Ирж яваа цагийн дууг харьж яваа хүмүүс дуулдаггүй
-Монголын сэтгүүлчдийн эвлэл шинээр нээгдлээ-
Монголын сэтгүүл зүйд шинэчлэлийн салхи сэвэлзэж ардчиллын ардчилсан анхны хуралдаан гэж хэлж болох мэт сэтгэгдэл төрөм… Үнэхээр халуухан уур амьсгал дунд Монголын сэтгүүлчдийн XV Их хурал болсон юм. Хуралд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” түр хороо, “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” бүлгийн гишүүд дэмжигчид, сайтуудын холбоодоос бүрдсэн 500 орчим сэтгүүлч оролцсон. Өмнөх Их хурал болгон тогтсон дэг жаягтай байдаг байсан бол энэ удаагийн Их хурал ихэд өөр өнгө аясаар явагдсан гэдгийг онцлох нь зөв болов уу.
Ардчилал, шинэчлэлийн салхи сэвэлзсэн Монголын сэтгүүлчдийн XV их хурал “Улаанбаатар чуулга”-ын концертын их танхимд болсон. Энэхүү их танхимд Монголын Залуучуудын улсын анхдугаар зөвлөгөөн болж байсанд бэлгэшээх олон төлөөлөгч сэтгүүлч байсан бөгөөд энэ өдөр энэ танхимд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн уүрэг гүйцэтгэгчээс эхлээд телевиз, сонин, вэб сайтуудын эрхлэгч, сурвалжлагч нар цуглан өөрсдийн өмнө тулгамдаад буй асуудлуудаа илэн далангүй ярилцаж, дуу хоолойгоо хүргэсэн.
Энэ удаагийн Их хурлын төлөөлөгчийн хамгийн ахмад сэтгүүлч нь 87 настай Ванчиндорж гуай байсан бол хамгийн залуу нь 19 настай Оюунжаргал гэдэг оюутан сэтгүүлч байсан юм. Үнэндээ энэ удаагийн хуралдаан шинэчлэл дунд явагдаж байгааг илтгэх нэгэн хуудас нь их хурлын төлөөлөгчдийн бараг талаас илүү хувь нь буюу 60 хувь нь залуу төлөөлөгчид байснаар бататгаж болохоор байлаа. Хуралдааны эхэнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Т.Баасансүрэн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаарх тайланг илтгэлээр тавьсан юм.
Гэхдээ тэр хийсэн ажлынхаа тайланг гэхээсээ илүүтэй харин сүүлийн үед Монголын сэтгүүлзүй хог новшоор дүүрч хогийн ургамалд идэгдээд хэн нэг улс төрийн хүчин, эзний хараан дор байгааг онцолж байсан. Үнэхээр ч түүний тавьсан итгэлийн дараа түүний энэ санааг дэмжсэн олон санал, шүүмжлэлийг төлөөлөгч сэтгүүлчид өрнүүлж өөр хоорондоо санал бодол үзлээ нэгтгэсэн юм. Дашрамд дуулгахад энэ удаагийн Их хуралд хөдөө орон нутгийн үзэг нэгтнүүд маань ихээхэн анхаарал тавьж ач холбогдол өгч байгаа нь анзаарагдаж байлаа. Тодруулбал, хөдөө орон нутгаас 130 гаруй төлөөлөгч ирсэн. Сэтгүүлчдийн эвлэлийн XV Их хурлын өнгө эхнээсээ л шууд тодорхойлогдчихсон байсан гэхэд болно.
Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөөд 21 жил болж байхад Монголын сэтгүүлзүйд ардчиллын уур амьсгалын салхи нэг ч удаа сэвэлзсэнгүй гэж бухимдсан Монголын сэтгүүлчид анх удаагаа ардчиллын салхийг нэлээд хүчтэй сэвэлзүүлсэн учраас танхимын уур амьсгал халуухан байх нь хэр. Сэтгэлгээ нь ч, сэтгүүл зүй нь ч хөгширчихсөн бүр тодруулбал өвчилчихсөн байгаа Монголын сэтгүүлзүйг аврах цаг хаяанд хаалга тогшоод зогсож байгаа учраас шинэ цагийн залуус хаалга нээн тэр салхийг өрөөндөө оруулсан хэрэг.
Монголын нийгмийг шинэчилж, эрүүлжүүлэхийн төлөө дөрөв дэх засаглалын үүрэг хүлээдэг сэтгүүлчид бусдын эрх ашгийг хамгаалахын төлөө хамгийн их дуугарч, тэмцдэг атлаа өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах нэг ч болтугай байгууллагатай болох ёстойг энэ үеэр хэлж байсан. Нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хэн нэгний төлөө дуугарч байсан болохоос бус сэтгүүлчид, тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллагынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр дорвитой ажиллаагүй гэх шүүмжлэл хүчтэй өрнөж байлаа.
Энэ удаад сэтгүүлчид бид нам эвслийн харьяаллаа үл харгалзан, эв санааныхаа төлөө эвлэлдэн нэгдэж, ардчиллын уур амьсгалыг сэвэлзүүлж байлаа. Дөрвөн жилд нэг удаа хуралддаг сэтгүүлчдийнхээ Их хуралд сонгогдон оролцож буй төлөөлөгч сэтгүүлчид өөрсдийнхөө санал, хүсэлт, шүүмжлэлийг хэлэхийг ихээр хүсч байгаа нь санал, шүүмжлэл хэлэх эрхийг нээсэн үеэс л тун хүчтэй өрнөж байлаа. Тэр дундаа “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатарын хэлсэн санал хийгээд шүүмжлэлийг үгүйсгэх хэн ч байгаагүй юм. Түүнийг Монголын сэтгүүлзүйг шинэчлэх зорилготой нэгэн дор чуулсан “Шинэ үе, шинэ сэтгэлгээ ” түр хорооныхныг дэмжин дуу хоолойгоо нэгтгэхэд түүнд таагүй хандах үеийн сэтгүүлчид хийгээд ахмадууд олон байсан.
Тэр бүү хэл түүнийг насандаа намбатаи бай гэх нэгэн ч таарч байсан талаар тэрбээр өгүүлсэн. Тэрбээр “Ардчилал хөгжсөн энэхүү 22 жилийн хугацаанд Монгол Улсад шинэчлэгдээгүй үлдсэн ганц байгууллага нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болоод байна. Тус байгууллага нь сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах талаар тууштай бодлого шийдвэр гаргаж, хамгаалж чаддаггүйгээс олон сэтгүүлч өнөөдөр гудамжинд гарсан гэдгийг хэллээ. Нэгэнтээ сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр ажил хийхгүй байгаа учраас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг энэ удаагийн Их хурлаараа шинэчлэх хэрэгтэй. Үүний тулд залуу үеэ сонгож ажиллуулах ёстой гэж тэр бас хэлсэн. Мөн ахмад нь байраа тавьж өгдөг, залуус нь суудлаа тавьж өгдөг соёлд шилжье.
Ирж яваа цагийн дууг харьж яваа хүмүүс дуулдаггүй” гэж хэлсэн нь салбарынхны хувьд чухам л загатнасан газар нь маажих шиг болсон. Сэтгүүлчдийн санал, хүсэлт үргэлжилсээр үдийн завсарлага хүрсэн. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн үдээс хойших хуралдаан 14 цагаас эхэлсэн. Хурапдааны хамгийн анхны хэлэлцсэн асуудал МСНЭ-ийн Гүйцэтгэх хороо, “Шинэ үе-Шинэ сэтгэлгээ” түр хороо, “Эрүүл сэтгүүлзүйн төлөө” бүлгийн хамтарсан ажлын хэсгээс боловсруулсан Монголын сэтгүүлчдийн эвлэлийн дүрэм байсан юм. МСЭ-ийн шинэ дүрэм 12 бүлэг, 136 зүйлтэй бөгөөд дүрэм нэлээд хатуухан санал шүүмжлэл дунд хэлцэгдсэн.
Ямартай ч сэтгүүлчид удтал ярилцсны үндсэн дээр МСНЭ-ийн нэрийг дүрмийн төсөл дээр заасанчлан Монголын сэтгүүлчдийн эвлэл хэмээн өөрчлөхөөр болж саналаа нэттгэсэн.” Хэрүүл маргаан, хэлцэл, зөрчил, инээд, шуугиантай хэлэлцүүлгийн эцэст дүрмээ батлахаар болсон бөгөөд тодорхой заалт зүйлуүдэд өөрчлөлт оруулахаар тохирон редакцийн засвар хийхээр тогтсон. Мөн энэ удаагийн хурлаар бусдын төлөө дуугарч, нийгмийн болохгүй бүхний хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй байж өөрсдийнхөө төлөө юу ч хийгээгүй. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэж байгууллага байдаг ч сэтгүүлчийнхээ эрх ашгийг хамгаалж чаддаггүй.
Тиймээс сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах Үйлдвэрчний эвлэл байгуулах хэрэгтэй гэж ярилцан энэ тухай шинэ удирдлагуудад уламжлан нэн яаралтай байгуулахыг даалгахаар болсон. Өөрөөр хэлбэл анх удаагаа сэтгүүлчид Үйлдвэрчний эвлэлтэй болох нь ээ гээд ойлгочиход болно. За ямартай ч Монголын сэтгүүлчдийн эвлэлийн дүрэм, Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчим баталсан сэтгүүлчдийн дараагийн хэлэлцсэн асуудал бүтэц, зохион байгуулалт. МСЭ-ийн Ерөнхийлөгчид Б.Галаарид, NBS телевизийн тоймч Наранбаатар, Үндэсний шуудан сонины эрхлэгч Б.Ганболднар өрсөлдсөн. Уг нь заалнаас 10-аад хүний нэрийг дэвшүүлсэн ч нэр дэвшигчид нэрээ татсан учраас дээрх гурван хүн өрсөлдсөн хэрэг.
Түүнчлэн Тэргүүн дэд ерөнхийлөгчид дөрөв, Хяналтын зөвлөлд 23, Гүйцэтгэх хорооны гишүүнээр 58 хүний нэрийг дэвшүүлж өрсөлдсөн. Сэтгүүлчдийн Их хурал үргэлжилеээр ургахын улаан нарнаар өндөрлөсөн. Өөрөөр хэлбэл, Монголын сэтгүүлчдийн XV Их хурал бүтэн өдөр, шөнө буюу 23 цагийн турш үргэлжилж ням гаригийн өглөөний 07.00 цагт өндөрлөсөн юм.
Өглөөний 06.30 цагийн орчимд тооллогын комиссын дүн гарсан агаад санал хураалтанд оролцсон төлөөлөгчдийн 52,36 хувийн саналаар зохиолч, сэтгүүлч Б.Галаарид Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Харин Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, дэд ерөнхийлөгчөөр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Заяабат, Орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ц.Шаравдорж нар сонгогдсон.
Дашрамд дуулгахад бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх үеэр орон нутгийн сэтгүүлчид бяцхан туниад авсан, нийслэлийнхэндээ, Хөдөөнийх гээд биднийг гадуурхдаг та нартай хуралдахгүй, бидэнд өрсөлдөөд гарч ирэх боломж олгохгүй байна хэмээн мэдэгдэж, хурал хаян хаалга рүү зүглэсэн тэднийг тайтгаруулахын тулд ч гэх юм уу эсвэл бодит байдлыг ухаарсан ч гэх үү үзэг нэгтнүүд нь хоёр дэд ерөнхийлөгчтэй болж, нэгийг нь орон нутгаас сонгон орон нутгийн асуудлаа хариуцуулж байя хэмээн санал хурааж дэмжигдсэнээр үүд хаян гарч одсон орон нутгийнхан суудалдаа суун хуралдааныг үргэлжүүлсэн.
Мөн хурлаар Хяналтын зөвлөлийн долоо, Гүйцэтгэх хорооны 19 гишүүнийг сонго сон юм. Ийнхүү нийгмийн үйл амьдралын ард биш, урд нь алхаж явах учиртай сэтгүүлчдийн Их хурал өмнө тулгарсан асуудлуудаа шийдэхийн тулд тасралтгүй 23 цагийн турш хуралдаж, өнгөрсөн намаржингаа ярьсан удирдлагын томилгооны маргаанаас эхлээд хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлч нэг бүрийн өмнө хөндөлдөж, хөлд нь тээглэдэг бэрхшээлийг халуун ам бүлээрээ сууж ярилцаж байж шийдлээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Олон нийт, хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Сайнбаяр долдугаар хороололд сэтгүүлчдийн ордон бариулах зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргаас авсныг мэдэгдсэн нь баяртай мэдээлэл байлаа.
Учир нь сэтгүүлчдийн байгуулагаас өөрсдийн байргүй үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Төр засгаас, эсвэл аль нэг нам эвслийнхний зохион байгуулсан хурал, зөвлөгөөнийг хөндлөнгөөс харж суун ажлаа хийдэг сэтгүүлчид энэ удаа өөрс¬дийнхөө төлөө хонон өнжин хуралдлаа.
Эцэст нь тэмдэглэхэд энэ удаагийн Их хурал сэтгүүлчдийн байгууллагад өөрчлөлт шинэчлэлтийн салхийг сэвэлзүүлж, Монголын сэтгүүлчдийг дэлхийн сэтгүүлзүйн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах анхны алхам болж чадсан гэдэгт итгэхийг хүсч байна. Энэ удаагийн ээлжит Их хурал Монголын 60 настай сэтгүүлзүйн байгууллагын түүхийн нэгэн шинэ хуудсыг эргүүллээ. Хоёр дахь жарны түүхийн хуудсаа бид XV их хурлаараа нээлээ.
Шинэхэн хуудсан дээрээ юу бичихийг нэрээ шинэчилсан сэтгүүлчдийн байгууллагын шинэхэн удирдлагууд болон үзэгт нэгт нөхдийн маань чин сэтгэл, мэргэн ухаан мэдтүгэй. Түүнээс гадна Их хурлын өмнөх өдөр хэвлэл мэдээллийн болон сэтгүүл зүйн салбарын 50 гаруй байгууллагын 80 төлөөлөгч оролцсон Хэвлэлийн хүрээлэнгийн тавдугаар Ерөнхий чуулган болсон.
Чуулганаар хүрээлэнгийнхэн 2008-2011 оны ажлын тайлангаа хэлэлцэн, байгууллагынхаа дүрэмд өөрчлөлт оруулсан төдийгүй Удирдах зөвлөлөө шинэчлэн сонгосон юм. Өнгөрөгч өдрүүдэд бусдын төлөө гүйж явдаг сэтгүүлчид өөрсдийнхөө төлөө хуралдаж, тулгамдсан асуудлуудаа ярилцан, гарах гарцаа тодорхойллоо ч гэж болно. Хоёр дахь жарны түүхийн хуудсаа Монголын сэтгүүлчид бид ийнхүү XV их хурлаараа эхлүүллээ.
З.Урансүх Б.Болорчимэг
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: