БУРХАН ТҮҮНИЙ БАРУУН ХАЦРЫГ ҮНССЭН БАЙХ…
…Бүх шүлгийг нь уншлаа. Бүх үгийг нь, үсгийг нь уншлаа. Бурхан түүний баруун хацрыг үнсэж, чөтгөр түүний зүүн хацрыг нь үнссэн байх, тэгээд урлахуйн хувилгаан биеийг (соги бүрүлгү) олж төржээ. Өнөөгийн хэлээр бол “авьяас мэдрэмжтэй төржээ” гэсэн үг. Авьяас, мэдрэмжийн хэлтэрхий ч үгүй байж, шүлэг бичих гэж зүдэгсэд олширсон энэ цагт шүү дээ. Тэр нь юу байдаг юм гэж үү, бусдын харсаар атлаа үздэггүйг, сонссоор атлаа дуулдаггүйг, амталсаар, хүртсээр атлаа мэдэрдэггүйг олж онож мэдэрдэг ер бусын хөрөнгийг хэлдэг юм.
Ээ!
Үйтэн хуар шиг тэнгэрийг
үйлийн хайч шиг, хараацай
эсгэчихлээ
хэмээн олж харахыг хэлдэг юм. Хээ нь товгор хөх цэнхэр торгомсгийг үүл нүүж буй тэнгэртэй зүйрлээд (учир нь “шиг” гэсэн байна) Эрхий мэргэнтэй мөрийцсөн эртний домгийн соёлт баатар- эл жигүүртэн элин халих гавшгай хөдөлгөөн, уран хайч шиг ацан сүүлээрээ тэнгэр зүсэн наадахыг торго эсгэхтэй зүйрлэн дүрсэлж чадсанаараа үг хэлээр урлахуйн эрдмийг үзүүлэхийг хэлдэг юм. Эсвэл:
Уйлахгүй ээ!
Загас шиг
нулимсан дундаа
амьдрахгүй
хэмээн сэтгэснээрээ үхэх, төрөх, өвдөх, өтлөх зовлонгийн дөрвөн далайн гашууныг, нулимсны гашуунтай сүлэлдүүлсэн нь гайхам мэдрэмж биш гэж үү? Хүмүүн бид зовлонгийн мөн чанарт амьдрал хэмээх далайн давалгааг сөрөн сэлэхдээ загастай төрөлсөх үү, эс төрөлсөх үү? Ийм нэгэн асуулт тулгаран ирэх юм. Яруу найрагчийн мөнх, мөнх бусын тухай сэтгэмж нь өр зүрхийг чимчигнүүлж, өнө холын бодолд умбуулна.
Нүдэнд сүүмийх гуниг
үүл болон нүүсээр
нууж унагасан нулимс
нуур болж тогтоно.
Гэнэ гэнэхэн санаа алдах минь
салхи болон хүүгэж
гэрийн минь цэнхэр утаа
тогоруу болоод ниснэ.
Улбарил хувьсал гэгчийг “метаморфоз” гэнэ үү, “эвдрэхүйд шүтэгч” (жигдэн) гэнэ үү, юу ч гэж нэрлэлээ гэсэн тэр эгшин зуур ч зогсохгүй, энэ өгүүлбэрийг бичиж байхад ч хувирсаар байх бүлгээ. Яруу найрагчийг би улбарил хувьслын “инжаан” гэж нэрлэмээр санагдлаа. “Гуниг үүл болж, нулимс нуур болж, санаа алдах нь салхи болж, гэрийн утаа цэнхэр тогоруу болж” эхэлж байна. Дараагийн бадгуудад “түүдгийн очис одод болж, одод нь түмэн амьтны явдал болж, тэр нь зэрэглээ болж” угсарсан олон хувирал болдог нь байгалийн ч жам, хүмүүний ч ном, сэтгэлийн ч жим буй за.
Дэггүй бага нас минь
цэцэг болон хагдарч
дэргэд явсан хүмүүн
өвс болоод ургана.
Адуунд мордсон аав минь
тэнгэрийн хаяа руу алсарч
араг үүрсэн ижий минь
газрын бараанд далдарна.
Бага нас цэцэг болж, дэргэдэх хүн өвс болон ургах нь байгалийн жам агаад ертөнцийн мөнх бусыг үзүүлэх гэгчийг “тэнгэрийн хаяа руу алсарч, газрын бараанд далдарна” гэсэн нь их талын нүүдэлчин хүний сэтгэлд энэ гашуун үнэн атлаа амттайхан уусах аж. Жаахан охин үрийн бүүвэй аялах нь “хүмүүний ном” юм бол “алтан наран дээлийн өнгөөр гандах” нь бидний үл анзаарах сансар ертөнцийн жам буй за.
Огт ажиггүй суутал
он цаг урсаж
орчлонгийн эд эс
чимээгүйхэн хувьсаж байна.
Дээр хөхрөгч огторгуй л
өнө мөнхөд цэлийсээр
далайн ёроолын чулуу шиг,
сэтгэл минь харин
БҮЛЭЭН байна.
Энэ ертөнцийн хамгийн хүчирхэг, бүхнийг дийлэгч хүч ийнхүү хамгаас чимээ имээгүй байдаг санж. Монголчуудын уламжлалт гүн ухааны хувьд л “дээрх хөхрөгч өнө мөнх” болохоос биш, хоосон чанарын үүднээс ч, харьцангуй онолын үүднээс ч мөнх биш. Энэ их мөнхийн хөдөлгөөн дунд гагц хүмүүний сэтгэл гэгч тогтмол хувьсагч атлаа үргэлж бүлээхэн аж.
Найрагчийн зовнил түгшүүр зүй ёсоор биднийг хөгшин залуу, баян хоосон гэхгүй өдрөөс өдөрт нэрмэсээр буй “иргэншлийн өвчний” шаналгаанд түлхэж байна.
Хөшөө мэт хүмүүсийн
хөлстэй алга,
хиймэл инээмсэглэл,
хэл, сэтгэхүй залхам
хэвшиж тогтсон
хэдэн үг
хөгжим хүртэл царцаана.
Хэлэлцсэн мэт
халбага сэрээ,
хундага хутга
ЦӨМ ДУУГҮЙ.
Хөдөөлүүлэх ёслол мэт
хүлээн авалт…
Уран зургийн дүрслэл юм сан бол би үүнийг “бодосын зураг” буюу “натюрморт” гэж хэлмээр санагдана. Энэ франц үгийг махчлан буулгавал “үхсэн байгаль” гэсэн шиг юм болох бөгөөд дээрх шүлгийн хүн нь ч, хэл сэтгэхүй нь ч, төмөрлөг эдлэл халбага, сэрээ, хутгатайгаа, шилэн хундагатайгаа ижилхэн ажээ. Хамгийн баяр баясгалантай байж болох хүлээн авалт гээч маань ийнхүү оршуулгын ёслол шиг сэтгэгдэх нь манай өнөө цагийн иргэншлийн гамшиг мөн. Бид юуны төлөө амьдарсан юм, яах гэж энэ их уул овоо шиг эд өлгийг хураасан юм гэсэн асуулт төвөнхий дээр минь түгжрэх бүлгээ.
Их салхины өмнө л
ийм байдаг.
Ингээд зуун жил
өнгөрөх мэт…
Шумуул,
ялаа ч нисэхгүй юм.
Шалтгаангүйгээр
нэг нь
найтаагаасай.
Үхмэл нам гүмийн дундах найрагчийн бухимдал бол өнөө цагийн хэт хөгжлийн дүр төрх. Бид хэт их хөгжөөд юунд хүрэх юм, хүний мөн чанарт ямар өөрчлөлт гарах юм гэсэн дараачийн хариултгүй асуулт… Өнөөх л үзүүр хязгааргүй атаа хорсол, шунал тачаал өнгөө хувилгаад чимээгүй отон хүлээж байна. Бидний хүсэн мөрөөддөг аугаа хайр нь хаашаа хулжчихсан юм, хэзээ эргэж ирэх юм гээд л… Чухам л “чанга дэглэмтэй хорихын гав гинжний дуу шиг төмөрлөг эриний цуурай зүрх зүсэж” буй энэ үед ганц дэлхийгээ идэж барсан бид дараагийн дэлхийг хаанаас олох юм. Нэг л их сансрын нүүдэл зүүдэлсэн улс… Тэгээд тэр дараагийн дэлхий чинь хаа байна, бас л түүнийгээ идэж барах гээд нүүх юм уу? Эхнийхийгээ хайрлаагүй байж, дараагийнхыг нь хайрлах юм уу? Тэгсэнд орох нь ээ ижил дасал болсон энэ дэлхийтэйгээ л тэмбэр жүржиг болох минь! Хэдэн гарагийг хоослох гэсэн юм гэхчлэн өөрөө өөртэйгөө хэрэлдэнэ. Ийм цагт бид хэрхэн амьдарвал зохилтой вэ?
Зам дээр минь ухсан
нүх бүрийг дүүргэн
цэцэг тарьж явна.
Занга хавх,
хууран мэхлэлтийг тойролгүй
цусаа дуслуулж гэтэлнэ.
Заналхийлэл,
үзэн ядалтын хариуд
ерөөл хэлж инээмсэглэнэ.
Залбирч,
хавсарсан алганыхаа дунд
ертөнцийг багтааж амьдарна.
Хариу нь гэвэл энэ байна. “Гэнэн тэнэг” дуулдаж байгаа л даа. “Залбирал” гэдгийг “мухар сүсэг” хэмээн адалдаг болсон цагт, зах хязгаар луу өгөөмөр сэтгэл шахагдсан үед, хор найруулгыг ухаан хэмээн биширдэг болсон цагт, хоосон магтаалыг “пи-ар” хэмээн цоллодог болсон газар найрагчид бид гэнэн тэнэгийн туйл хэмээн дуудуулах хувьтай. Гэхдээ тэд нэг л зүйлийг гадарлахгүй, хорондоо хордоцгооно, хожмын түүхэнд арилшгүй толбо болно гэдгээ тооцоолохгүй. Зоосоо тоолж чаддаг хэрнээ зовлонгоо тооцож мэдэхгүй.
Бичихээ зогсоож чаддаггүй, билгүүн авьяасаа татаж дийлдэггүй шавь минь, “гэнэн тэнэгээр” дуудуулахаасаа битгий халшир, тэр ирээдүйн ямар их шагнал болохыг цаадуул чинь гадарлахгүй, “мэдэж мэдэршгүйг мэдэрдэг, татаж татаршгүйг бүтээдэг” ХИЯН шүлгийн мөрүүд чинь тэдний хураасан тэнгэр газар даашгүй их баялгийг, тэгсээр байгаад дэлхийг сөнөөсөн аргын ухааны гай гамшгийг ялласаар, цаг цагийн аугаа хүмүүсийн мэргэн оюун, энэрэнгүй сэтгэлийн сүнс сүлдрийг далласаар үлдэнэ.
“Багш” хэмээгдэгч С.Дулам
2017.12.01
URL: