр татдаг Гана улсын шигшээ баг, мөн био төрөл зүйлээр баян хэдий ч эдийн засгийн хөгжлөөр бусад улс орноос хоцорч яваа Камеруны шигшээ баг тус тус оролцоно. Жагсаалт дээр Европын шоколадны фабрикуудыг түүхий эдээр хангадаг гол орон, дэлхийн томоохон какао үйлдвэрлэгч Кот-д’Ивуар улс нэмэгдэнэ.

Австралийн шигшээ багийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр бүгд л шохоорхон хүлээж байна. Дүрвэгсдийн орон, алс холын энэ тив нууцаар дүрвэгсдийг ялан дийлэхийн тулд одоо маш хатуу арга хэмжээ авч байгаа. Австрали улс ойрын арван жилд томоохон зэвсэг экспортлогч болох зорилго тавьсан.

Сүүлийн жилүүдэд ӨАБНУ (2010 он), Бразил (2014 он),одоо ОХУ-д спортын томоохон тэмцээн болж байгаа нь анхаарууштай зүйл. Эдгээр улс орон XXI зуунд гол үүрэг гүйцэтгэх түргэн хөгжиж буй БРИКС-ийн бүлэгт багтдаг билээ.

Гоол олон ороосой, өөрийн хаалганд хийх гоол бага байгаасай, геостратегийн торгуулийн цохилт огт бүү гараасай хэмээн ерөөх л үлдэж байна даа!

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих