Л.Тулгабаатар: СХД-ийн хэмжээнд хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил 67.6 хувьтай явж байна
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Тулгабаатараас хориглосон бүсээс зөвшөөрсөн бүс рүү мал нүүлгэн шилжүүлэх болон түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой асуудлаар тодруулга авлаа.
-Мал бүхий иргэдийг суурьшлын бүсээс гаргаж байгаа. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 72,072 мал тоологдсон. Хориглосон бүсээс зөвшөөрөгдсөн бүс рүү мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил ид үргэлжилж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 сарын 8-ны өдрийн 119 дүгээр тогтоол гарч, хориглосон бүсээс зөвшөөрөгдсөн бүс рүү мал нүүлгэн шилжүүлэх тухай “Монгол мал” дэд хөтөлбөрийг баталсан.
Түүний дараа 2015 онд 85 дугаар тогтоол гарч, журам баталсан байдаг. 2017 онд Нийслэлийн Засаг даргын 592 дугаар захирамж гарч үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нүүлгэн шилжүүлэх ажил 67.6 хувьтай явж байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд мал байлгахыг хориглосон бүсэд 13 хорооны 5006 мал байна. Үүнээс одоогийн байдлаар 11 хорооноос малыг нь бүрэн нүүлгэн шилжүүлээд байна.
-Нийслэлийн төвийн 6 дүүргийн мал бүхий иргэдийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн тодорхой хэсэгт мал бүхий иргэдийг суурьшуулах ажлыг хийж байгаа. Шинээр суурьшлын бүс болгож буй газрын дэд бүтэц, ус, цахилгааны асуудлыг нь хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төвийн зургаан дүүргийн мал бүхий иргэдийг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зөвшөөрөгдсөн бүс рүү шилжүүлж байгаа. Тодруулбал Баянзүрх дүүргийн 20-р хороо Арцатын ам, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Нарийны ам, 335-ын гарам буюу Ногоон толгой гэсэн хэсгүүдэд шинээр суурьшлын бүс үүсгэж, мал бүхий иргэдийг байршуулж байна.
Нийслэлийн зүгээс энэ бүсэд худаг болон тог цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Тиймээс малчид маань тэнд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломжтой.
-Эрчимжсэн мал аж ахуй гэснээс дүүрэгт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, айл өрх хэр их байдаг вэ?
-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд сүүний чиглэлийн 7 фермер эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Зөвшөөрөгдсөн бүсэд нүүж очсон айлууд дунд сүүний чиглэлийн үнээ болон энгийн үхэртэй айл аль аль нь бий. Тухайн бүс нутагт дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн учраас сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд сүү төвлөрүүлэх хөргөлттэй цэгүүдийг байрлуулаад өдөр бүр тэндээс сүүгээ татдаг зохион байгуулалтад орчихсон байгаа.
-Сонгинохайрхан дүүргийн тухайд мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил дуусах шатандаа яваа юм байна. Нүүгээгүй үлдсэн айлуудыг албадан нүүлгэх үү ямар нэг хуулийн хариуцлага хүлээлгэх үү?
-Дээр дурдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн 2017 онд 2018 оны 5 дугаар сарын 1-ний дотор хориглосон бүсээс зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Заасан хугацаанд хориглосон бүсээс гараагүй малчдыг 5 дугаар сарын 25-наас эхлэн албадан нүүлгэх арга хэмжээ авч эхэлсэн. Мөн зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ярьж байгаа.
Түүнчлэн 6 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуульд ч гэсэн хариуцлага тооцох тухай заалтууд бий.
-Мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлаас гадна түргэн үйлчилгээний цэгүүдийг бас албадан нүүлгэх ажил явж байгаа. Энэ талаар?
-Түргэн үйлчилгээний цэгүүдтэй холбоотой асуудлууд зөвхөн Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гарч байгаа юм биш. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд бүгдэд нь байгаа зүйл. Нэг талаараа иргэдийн ажил амьжиргаагаа залгуулах хэрэгсэл хэдий ч нөгөө талаараа хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө их үзүүлдэг. Захирагчийн ажлын албанаас жишиг гудамж бий болгохоор тодорхой 13 бүсэд түргэн үйлчилгээний цэг болон бусад ил задгай худалдаа эрхлэхийг хориглосон шийд гаргасан.
Сонгинохайрхан дүүргийн хувьд Энхтайваны өргөн чөлөө буюу Саппорогоос 5 шар хүртэлх төв зам дагуу түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байгаа.
-Нийслэлээс түргэн үйлчилгээний цэг эрхлэх тухай тусгай журам гаргах талаар яриад байгаа. Энэ үйлчилгээг эрхэлдэг иргэд уг журмыг хүлээгээд байгаа. Энэ журам хэзээ гарах вэ?
-Энэ журмыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталдаг ёстой. Уг нь түрүү жил түргэн үйлчилгээний цэг эрхлэх тухай журам гарсан хэдий ч аль нэг талын эрх ашгийг барьсан журам байна гээд Хууль зүйн яам бүртгээгүй. Тиймээс түргэн үйлчилгээний цэг эрхлэгчийн холбоо болоод төр засгийн байгууллагууд саналаа нэгтгээд түргэн үйлчилгээний цэг эрхлэх тухай тусдаа журам биш худалдаа үйлчилгээг зохицуулах нийтлэг журамдаа энэ тухай оруулж өгсөн. Тэгэхээр энэ журам удахгүй батлагдах байх.
-Хориглосон бүсээс нүүлгэн шилжүүлсэн түргэн үйлчилгээний цэгүүдийг хааш нь шилжүүлэх вэ. Дүүргээс тодорхой зөвшөөрсөн бүсчлэл гаргах уу?
-Түргэн үйлчилгээний цэг болон ил задгай худалдаа эрхлэхийг хориглосон 13 бүсээс өөр тийш нь нүүлгэж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг дүүрэг худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөрөө ярилцаж байгаад тодорхой байршлуудыг гаргах тухай санал солилцож байгаа.
-Журам батлагдсаны дараа хийгдэх үү. Эсвэл одоо энэ арга хэмжээг аваад эхэлчихсэн байгаа юу?
-Тийм. Журам батлагдсаны дараа хийгдэнэ.
URL: