Монгол ноёны гүнж Парист ном үзсэн түүх
ХХ зууны эхэнд Өрнийн их соёлт Парист талын монгол бүсгүй гоо үзэсгэлэн, цэцэн ухаан, цог жавхаагаа гайхуулж явсан түүх бий нь сонин. Ниржидмаа хэмээх тэрхүү бүсгүйн тухай түүхийн шарласан хуудас сөхөж олсон мэдсэнээ эвлүүлэн өгүүлсү. Нидерландын дипломатч, хятад судлаач Карл Баркман ХҮII зуунд Ижил мөрөн тийш нүүж одсон Зүүнгарын торгуудын тэргүүн ноёдын нэг Дондогдашийн хүү, оросуудын барьцаанд нийслэл Санкт-Петербургт нь очиж олон жил амьдарсан, Монгол руугаа буцаж нүүсэн ойрадын их нүүдлийг манлайлагсдын нэг Асарай тайжийн тухай “Mandate” хэмээх роман бичсэн бий. Романы эхэнд “Дотнын найз, торгуудын гүнж Ниржидмаадаа зориулав” гэсэн байх бөгөөд өмнөх үг болгож оруулсан өгүүллээ К.Баркман авгай “Ниржидмаа” хэмээжээ. Уг өгүүлэл ингэж эхэлнэ.
“Тэрбээр нүүр дүүрэн инээгээд ийн өгүүлэв. “Та торгуудаар ганц ч үг мэдэхгүй гэж үү дээ? Үгүй л баймаар санагдах юм. Торгуудуудын тухай болохоор зөндөө ихийг мэдээд байдаг. Та Геннинг Хаслундтай хачин адилхан хүн шиг санагдчихлаа”. Ази маягийн эелдэг ааль ч энэ мөн л дөө. Би ч хэлийг нь үнэхээр мэдэхгүй гэдгээ хүлээв. Тэр Хаслунд гэж ямар учиртай хүн болохыг Ниржидмаа сүүлд надад хэлсэнсэн. Бүсгүй францаар хачин сайхан ярихыг яана. Англи, хятад, орос хэлийг ч унаган юм шиг эзэмшжээ. Би үүнийг нь мэдээд, “Ойрад торгууд хэлээрээ та ингэж сайн ярьж чадах уу даа” гээд асуучихав. Үүнийг дуулмагц түүний нүүр гийж ирээд, учиртай инээмсэглэснээ, төрөлх хэлээрээ бололтой нэг хэсэг юм хэлэв. Би юу гэснийг нь ойлгосонгүй, гэхдээ сонорт маань нэг л гойд уянгалаг хэл дуурсах нь тэр ээ”
Тэгвэл дээр нэр гарсан Г.Хаслундын дурдатгалд ингэж байна. Г.Хаслунд нь Шведийн домогт аялагч, судлаач Свен Гединий экспедицид багтаж XX зууны эхэн жилүүдэд Төв Азиар олонтаа аялахын завсраа Шинжааны торгуудуудын дунд хэдэн сар амьдарсан бөгөөд одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ч багагүй хугацаагаар сууж нутгийн монголчуудын дунд үе дамжин яригдаж ирсэн дани хүн билээ.
(Түүнийг дурсаж Дани толгой гэж нэрлэсэн газар одоо ч тэр нэрээрээ бий) Түүний бичсэнийг үзвэл, торгуудуудын дунд өнгөрөөсөн хэдэн сарын эцсээр нутагтаа харихаар хилийн зүг явж ахуйд цувааг нь хорь гаруй морьтон торгууд гүйцэж иржээ. Тогтож ядсан омголон морьд унасан, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй шинж байдалтай тэдгээр эрмэг залуус цувааныхантай мэнд мэдэв үү үгүй юу, их талын дундуур салхи татуулан давхиж одсон гэнэ. Хар ус гэдэг газраас яваа тэдгээр залуус ноёхой буюу ноёныхоо охиныг угтаж авахаар довтолгож явааг Г.Хаслунд хөтчөөсөө мэджээ. Юун ноёхой хаанаас ирж байгааг асуувал хөтөч торгууд “Үгүй та мэдээгүй юм уу?” хэмээн гайхаж. Мэдэхгүй байвал хүн үнэхээр гайхахаар тэр үйл явдал нь, Ниржидмаа гүнж алс холын Францаас нутагтаа ирж байгаа хэрэг байжээ.
Г.Хаслунд “Аа өнөө цуутай гүнж үү?” хэмээн дуу алдсанаа номдоо бичжээ. Өмнө нь тэрбээр Хятад, Монголоор аялсан барууны эрхмүүдийн амнаас энэ нэрийг олонтаа сонсож байж. Түүний амьдарч асан тал нутгийн торгуудууд Ниржидмаагийн тухай үлгэр мэт зүйл ярьдаг байсан бөгөөд швед эрдэмтэн түүнийг нь сонсоод “Ийм хүн үнэхээр байдаг л байгаа даа, домог биш биз” гэж боддог байжээ. Орой нь хилийн боомт Чугучакт (монголчууд Тарвагатай гэдэг байсан) очсон Г.Хаслунд Ниржидмаагийн барааг анх харсан байна. “Монгол бүсгүйн өнгө жавхааг нүүрэндээ тодруулсан, жавхалзсан гоолиг биетэй тэр бүсгүй Брюссэлиэс сууж ирсэн галт тэрэгнээсээ буугаад хоёр хонож байсан бөгөөд яриа хөөрөө, донж маяг нь Европын хотуудад долоон жил суусны шинж аргагүй тодорч сэтгэл татах нь ид шидийн мэт” хэмээн Г.Хаслунд бичжээ. Хязгаарын бөглүү боомт суурингийн дэн буудалд тэд бүхэл бүтэн 14 цаг ярилцсан бөгөөд дани аялагч монгол бүсгүйн хэлний мэдлэг төдийгүй ухаалаг яриа, хурц сэргэлэн ой, чөлөөтэй өргөн сэтгэлгээг бахдаад “Яриа өндөрлөх тийшээ хандахад түүний сэтгэх хэв маяг нь монголжуу болж ирээд, салахын ёс гүйцэтгэх болоход бид хоорондоо монголоор хэлэлцсэнсэн” гэсэн байна. 10 гаруй жилийн дараа буюу 1935 онд Г.Хаслунд “Монголын хүмүүн ба бурхад” номоо хэвлүүлэхдээ Ниржидмаагаар өмнөх үгийг нь бичүүлсэн байдаг.
Зах зухаас нь сонсоход л сонин гайхам энэ түүхийн баатар Ниржидмаа гэж хэн бэ?
28-тай Ниржидмаа. Энэ зургийг 1930-аад оны дундуур Бээжинд сууж байсан Нидерландын элчин сайдын гэргий, хатагтай Торбэкэ авчээ.
Ниржидмаа нь Шинжааны захирагч байсан, торгуудын Балт вангийн охин юм. 1882 онд төрсөн Балт вангийн талаар түүхэнд ялангуяа 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцсон оролцоо, баримталж байсан байр суурийнх нь талаар дурьдсан зүйл цөөнгүй үзэгддэг. Хятадын талыг баримтлагч байсан гэх нь ч бий. 1771 онд Ижил мөрнөөс буцаж нүүсэн торгуудын голлох ноёдын нэг Бамбарын хойч юм. Манжийн үед, түүний дараа төрд ч Хятадын төрийн хэрэгт нөлөөтэй оролцдог монгол ноёдын нэг байсан энэ хүн Бээжинд хүмүүнлэгийн, Токиод цэргийн боловсрол (1906-1908) эзэмшсэн бөгөөд 1917 онд Шинжаанаас Бээжинд шилжин сууж, Хятадын БНУ-ын сенатын гишүүн байгаад 1920 онд Токиод нас барсан гэдэг. Өндөр боловсролтой, ялангуяа Хятадын хэл соёлыг нэвтэрхий мэддэг, япон, англи хэл эзэмшсэн Балт ван хүүхдүүддээ Өрнийн боловсрол олгосон бөгөөд ууган хүү Минжүүрээ Николай II хааны тэтгэлгээр Санкт-Петербургт, удаах хүү Цэдэндоржоо Германд сургасан бол хоёр охиноо Францад сургуульд явуулжээ. Ууган охин Сэрцоо нь хүн эмнэлгийн чиглэлээр суралцсан боловч залуугаараа өөд болсон байна. Харин отгон охиноо хар бага наснаас нь Бээжингийн франц сургуульд суулгаж байгаад насанд хүрсэн хойно нь Европт Өрнийн хэл соёлын мэргэжил эзэмшүүлсэн нь энэхүү өгүүллийн баатар гүнж Ниржидмаа юм.
Баруун Европ, тэр дундаа Францад сурвалжит угсаат, ухаалаг, гоо үзэсгэлэнт ойрад монгол бүсгүй очсон нь Оросын иргэний дайны хөлөөс дайжин тэнд хүрч суусан халимаг монголчуудын хүндлэл бахархлыг төрүүлж байсныг түүхийн хуудас гэрчилж байна. Э.Хардаваа тэргүүтэй Халимагийн элит сэхээтнүүд 1930 онд Парист “Ковыльные волны” (Агь халиурсан тал) хэмээх сэтгүүл гаргасны эхний дугаарт цус нэгт ахан дүүс нь Ниржидмааг Парист хэрхэн хүлээж авч уулзсан тухай томоохон өгүүлэл хэвлэгджээ. Халимаг цагаачдын хувь заяаг өнгөрсөн зууны дунд, сүүл үеэр сонирхон судалж байсан Оросын хэл шинжлэлч А.Горяевын хожим дурсан бичсэнийг үзвэл, амьдралын баяр баясгалан, төрөлхийн оюунлиг чанар, золбоолог төрхөөрөө хавь ойрд буй хэнийг ч эзэмдэн татах ер бусын увдистай монгол бүсгүйн тухай мэдээ Парисаар эгшин зуур тархаж, түүнд бичсэн захидал, зориулсан дуу шүлэг нь сэтгүүлийн редакцийг дарж байсан гэдэг. Сэтгүүл зургаан жил хэвлэгдэн гарахдаа Ниржидмаагийн тухай дурдан бичээгүй дугаар бараг үгүй гэх бөгөөд хамгийн сүүлд 1936 онд лам Нимбушов, Халимагийн ноён Н.Тундутов нарын зохион байгуулсан буян номын ажилд түүний оролцсоныг мэдээлжээ. Баруун Европт түүний сурч, аж төрж байсан тухай энэ мэт мэдээ сэлт цухас боловч олддогийн нэг нь 1933 оны есдүгээр сард Белград дахь Буддын сүмд болсон шашны ёслолд оролцсон тухай мэдээ гэрэл зурагтайгаа зарим эх сурвалжид байна.
Мөн Францад олон жил суусан Оросын гэрэл зурагчин Иван Билибины авсан нэгэн фото зураг бий. Европт халимагуудын байгуулсан “Хальмаг Тангчин туг” нийгэмлэг 1933 онд Парист Ниржидмаад зориулан ёслолын хүлээн авалт зохисон бөгөөд монгол үндэсний бүрэн хувцас, зүүсгэлтэй бүсгүйн зургийг уг арга хэмжээн дээр байлцсан И.Билибин тусгайлан авчээ. Зургийн баруун дээд өнцөгт худам монгол үсгээр бичсэн гурван мөр байх бөгөөд Ниржидмаагийн өөрийн гараар бичиж өгсөн гэх энэ хэдэн үгийг фото зургийн хуулбараас одоо таньж уншихад төвөгтэй боловч эрдэмтэн Владимир Санчировын уншсанаар бол “Эрээн хавиргын хуучин торгуудын хошууны бүгдийн дарга, ван ноёны охин Ниржидмаа” гэсэн үгс байх бололтой.
Бас нэг сонин баримт буй нь Ниржидмаа Францад байхдаа 1937 онд монгол уртын дууны ном гаргасан явдал юм. Торгууд ястны дуулдаг 18 дууны үгийг Ниржидмаа өвгөд хөгшчүүлээс сурч цээжилж авснаа латин үсэг халимаг хэлээр, мөн тод монгол үсгээр буулгасан энэ ном ойрад монголчуудын хэл соёлыг Баруун Европт танилцуулсан хамгийн анхны бүтээл ч байж мэдэх юм.
Ниржидмаа 1937 онд нутагтаа буцаж ирсэн бөгөөд хойтон жил нь нөхөр нь болох мөн торгуудын сурвалжит ноён (зарим эх сурвалжид зайсан гэсэн нь буй) нас баржээ. 1938 онд тэрбээр Бээжинд сууж байсан Францын ерөнхий консул Мишэль Брэальтай дэр нэгтгэсэн бөгөөд дипломат нөхрөө даган Азийн олон оронд сууж байжээ. Хожим нь түүнтэй газар газар уулзаж, байнгын захидал харилцаатай байсан Г.Хаслундын дурссанаар Ниржидмаа Афганистан, Лаос, Тайланд зэрэг олон оронд байхдаа тэдгээр орны хэлийг тухайлбал араб, перс хэлийг идэвхийлэн үзэж судалж байсан гэнэ. Түүхийн мэдлэгээ улам зузаалсан, цэцэрлэг байгуулж арчлах хоббитой, энэ талын гаргууд мэдлэгтэй, хөгжимд туйлаас дуртай байсныг нь Г.Хаслунд мөн тэмдэглэсэн байна. Монгол хүний, монгол бүсгүйн нэрийг очсон газар болгондоо бахдуулж, бишрүүлж явсан торгууд бүсгүй Ниржидмаа Парист 1983 онд 76 настайдаа бие баржээ.
Монгол нөхрөөс нь гарсан түүний хоёр хүү Шарль дө Торгут, Бонни дө Торгут нар өдгөө Францад амьдардаг. Эх нь тэдний торгууд монгол ястайг үеийн үед мартуулахгүйн тулд de Torgout хэмээх овог авахуулсан бөгөөд дө хэмээх угтварыг Францад эртний сурвалжит угсааныхан овгийнхоо өмнө заавал хэлж, бичиж хэрэглэдэг юм. Тэд хэдийгээр харийн соёлд нэлээд ууссан ч соёл уламжлалаа сонирхдог, үндэсний баяраа алдахгүй тэмдэглэдэг гэнэ. Ниржидмаагийн ач охин Натали дө Торгут гэхэд л хэдэн жилийн өмнө Халимагт очиж байжээ.
Ниржидмаагийн ах дүү, тэдний үр хойчисийн түүх намтар ч мөн сонирхолтой юм. Ах Минжүүр ван нь (эцгээсээ хэргэм залгамжилсан) Санкт-Петербургт орос, слав судлалаар мэргэжсэн бөгөөд 1949 онд халимаг, орос хоёр эхнэрийн хамтаар Төвд, Энэтхэгээр дамжин АНУ-д гарсан бөгөөд хожим нь Тайванийн иргэн болж парламентын гишүүнээр сонгогдож байв. Түүний халимаг эхнэрээс гарсан охин Даваанямбуу хоёр хүү төрүүлсний нэг нь Төвдийн томоохон хувилгаан ламын хойд дүрээр тодорч одоо ринбүүчий цолтойгоор Малайзад буян номын ажил эрхэлж буй. Ниржидмаагийн удаах ах Цэрэндорж 1920-иод онд Германд сургууль төгсөж ирээд Бээжингийн католик их сургуульд герман хэл зааж байснаас өөр мэдээ алга байна.
Б.Бат-Амгалан
URL: