Б.Гангаамаа ахин К2 ууланд авиралт хийнэ
Монгол Упсын Гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа К2 буюу Үхлийн ууланд авирах авиралтаа эхлүүлэхээр маргааш Пакистан улсыг зорих гэж байна.
Биеийн тамир, спортын газрын удирдлагууд түүний авиралтад амжилт хүсээд Монгол улсын төрийн далбааг өнөөдөр гардууллаа. Б.Гангаамаа К2 ууланд 2013 оны наймдугаар сард гарахыг зорьсон ч цасан нуранги болж буцсан билээ. Тухайн үед 67 уулчин анх авиралтыг эхлүүлсэн ч долоо нь оргилд гарч 22 уулчин амиа алдаж байжээ.
Тэрээр хэдэн сарын өмнөөс энэхүү авиралтад бэлтгэж эхэлсэн. Учир нь, К2 ууланд авирах хамгийн тохиромжтой хугацаа нь зургаадугаар сар байдаг аж. Тиймээс хувийн бэлтгэлээ хангаж дуусаад тохиромжтой цагт авиралтаа эхлүүлэхээр ийнхүү Пакистан улсыг зорьж байна. Тэрээр энэ сарын 16-нд авиралтаа эхлүүлж наймдугаар сарын 16-нд буюу хоёр сарын дараа эх орондоо ирэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Пакистаны нутаг дэвсгэр, Каракорум нуруунд орших К2 оргилыг уулчид “Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог.
К2 уулын авиралт дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт бичигддэг бөгөөд энэ уул дэлхийн уулчдын авирахыг хүсдэг уулын нэг боловч хамгийн их эрсдэлтэй гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон байдаг. Б.Гангаамаа дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны монгол эмэгтэй уулчин болсон түүхийг 2011 онд бичиж байсан.
Тэгвэл тэр цагаас хойш уулчин бүрийн хүсдэг “Seven summit”-ыг эзлэх мөрөөдөлдөө зүтгэсээр 2016 онд гүйцээж чадсан. Түүний энэхүү амжилт монгол хүн “Seven summit”-г гүйцээсэн анхны тохиолдол болж, түүхийн хуудсанд Монголын нэрийг гаргасан юм. Б.Гангаамаа “Seven summit”: 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/ 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/ 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/ 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/ 2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/ 2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/ 2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массивд /4897 метр/ хөл тавьж, Монголынхоо далбааг мандуулсан түүхэн амжилтын эзэн болсон билээ.
М.Март
URL: