Хэнтийн нөхөн сонгуулийн “зурлага”

31721

Дуулиант асуудалд орооцолдсон УИХ-ын гишүүн Б.Гантулга өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гарган, түүнийг нь УИХ хэлэлцэн баталгаажууллаа. Ингээд өнөөдрөөс тэрээр иргэн Б.Гантулга болж, хуулийн байгууллагаар жирийн иргэний адилаар шалгуулж эхэлнэ. Харин үүнтэй зэрэгцээд түүний ор нь гарсан тойргийн нөхөн сонгууль яригдаж эхэллээ. Угаас Б.Гантулгын асуудал дуулиан дэгдээж эхлэхэд л нөхөн сонгуулийн талаар таамаг яригдаж эхэлсэн.

Хэрвээ түүний бүрэн эрхийг УИХ-аар түдгэлзүүлсэн бол асуудал бүрэн шийдэгдэх хүртэл нь тойрог нь хадгалагдах байсан. Харин өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа учраас одоо УИХ Хэнтийн тойрогт нөхөн сонгууль зарлах ёстой.

УИХ-ын ээлжит чуулганы үеэр орон гарсан бол тухайн өдрөөс хойш 14 хоногийн дотор нөхөн сонгууль зарлаж, 30 хоногийн хугацаанд явуулах ёстой. Энд чуулганы бус үеэр орон гарсан бол ээлжит чуулган эхэлснээс хойш мөн хугацаанд зарлан явуулна гэсэн тодотгол буй.

Дөрөвдүгээр сарын 5-нд эхэлсэн хаврын чуулган уламжлал ёсоор бол долдугаар сарын 1 хүртэл хуралдах ёстой. Өнөөдрөөс огноолбол хуульд заасан 14 хоногийн хугацаанд нөхөн сонгуулийн товыг зарлах боломжтой гэсэн үг.

Ийн Хэнтийн тойрогт нөхөн сонгуулийн “шороо” дэгдэх нь. Өмнө нь энэ тойрогт нөхөн сонгууль болох ахул Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар нэр дэвшинэ гэсэн таамаг хүчтэй байсан. Үүн дээр мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр нэмэгдэж буй. Харин одоо бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтийд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлээд байгаа. 2016 оны сонгуульд өөрөө нэрээ дэвшүүлээгүй, тэгээд Ерөнхий сайд тэрээр хоёр жил хүрэхгүй хугацаанд “залгамжлах” нөхөн сонгуулийг сонирхохгүй байгаа бололтой. Тэгээд ч сайнаар бодвол 2020 оны сонгуульд намаа тэргүүлэн эрчтэй орно гэсэн тооцоо бий байх. Басхүү үнэмлэхүй эрх баригч намын дарга, Ерөнхий сайд хүн тэнд очиж “тоостой” хутгалдах шаардлагагүй гэж үзсэн болов уу? МАН-д тэртэй тэргүй хангалттай эрх мэдэл, хүч бий.

Харин Н.Энхбаярын хувьд аль хэдийнээс Хэнтийн тойргийг онилоод эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч тэрээр нэр дэвших эрхээ сэргээлгэх гэж хангалттай үзсэн. Харин одоо хуулийн ямар нэгэн хаалт байхгүй. Нэгэн цагт №1 байсан түүнд Хэнтийн тойрогт өлхөн ялж, цаашилбал 2020 оны парламентад О.Баасанхүүг  гуйх хэмжээний бус суудалтай байснаар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ гэсэн бодол буй биз ээ. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд их улстөрд эргэж ирэх нь тодорхой гэлцэж байгаа ч одоогоор ямар нэгэн сонирхол илэрхийлээгүй. Энэ удаагийн нөхөн сонгуульд ч оролцохгүй нь тодорхой байна.

Тэгэхээр Хэнтийн тойрог Н.Энхбаярынх болсон нь бараг тодорхой шиг. Магадгүй Д.Гантулгыг өргөдлөө өгөхөөс ч өмнө Хэнтийн тойргийн “зурлага” зурагдсан, МАН, АН аль аль нь нөхөн сонгуульд лидерээ сойхгүйгээр сул тойрог бэлэглэх тохироо хийгдсэн байсныг ч үгүйсгэх аргагүй юм.

А.Туяа

https://www.infomongol.mn/content/read/159063.htm


URL:

Нэр: jinhene erunhilugch enhbayar Огноо: 15 June 2018

Enhbayar guai bol .jinhene turaiin hun shuu.

Сэтгэгдэл бичих