Дорнод, Баян-Өлгий аймагт сураггүй алга болсон хүүхдүүдийг хайж байна
Дорнод болон Баян-Өлгий аймагт хоёр настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд сураггүй болсон талаар өнгөрсөн даваа гаригт манай сайт анхлан мэдээлсэн. Гэвч охин алга болоод 6, хүү алга болоод 8 хонож байхад хоёр хүүхдийн сураг одоог хүртэл гараагүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
Хоёр настай охины хувьд 2018 оны зургадугаар сарын 08-ны өдөр 13:00 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын, хоёрдугаар баг Ар хоолой, Баян-Уул цайдмын нуурын хойд талд /сумын төвөөс зүүн зүгт 22 орчим км/ оршин суугч малчин Х-ийн охин 2 настай У ээж, эгчтэйгээ хонио эргүүлж байгаад сураггүй болсон тухай мэдээг Сэргэлэн сумаас тухайн өдрийн 20:36 цагт Бүсийн төв Онцгой байдлын газарт утсаар мэдэгдсэн байна. Тухайн үед ээж нь нөхрийгөө харуулдахаар уулын орой руу гарахад том охин нь дүүгээ орхиод араас нь гарсан байжээ. Бага дүү нь уйлаад хониныхоо захад үлдсэн гэж эгч нь ээждээ хэлсэн байна. Ингээд ээж охин хоёрыг уулнаас бууж ирэхэд охин нь алга болсон байсан гэх мэдээлэл байна.
Харин энэ сарын 06-нд алга болоод найм хонож байгаа Баян-Өлгийд алга болсон хоёр настай хүү Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” гэдэг газар амьдардаг байсан аж. Энэ газар нь сумын төвөөс бүр 70 орчим км алслагдсан, хөдөө хээр газар. Тухайн үед хүү хоёр ахтайгаа усанд явахаар мотоциклтой хөдөлжээ. Гэвч гэрээсээ 800 орчим метр зайтай газар очоод бензин нь дууссан тул том ах нь бензин авахаар явсан бөгөөд таван настай дүүгээ үхрээ хараад ир гэж явуулсан бол бага дүүгээ мотоциклийнхоо хажууд үлдээсэн гэх мэдээлэл байна. Гэвч бензинээ аваад ирэхэд нь хүү алга болсон байжээ. Хүүг эрэн хайх ажиллагаа сураггүй болсон газраас 16 км тойрогт хийгдэж буй боловч ямар ч ул мөр гараагүй байна.
URL: