Төрийн нарийн бичгийн даргын хүү БНХАУ-д хоригдож байна

-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.БАЯСГАЛАНГИЙН ХҮҮ УЧРААС ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД МЭДЭЭЛЛИЙГ НУУЦАЛЖ БАЙНА-

Манай улсын хоёр иргэн хар тамхи зөөвөрлөж яваад БНХАУ-ын цагдаагийнханд баригдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Дээрх хоёр иргэн хэн болох, тэд юуны учир хар тамхи зөөвөрлөж явсан нь өнөөг болтол бүрхэг байгаа юм. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Г.Ганхуяг дээрх хэргийн талаар мэдээлэл хийсэн ч Хятадад баривчлагдсан хоёр залуугийн нэрийг хэвлэлийнхэнд мэдээлээгүй юм.

Харин бид Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү С болохыг бид олж мэдсэн юм. Г.Баясгалангийн хүү тэр өдөр хамт сурдаг найзтайгаа Сингапураас Улаанбаатар руу онгоцоор ирж яваад Бээжингийн онгоцны буудал дээр баригдсан гэнэ. Энэ талаар нэгэн эх сурвалжаас тодрууллаа.

-Хятадад баригдсан хоёр залуугийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тэд Бээжин, Гуанжоу хотоор аялж явахдаа энэ хэрэгт холбогдсон юм билээ.

-Аяллын журмаар явж байсан гэж уу. Оюутнууд гэж сонссон юм байна. Тодорхой ярих боломж байна уу?

-”Брэндийн бараа борлуулж өгөөч” гэж тэднээс хүн гуйсан юм билээ. Явуулын хүн гуйсан болохоор бас дээр нь шаггүй мөнгө амласан болохоор хүүхдүүд болсон хойно дуртай авсан байгаа юм. Гэтэл тэр цүнхнээс нь хар тамхи илэрсэн байна. Тэд брэндийн бараа байгаа л гэж итгэсэн, түүнээс хар тамхи гарч ирнэ гэж бодоогүй хэмээн мэдүүлсэн байсан. Тэдний нэг нь гадаадад суралцдаг оюутан, нөгөө нь Тайланд, Макао зэрэг улсаас брэндийн бараа зөөвөрлөн Хонконг, Гуанжоу хүргэдэг байсан юм билээ.

-Хаанахын оюутан юм бэ. Хятад, Сингапурын алинд нь сурдаг оюутан юм бэ?

-Одоогоор яг санахгүй байна. Тухайн үед Хятадад сурдаг гэж байсан байх аа.

-Тэр оюутан нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүүхэд гэж сонссон юм байна?

-Тийм. Би тэгж сонссон.

-Хамт явж байсан нь бас оюутан гэсэн үү?

-Г.Баясгалангийн хүүгийн найз нэг сургуульд сурдаг гэсэн байх аа. Гэхдээ одоо нэг ангийн оюутнууд юм уу, арван жилийн дунд сургуульд хамт сурч байсан юм уу би сайн мэдэхгүй.

-Цүнхэнд нь хэдий хэмжээний хар тамхи явсан юм бол?

-500 гр гэсэн байх аа.

-Брэндийн бараа зөөж өгөхийг хүссэн хүн нь ямар хүн юм бэ. Монгол хүн үү?

-Үгүй, хятад хүн гэсэн.

-Бараа зөөснийх нь хөлсөнд хэдэн төгрөг өгсөн юм бол?

-Тэрийг нь сайн мэдэхгүй. Нэлээн өндөр тоо сонсогдож байсан.

-2000 орчим ам.доллар брэндийн хувцас гаргаж өгсний хөлсөнд өгсөн гэж сонсож байсан. Ийм их мөнгө өгч байхад ядаж сэжиглээгүй юм байх даа?

-Тэд чинь жаахан хүүхдүүд байна лээ шүү дээ. Яаж хар тамхи гэж санаанд нь буух вэ дээ. Гэндчихсэн л байх.

-Хэд орчим насных юм бэ?

-Төрийн нарийн бичгийн даргын хүү шинэхэн оюутан болсон юм билээ. Дөнгөж 19 настай хүүхдүүд юу мэдэх вэ дээ. Болгоомжгүйгээсээ гэндчихсэн байсан.

-Харин тийм, Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланд хүмүүс ам сайтай байдаг юм билээ. Их даруу дөлгөөн, журамтай байрын хүн харагддаг?

-Жаахан хүүхэд гэндчихгүй юу даа. Г.Баясгалан чинь боловсролтой, хүлээцтэй хүн. Гэр бүл нь ч тайван. Тэдний хүхдүүд ийм зүйл хийж явах хүмүүс биш.

-Тэднийх хэдэн хүүхэдтэй юм бэ?

-Хоёр хүүтэй, эхнэрийг нь Амаржаргал гэдэг байх. Хүүхдүүдийнх нь талаар янз бүрийн зүйл бичээд яах вэ. Санамсаргүй л ийм хэрэг явдал болсон байх.

-Та нэлээн сайн гэр бүлийнхнийг нь мэдэх юмаа даа?

-Би ч прокурорын байгууллагад ажиллах үеэс нь зүс таньдаг болсон, намайг тийм ч сайн мэдэхгүй байх. Тэгээд ч санамсаргүй ийм хэрэгт хүүхэд нь холбогдохоор ямар юмных нь сайн байх вэ дээ. Хэнд ч л хэцүү шүү дээ.

-Өмнө нь БНХАУ-д хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан иргэдийн талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамныхан мэдээлдэг атлаа энэ удаагийнхыг нууцалсан болохоор бид ямар учиртай юм бол гэж хайгаад сураг тавьсан юм. Бид Төрийн нарийн бичгийн даргын хүүхэд гэдгээр нь хөөсөнгүй л дээ. Одоо тэднийг хаана хорьж байгаа юм бэ?

-Бээжин дэх цагдан хорих төвд хоригдож байгаа.

БНХАУ-д хар тамхины хэргээр, баригдсан дээрх залуус хэн болохыг сонирхоход бидэнд ийм мэдээлэл олдсон юм. Тэдгээр залуусыг ялтан солилцох гэрээний дагуу авчрахаар төр засгийн хэмжээнд яригдаж байгаа гэнэ. БНХАУ-тай Ялтан солилцох гэрээг манай тал саяхан баталсан байна. Харин Хятадын тал удахгүй батлах гэнэ. Гэрээг баталсны дараа хоёр тал батламж жуух бичиг солилцох аж.

Одоогоор Хятадад манай улсын 20 орчим иргэн ял эдэлж байгаа гэнэ. Хятадын тал гэрээг хүчин төгөлдөр болохоос өмнө хоёр улс яриа хэлэлцээр хийж, ял эдэлж байсан иргэдийг ирүүлсэн тохиолдол гарч байжээ. Мөн БНХАУ-д хар тамхины хэргээр ял эдлэж байгаа эгч дүүс болох Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нарыг он гаргаад авчрахаар болжээ. Ялтан солилцох гэрээ баталсны дараа тус улсад ял эдэлж байгаа иргэдийг олноор нь авчирах боломжтой болох гэнэ.

Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү болох С дээрх хэрэгт холбогдоод тус улсад хоёр сар гаруй хоригдоод байгаа аж. Г.Баясгалан нь Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, аймгийн прокурорын газраас ажлын гараагаа эхэлж байжээ. Улмаар Улсын ерөнхий прокурорын газарт прокурор, Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2005 онд Н.Багабанди Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх, 2005 оноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зохицуулагч хийж байв. Харин 2006 оноос Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй юм.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих